Сүүний үйлдвэрүүд 9.5 сая ам.долларын хуурай сүү импортолжээ
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэрийн дор малчид цөөн тоотой үнээний ферм байгуулсан нь төдийлөн ашгаа өгч чадахгүй байгаа тухай ярьж төрөөс дэмжлэг хүссэн.
Хариуд нь энэ жил “Чингис” бондоос мөнгө гаргаад 4000 толгой сайн үүлдрийн үхэр оруулж ирэх тухай яригдаж байна. Фермүүдийн сүүг бүрэн авч чадвал нийслэлийг цэвэр сүүгээр бүрэн хангах боломжтой гэж үздэг юм байна.
Монголын сүүний нэгдсэн холбооноос өнгөрсөн сард Төв талбайд цуглаан зохион байгуулж Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа нийслэлийг тойрсон үнээний фермийн нэгдсэн бүс байгуулах, гаднаас хуурай сүү импортоор оруулж ирдгийг зогсоохыг санал болгосон. Тэд фермийн болоод малчдын гар дээрх сүүг дотоодын үйлдвэрүүдэд зохих үнээр авч боловсруулах, сүү үйлдвэрлэгч малчдыг төрөөс дэмжихийг хүссэн билээ.
Манай сүү үйлдвэрлэгч таван компани 2013 оны эхний зургаан сард гадны дөрвөн улсаас нийтдээ 9,5 сая ам.долларын 2.652,7 мянган кг хуурай сүү импортолжээ. Үүнээс АПУ компани 1.98 ам.сая долларын 545.2 мянган кг, Витафит-Импэкс компани 3.3 сая ам.долларын 895,9 мянган кг, “Сүү” компани 2.4 сая долларын 607.9 мянган кг, “Тесо” компани 1,9 сая долларын 606.7 мянган кг хуурай сүү гаднаас импортолжээ.
Хуурай сүүний 95 хувийг Шинэ Зеландаас, үлдсэнийг нь Нидерланд, ОХУ, Хятадаас оруулж иржээ. Харин сүүний үйлдвэрүүдэд урд хөршөөс оруулж ирсэн хуурай сүүний нөөц их байгааг Сүүний холбооныхон холбогдох байгууллагаар шалгуулж сүүлийн хагас жилд гаднаас сүү оруулж ирэхийг зогсоох талаар саналынхаа хариуг Засгийн газраас шаарджээ.
Импортлогчдын гомдол шийдвэрлэгдэх үү
Тус хуульд хүнсний бүтээгдэхүүний импортыг зөвхөн хуулийн этгээд буюу аж ахуй нэгж импортолно гэж зааснаараа онцлог юм. Түүнчлэн үндэсний лавлагааны лабораторийг МХЕГ-ын дэргэд байгуулж, улсын хэмжээнд явагдаж буй хяналт шалгалтыг энд нэгтгэж, эрсдэлийн үнэлгээг нь нарийвчлан хийхээр болсон.
Мөн МХЕГ Гаалийн байгууллагатай хамтарч импортлогч компаниудад болон бүтээгдэхүүнд нь тавих стандартыг тогтоох зэрэг хүнсний аюулгүй байдлыг хамгаалсан заалтууд оржээ. Гэвч , хуулийн зарим заалт нь импортлогчдод хүндрэл учруулж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх, цаашлаад үнэ өсөх эрсдэлийг дагуулж байна гэж импортлогчид гомдоллож байна.
Тиймээс эдгээр асуудлуудаа нэгтгэж ҮХААЯ, МХЕГ болон Эрүүл мэндийн яамнаас хүнсний тухай хуулийг дагалдуулан гаргах дүрэм журамдаа тусгаж өгөх хүсэлтээ илэрхийлжээ.
Шинэ хуульд импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүнд заавал англи, монгол, орос хэлний нэгээр нь тайлбар хийх ёстой гэж тусгасан. Гэтэл Герман, Япон, Солонгос зэрэг улсаас бага хэмжээгээр бараа бүтээгдэхүүн импортолдог компаниудад хуульд заасан гурван хэлээр нь бичиж өгөхгүй. Бичүүллээ гэхэд зардал өндөр гарч, үнэ нэмэгддэг байна.
Тиймээс тухайн бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирээд борлуулахынхаа өмнө дотооддоо стикер хаяг нааж болно гэж журамд оруулах хэрэгтэй гэсэн шаардлагыг үйлдвэрлэгчид тавьж буй. Тухайлбал, Герман улсаас оруулж ирдэг Milisan хүүхдийн сүү болон чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэдэг чихэр, шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг.
Түүнчлэн Япон, Солонгос, Энэтхэг хоолны газруудад зориулж бага хэмжээгээр хоолны амтлагч, төрөл бүрийн нэмэлт түүхий эдийг нь оруулж ирдэг компаниуд ч хуулиа дагавал бараагаа оруулж ирж чадалгүй хаалгаа барихад хүрэх аж. Энэ асуудлыг шийдвэрлэх талдаа хэдэн сарын өмнөөс ярьж буй ч өнөөдрийг хүртэл үр дүн алга гэдгийг импортлогч компаниудын төлөөлөл ахин санууллаа.
Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхий менежер Д.Эрдэнэбат “Гадны үйлдвэрлэгч компаниуд бараа, бүтээгдэхүүнээ борлуулахыг л хүсч байгаа бол манай улсын шаардлагыг хүлээн авч англиар тайлбар хийхэд нэг их хөрөнгө мөнгө орохгүй. Тэгэхээр бараа, бүтээгдэхүүн авч буй үйлдвэрлэгчиддээ импортлогч нь санал тавьж, зохицуулах ёстой” гэсэн юм.