Б.Мөнхзул: Хүнсний хууль тогтоомжууд овжин хүмүүс үйлдвэрлэгчдийг дарамталж мөнгө олох орон зайг үүсгэсэн
"Жүр үр" ХХК-ийн Удирдлага, хүний нөөцийн газрын захирал Б.Мөнхзултай ярилцлаа.
- Хүнсний салбарт хэрэгжиж буй хууль тогтоомжууд энэ салбарын бүх харилцааг зохицуулж чадаж байна уу?
Ноднин батлагдсан Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль нь бүх ачааг үйлдвэрлэгчдийн нуруун дээр авчирсан хэтэрхий өрөөсгөл хууль болсон. Хэдийгээр хуульд хүнсний аюулгүй байдлыг үйлдвэрлэл, борлуулалтын үе шат тус бүрт холбогдох иргэн, хуулийн этгээд хариуцахаар заасан ч бодит байдал дээр бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулагчид ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Түүнчлэн хэрэглэгчдийн тодорхой хэсэг нь бараа бүтээгдэхүүн, түүний хэрэглээний талаар мэдлэг сул байгаа нь хүндрэл учруулах тохиолдол байдаг. Тэгэхээр энэхүү хуулийн хэрэгжилт өрөөсгөл нэг талыг хэт барьсан шинжтэй явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна борлуулалт, хэрэглэгчийн шатанд үйлдвэрлэгч хариуцлага хүлээх боломжгүй шүү дээ.
Импортын гол нэрийн бараа
Түүнээс гадна хуулиас гадуур орхигдсон нэг асуудал бий. Бялууны салбарын хувьд баярын үед ачаалалтай ажилладаг ч хэрэглэгчдийн эрэлтийг бүрэн хангаж чаддаггүй. Үүнийг ашиглаж богино хугацаанд хаана, ямар стандартаар хийсэн нь тодорхойгүй, нэр хүндтэй брендийг дуурайлгасан, баталгаагүй бүтээгдэхүүн борлуулдаг гэр маягийн бизнес эрхэлдэг хүмүүс бий болчихсон. Мэдээллийн сүлжээгээр дамжуулан ямар түүхий эдээр ямар орчинд хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн захиалах, худалдан авах хандлага гарч байгаа нь хэрэглэгчдийн маань хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт дутмаг байгааг харуулж байна. Гэтэл тэр хүмүүсийг хайж олох, хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байхгүй. Хяналтын байгууллагын хүртээмжээс шалтгаалан олонд танигдсан хэдхэн томоохон үйлдвэрлэгчдэд гол хяналтаа чиглүүлэн ажилладаг.
Бид гадны бренд бүтээгдэхүүнийг шүтэж, үлгэр жишээ авах дуртай. Гэвч тэр бренд тухайн орны үндэсний үйлдвэрлэлийн үр шим байдаг. Гэтэл манайд үндэснийхээ хэдэн үйлдвэрлэгчдийг дэмжиж, хөгжүүлэх бодлого үйл ажиллагаа байдаггүй нь харамсалтай. Ялангуяа хүнсний үйлдвэрлэл, хангалт, аюулгүй байдлын асуудал Монгол Улсын стратегийн гол бодлогуудын нэг байх ёстой бөгөөд үндэснийхээ хүнсний үйлдвэрүүдийг чадавхижуулахад онцгой анхаарал тавих шаардлагатай.
- Тэгвэл хэрэглэгчдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатай юу?
Шинээр батлагдсан хууль маань овжин хэрэглэгчдийн бохир аргаар мөнгө олох орон зайг үүсгэсэн. Ялангуяа интернет орчинг ашиглаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, бүтээгдэхүүний нэр хүндийг унагаах тохиолдол хүнсний салбарт их гарах болсон бөгөөд судалгаа хийж үзэхэд ихэвчилэн хэрэглэгчдийн буруу ойлголт, анзаараггүй байдлаас болон ашиг сонирхлын сэдэлтэй байдаг нь тогтоогдсон. Монгол Улсын Иргэний хуулинд тухайн иргэн, хуулийн этгээдийн гэмт буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай мэтээр мэдээлэхийг хориглосон, үндэслэлгүй мэдээлэл цацсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Хамгийн харамсалтай нь манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч мэдээллийн эх сурвалжийг тодруулалгүйгээр хяналтгүй, нотолгоогүй мэдээлэл цацах явдал байдаг. Баталгаагүй, бодит бус мэдээлэл цацсан тохиолдолд буруутай этгээд зохих хариуцлага хүлээдэг, брэндүүдийг хамгаалалдаг эрх зүйн орчин шаардлагатай гэж бодож байна.
Төрийн зүгээс хэрэглэгчдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах цаг хэдийн болжээ. Үйлдвэрлэгчид энэ ажлыг дангаар хийхээр хэрэглэгчид өөрсдийгөө сурталчилж байна гэж хүлээн авдаг тул төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах шаардлагатай гэж боддог.
Угтаа буруу мэдээлэл цацсан хэрэглэгчид торгууль ногдуулдаг байх ёстой.
- Түүхий эдээ авахад ямар хүндрэлүүд гардаг вэ?
Түүхий эд импортлохын тулд урьдчилж дээж авчирч шалгуулсны дараа импортлох зөвшөөрөл авдаг. Дараа нь хилийн мэргэжлийн хяналтаар орж дахин дээж өгнө. Олон янзын бичиг баримт бүрдүүлж байж хил давдаг. Орж ирсэн хойноо Улсын мэргэжлийн хяналтын газраар дахин шалгуулж, гурав дахь удаагаа дээж өгнө. Гэтэл энэ хоёр байгууллагын тавих шаардлага нь ялгаатай. Нэг улс байж яагаад адилхан үйл ажиллагаатай хоёр байгууллага өөр өөр шаардлага тавьдгийг ойлгодоггүй.
- Бялууны салбарын бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын талаар ярихгүй юу?
Манай компани ISO9001 стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох, үйлдвэрлэл борлуулалтын бүх үе шатанд нарийн чанд хяналтын дор үйл ажиллагаагаа явуулдаг тул хүнсний аюулгүй бадлыг бүрэн хангаж ажилладаг. Дотоод хяналтын лабораториор чанарын баталгаажилтаа хийж нийт ажиллагсдын 10 гаруй хувь нь хяналтын үүрэг хүлээж хэрэгжүүлдэг. Үйлдвэрлэл явуулах орчин нөхцлийг стандартын дагуу бүрдүүлсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхээр ажиллаж байна. Манай борлуулагчид өдөр бүр дэлгүүрүүдээр орж борлуулалтаа хийн чанарын хяналт явуулдаг. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг шууд устгалд оруулж аюулгүй байдлыг нь хангадаг.
Чанартай түүхий эд, стандартад нийцсэн үйлдвэрлэлийн орчин, хяналтын систем, мэргэжлийн ур чадвартай ажиллагсад, шалгарсан технологи цогцоороо бүрэлдсэнээр чанартай, баталгаат бүтээгдэхүүн төрдөг. Тиймээс ч чанартай бүтээгдэхүүн хямд үнэтэй байх боломжгүй. Хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүн болгон чанартай биш гэдгийг манай хэрэглэгчид ойлгох нь зүйтэй болов уу. Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үнийг нь бус чанар, найдвар баталгааг нь илүүтэй харгалзан үзэх нь ухаалаг хэрэг гэж боддог.