Хүнсний салбарын эрх зүйн орчин маш дутагдалтай
“Хүнс комплекс” ХХК-ийн захирал Д.Оюунтуяа
2013.07.25

Хүнсний салбарын эрх зүйн орчин маш дутагдалтай

Хүнсний салбарт тулгамдаж буй асуудал сэдвийн дор Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга “Хүнс комплекс” ХХК-ийн захирал Д.Оюунтуяатай ярилцлаа.

“Хүнс комплекс” ХХК-ийн хувьд 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. 60 гаруй төрлийн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.

-Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ямар асуудал тулгамдаж байна бэ?

Энэ салбарын хууль  эрх зүйн орчин маш дутагдалтай өөрчлөлт хэрэгтэй гэж боддог. Эхнээс нь дурьдвал хамгийн эхэнд хуульд 1 тэр бум 500 сая төгрөгөөс дээш борлуулалт хийх юм бол жижиг дунд үйлдвэрлэлд тооцохгүй гэсэн заалт бий.

Гэтэл өнөөдөр мөнгөний ханш өссөөр зах зээл дээр нэг кг махны үнэ өсч, өдөрт 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тэр хэмжээний зардал зарцуулж байна. Монголд 200 кг-аас доош бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэгч гэж байхгүй шүү дээ. Бүгд л тэрнээс дээш байгаа бас дээш болгох гэж зорьж байна. Мөнгө дүнгээр авч үзэхэд жижиг дунд үйлдвэрлэлд багтах аж ахуй нэгж цөөхөн байна.

Мөн бизнес эрхлэхэд тулгардаг нэг асуудал бол НӨАТ.  Ямар нэгэн аж ахуй эрхэлж байгаа байгууллага сардаа 10 сая төгрөгөөс бага орлоготой байна гэж бараг байхгүй. Тэгэхээр хууль эрх зүйн татварын орчин, нөхцөл өөрчлөгдөх шаардлагатай л болоод байна.

“Хүнс комплекс” ХХК

Хүнсний салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд НӨАТ-ын татвараа бүгд ижил төлдөг байгаасай гэж хүсдэг. Бид татвараа төлөөд ажиллах хүсэлтэй байдаг. Гэтэл зарим компаниуд татвараас чөлөөлөгдсөн, 10 сая төгрөгөөс доош борлуулалт хийдэг гээд татвар төлдөггүй зэрэг нөхцөл үүсдэг нь нууц эдийн засгийг бий болгож байна.  Бизнес эрхлэгчид худалдан авалт хийснээр буцаан авалтын НӨАТ-аа авчихдаг бол татвараа төлөхөд хялбар болно.

Гэтэл хасагдах татвар байхгүй шууд НӨАТ-ын дарамт нь үйлдвэрлэгчдэд ирдэг нь хүндрэлтэй. Хүнсний салбар уул уурхай салбар шиг их хэмжээний орлого олдоггүй. Ангилж ялгах хэрэгтэй бол салбараар нь ялгаж болно шүү дээ. Гэхдээ бүх аж ахуй нэгж ижилхэн НӨАТ-тай байх хэрэгтэй. Хөдөө аж ахуй, газар тариалан дээр суурилсан салбарыг бүгдийг нь жигд гурван хувь болгох  боломжтой санагддаг.

Цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болж дэлгүүрт худалдаалахад гурван хувь нэмэхэд л хэрэглэгчдэд долоон хувиар үнэ буурна. Миний тооцож үзсэнээр 1 тэрбум 500 сая-ын бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуй нэгж 100 хувь НӨАТ төлдөг гэхэд л 150 сая төгрөг төлөх болно энэ бол амаргүй. Харин түүхий эдээсээ НӨАТ-ын буцаалт хийдэг болчихвол 34 сая төгрөгийг жилдээ төлнө. Ингээд зохицуулалт хийчихвэл нууц эдийн засаг, НӨАТ-өөс зугтах асуудал гарахгүй гэж бодож байна.

Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Уг түүхий эд авсан нь л үнэн юм чинь НӨАТ-ыг хасдаг болчих юм бол нууж хаагаад байх шаардлага байхгүй. Шударгаар бизнесээ өргөжүүлэх сонирхол  их байна шүү дээ. Гэтэл одоогийн нөхцөлд НӨАТ нь үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд дарамт болж, цаашид үйл ажиллагаагаа тогтоох уу, үгүй дээр л тулж ирээд байна. Үүнийг нэн яаралтай шийдүүлмээр байгаа.

НӨАТ-тэй холбоотой бас нэг асуудал нь дундын суутгалын 10 хувь. Үйлдвэрийн аргаар нядлагдсан дайвар бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгддөг. Гэтэл НӨАТ-гүй түүхий эд худалдан аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд НӨАТ төлөх болчихдог зарчим их төвөгтэй.  Дундын суутгалын 10 хувийг аж ахуй нэгжүүдээр дамжуулан авдаг систем маш дарамттай.

Мах худалдаалж байгаа компани, хувь хүний өмнөөс бид татвар төлдөг системтэй. Сая төгрөгөөр мах авна гэж тохироод 10 хувийг нь НӨАТ гээд суутгаад үлдэхэд надад ямар ч хүн махаа зарахгүй. Яг зүйл ангиар хүн амын орлогын албан татварын хуулиас энэ тухай олж уншихгүй ч орлого олсон бол 10 хувийг суутгана гэж байгаа учир үйлдвэрлэгчдээс дамжуулж авдаг.

Уг нь үйлдвэрлэгч нар мэдээлэл өгч татварын байгууллага өөрсдөө орлогоо авдаг ажлаа хиймээр байгаа юм. Бас 10 хувь гэдэг чинь их өндөр тоо шүү.  

Хүнсний салбарт бизнес эрхлэх нэг тулгамдаж байгаа асуудал бол ажиллах хүч байдаг. Уг нь  Монголоор дүүрэн ажилгүй иргэд байна гэдэг ч ажил хийх сонирхолтой хүн ховор болж. Өндөр цалин нэхсэн чадваргүй ажилчид дүүрэн. Тэдгээр ажилчдыг тогтоон барихын тулд унаа хоолны мөнгийг цалин дээр нэмэлтээр тооцох гэх мэт олон аргийг бизнес эрхлэгчид ашигладаг.

Гэтэл нийгмийн даатгалаас нэмэлт унаа хоолны мөнгөнд татвар авдаг нь үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй тусдаг. Мөн нэг өдөр ажилласан байсан ч нийгмийн даатгал төл гэдэг шаардлага тулгардаг. Миний бодлоор хоол унааны мөнгийг нийгмийн даатгалд хамруулаад байх шаардлагагүй.

Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт хэрэгтэй. Ажилчдын цалин нэмэгдэх тусам гар дээр нь бага мөнгө очиж байна. Хүн амын орлогын албан татвараас авдаг мөнгийг нэг хувь болгох хэрэгтэй гэсэн санал байна. Яг үнэндээ цалингаасаа суутгуулж байгаа мөнгөний өгөөжийг иргэд хүртэж чадахгүй байгаа. Энэ нь цаашлаад эрүүл мэнд, нийгмийн даатгалыг шударга бус багаар бичүүлэх аргад түлхээд байна.

-Үйлдвэрийн аргаар мах нядлахад асуудал юу байна бэ?

Манай компани 10 хувиа л үйлдвэрийн аргаар нядалж байгаа. Үйлдвэрийн аргаар нядалж байгаа газрууд маш бага хувийг дотооддоо нийлүүлдэг. Ихэнх нь экспорт хийх зорилгоор ажилладаг. Дотоодын зах зээлд үйлдвэрийн аргаар нядлагдсан мах зарагдаж байсан нь маш бага. Эдгээр үйлдвэрүүд уг нь татвараас чөлөөлөгддөг. Үүнийг ашиглан буруу аргаар ашиглаж байгаа асуудал гарч байна.

Зах зээлээс өөрсдөө нядлаагүй мах худалдан авч өөрсдөө нядалсан мэт ажиллан бидэнд зарахдаа НӨАТ-аас чөлөөлөгдөөд байна. Мал үнэтэй болсон үед нядалгааны үйлдвэр ажиллана гэдэг хэцүү. Нядалгааны үйлдвэрүүд хөдөө орон нутгаас хээрийн бойгоор хийгдсэн малыг аваад зардлаа нөхөөд зах зээл дээр зарна гэдэг хэцүү.

Үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаа нь хуулийн буруу үйлдэл хүнсний салбарыг унагах бодлого болоод байна.

Мөн малчдыг ноос, ноолуур, сүүний мөнгөөр тэтгэж байгаа нь буруу бодлого. Ноос ноолуураар тэтгүүлж байгаа малчид малаа нядлах сонирхол бага. Хомсдол үүсгэж үнэд оруулах боломжийг бүрдүүлээд байна. Түүхий эдээ авч чадахгүй бол мал нядалгааны үйлдвэр яаж ажиллах бэ дээ. Манай улсын махны үнэ дэлхийн зах зээлээс өндөр боллоо.

Манай салбарын хувьд ч дотоодын зах зээлээс өндөр үнэтэй мах аваад үйлдвэрлэл явуулна гэдэг хүндрэлтэй. Тиймээс хаанаас хямд мах импортоор оруулж ирэх боломж байгаа хайж эхэллээ. Дотоодын зах зээл дээр гахайн мах үнэтэй байхад импортоор хямд мах оруулж ирсэн нь ашигтай тусна. 

-Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийгдэж байна?

Сүүлийн үеийн технологийн шинэчлэл хийх маш их шаардлагатай салбар. Сүүлийн үед ихэнх үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэлд орж байгаа 1 тэрбум 500 сая төгрөгөөс доош борлуулалт хийдэг аж ахуй нэгжүүд  импортоор оруулж ирэх гааль НӨАТ-ын татвараас чөлөөлөгддөг.

Манай салбарын тоног төхөөрөмжүүд их үнэтэй дээрх заагдсан төгрөгөөс үнэтэй болоод ирэхээр тоног төхөөрөмж оруулж ирэхэд өндөр татвар төлдөг болохоор хэцүү байгаа.

-Төрөөс таван нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангана гэсэн зорилт тавьсан үүнд мах орж байгаа. Махны үнийг бууруулах, махаар дотоодын хэрэгцээг хангах боломж байна уу?

Өнөөдөр манай улс малын тоогоор дээгүүрт бичигдэж байна үүнээс харахад үнэ буурах бүрэн боломжтой. Гэхдээ эхлээд малын тоогоо зөв гаргах хэрэгтэй. Малчид банкны зээлд хамрагдах зорилгоор малын тоогоо худлаа өгдөг юмуу гэсэн хардалт байна. тийм их мал харахгүй л байна уг нь их байсан бол үнэ өсөхгүй л байсан байх.

Яагаад мах өнөөдөр үнэтэй байгаад хомсдол үүсээд байгааг би төрийн буруутай үйл ажиллагаатай холбож байна. Өнгөрсөн жил зах зээлд хямд үнээр зарагдаж байсан махыг улс нөөц бүрдүүлнэ гэсэн шалтгаанаар нөөцийн махны үнэ тогтоосон нь махны үнийг өсгөсөн.

Уг нь зах зээлийн хуулиар явахаар сул тавьчих юм бол үнэ хөөрөгдөөд байхгүй байх.  Төр оролцох тусам тогтворжихгүй. Зах зээлийн хуулиар л явах ёстой.

-Малын эрүүл ахуй шаардлага хангах тал дээр олон асуудал гардаг. Малын гаралтай өвчлөл нэмэгдэж байна. Малын эрүүл ахуйн, махны шинжилгээний,  эмчийн баталгаатай бичигтэй ирж байна уу?

Энэ их л төвөгтэй хүндрэлтэй. Малчдаас тэр бүр авч чаддаггүй. Малчны хотноос авч байгаа үед бичиг ирдэг. Гэтэл хүчит шонхор захаас дамжуулан худалдан авалт хийхэд бүх эмнэлгийн бичгийг хураан авдаг. Өнөөдөр яригдаж байгаа бүх малыг ээмэгжүүлэх аяны зорилго эцсийн бүтээгдэхүүн болон баар кодоор уншуулахад аль аймаг сумын иргэний мал болох нь гарч ирдэг байх ёстой.

Гэтэл үүнийг бүрэн хэмжээнд хийнэ гэхэд учир дутагдалтай байна. Бид хүчит шонхор захас авч байгаа махаа аль аймаг, сумынх, хэний мал гэдгийг мэдэх боломжгүй. Уул нь гарал үүслийг нь мэдэж махаа авмаар байна гэдэг санал тавьдаг ч хүчит шонхор зах хураан авдаг зөрүүлээд нэг бичиг өгдөг ч түүнд гарал үүслийг нь бичдэггүй.

Зүгээр мөнгө хураах зорилготой бичиг хураасан улс байдаг. Гэтэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бид нарт ямар гарал үүсэлтэй мал ирж байгааг мэдэх хэрэгцээ их. Мэргэжлийн хүний үүднээс анхан шатны үзлэг, өөрсдийн лаборатораар шинжилж л өвчтэй үгүйг нь ялгаж байна шүү дээ.

-Хүнсний аюулгүй байдлын хууль хэрэгжээд эхэллээ. Үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хооронд дарамт хэр байна?

Уг нь шат дамжлага бүрт хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалт бий. Гэвч шууд үйлдвэрлэгчдэд ирдэг. Өнөөдөр гарал үүслийг нь мэдэхгүй махаа авч байгаа бид асуудал гарлаа гэхэд хэнтэй заргалдах вэ дээ. Дэлгүүрт хадгалалтын буруугаас асуудал гарсан ч компани хариуцлага хүлээдэг.

Мэдээж дэлгүүртэйгээ харилцаагаа алдахгүйн тулд буцаан авалт хийх болно. Хуульд үйлдвэрлэгчдийн хүлээх хариуцлага асар өндөр тогтоогдсон.  Ямар нэгэн асуудал бий болгоод хуулиараа өндөр торгууль төлснөөс бидэнтэй зохицож мөнгө өг гэдэг тохиолдол гардаг.

Тиймээс хүнсний аюулгүй байдлын тухай хуульд том жижиг гэлтгүй аж ахуй нэгжүүдэд тооцох хариуцлага дарамт болж байна. Мэргэжлийн хяналтынхан маргааныг шийдвэрлэх төвшний чадваргүй. Санаатай үйлдвэрлэгчдийн эрх ашигт нөлөөлбөл үйлдвэрлэгчээс илүү торгууль ноогдуулна гэдэг хариуцлага байх ёстой.

Тэгвэл санаатай үйлдэл  байхгүй болно. Мэдээж үйлдвэрлэгч буруу алдаа гаргасан бол хариуцлага хүлээх нь ойлгомжтой шүү дээ. Тэрийг нотлоод гаргах шаардлага төрд тавих хэрэгтэй.

-Энэ талаар санал зөвлөмжөө хүргүүлж байсан уу?

Хуульд ийм заалт орох мэдээлэл хэнд ч байгаагүй. Худалдааны тухай хуулийг хурдан гаргах хэрэгтэй байна. Худалдааны байгууллага хариуцлага үүрэх тогтолцоогүй учир үйлдвэрлэгчдэд хариуцлага нь буудаг. Худалдааны байгууллага асар өндөр хувь авдаг.

-Хуулиар худалдааны байгууллагын хувь хэмжээ хэд байна гэж заагдаагүй юу хэн хувийг тогтоодог юм бэ?

Өөр өөр шүү дээ. Компаниуд өөрсдөө л тогтоно. Асар өндөр 34 хувь тавьдаг компани ч байгаа. “Миний дэлгүүр” сүлжээ үйлдвэрлэгчдийн ашиг уруу орж үйл ажиллагааны зардлыг тооцохгүй бүтээгдэхүүний өртгөөр авна, бүтээгдэхүүнийхээ үнийг буруул гэсэн шаардлага тавьдаг. Компанийн дотоод асуудалд оролцох шаардлага байхгүй баймаар.

-Худалдааны байгууллагууд тээвэрлэлт, хадгалалтын горимыг стандартын дагуу барьж чадаж байна уу?

Буцаалт гэдэг хүнсний салбарыг бүрэн утгаар нь алдагдалд оруулж байгаа. Сүүлийн үед хиам, махан бүтээгдэхүүний хадгалалтын горимыг уртасгадаг шинэ технологи гарч ирсэн. Манайх хиамны бүрхэвч оруулж ирдэг импортлогч.

Хиамны хадгалалтын хугацаа тав хоног, зарим бүтээгдэхүүн бол 24-48 цагийн хадгалалтын хугацаатай ч бий. Бидний оруулж ирсэн хамгаалалтын бүрхэвч ОХУ-д 60 хоногоор байдаг. Манайд бол тав л хоног. Үүнийг уртасгах зорилгоор судалгаа хийж байна. Үйлдвэрийн ажиллаж байгаа орчноо судлах боломж давхар олдож байгаа. Жижиг том гэлтгүй бүтээгдэхүүний шинжилгээ хийн ажиллаж байна. 

-Мах махан бүтээгдэхүүний зах зээл хэр байна?

Манай зах зээл маш жижигхэн үнэхээр чанартай үйлдвэрлэж чадвал зах зээл байгаа. Нэг үеэ бодоход хэрэглэгчид чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ больсон. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн зах зээл тэлэгдэж байна. Хямд бүтээгдэхүүн зах руу шахагдаж цаашлаад орон нутаг руу шахагдаж байна.

Орон нутагт үйлдвэр байхгүй учир хэрэгцээг нь хангаад байгаа юм. Хотоос нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ хямд учир орон нутагт үйлдвэрлэл явагдах боломжгүй болоод байна. Хотоос махан бүтээгдэхүүнийг тэс хөлдөөж тээвэрлэдэг.

Ингэж тээвэрлэхэд болохгүй зүйл үгүй л дээ. Миний хувьд хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчдэд маш чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд гарга гэдэг зөвлөгөө өгдөг. Хямдхан хэрэглэдэг нь хэрэглэнэ л биз. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдийг бий болгох хэрэгтэй.

-Мах, түүхий эд үнэтэй байгаа энэ үед ямар аргийг баримталж байна бэ? Махны үнийг бууруулах чиглэлд таны санал?

Дотоодын зах зээл дээр түүхий эд үнэтэй үед гаднаас хямд түүхий эд импортлох арга бодож байна. Одоогоор хамгийн том зах зээл бол Хятад улс. Маш том экспортлогч орон шүү дээ. Одоогоор Польшоос гахайн мах оруулж ирдэг ч Хятадаас оруулдаг болбол замын зардал нь илүү хямд тусна.

Хятадын эрсдэлгүй бүсээс нь түүхий эд оруулж ирэхээр олон жил хөөцөлдөж байгаа ч зөвшөөрөл ирэхгүй байна. Хятад улсын хувьд өөрөө экспортлогч орон учир эрсдэлгүй бүсдээ аюулгүй байдлаа хангасан байж чадна. Төрөөс энэ олон компаниудад өрсөлдөх боломжийг нээж өгөх хэрэгтэй.

Одоогоор импортлох хүсэлтэй байгаа компанийн нэрээ өгчихсөн эрсдэлийн үнэлгээ хийлгэж байна.  Өвлийн цагт мах үнэтэй байхад зөвшөөрөлгүй Хятад, Солонгосоос мах орж ирсэн. Хямд учир үйлдвэрлэгч нар авсан. Өвчлөл гараагүй чанарын асуудал үүсээгүй. Гэхдээ албан ёсоор хяналт дор ороод ирвэл боломж байгаа. Хууль бусаар оруулж ирж байгаа бүхэн муу байдаггүй. Хэн ч эрсдэлтэй зүйл хийхийг хүсэхгүй шүү дээ.

Шалгалт ирдэг үнэхээр үнэнээ хэлдэг. Хямд учир авахгүй гээд яах вэ дээ торгуулиа төлөөд явж байна. Хууль эрх зүйн орчин сөрөг үр дагавар үүсгээд байна. Улс төрд бизнес эрхлэгчид байдаг учир бизнесээ хөгжүүлэхийн тулд бусад аж ахуй нэгжүүдэд хаалттай заалт хуульд оруулдаг юм байна гэсэн хар төрлөө. Бизнесийнхэн төрд орсон нь аюултай байгаа муу даа.