Оюутны байрыг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэгдлээ
Оюутны дотуур байр
2013.08.16

Оюутны байрыг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэгдлээ

БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, 1000 оюутны байрыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нар оюутны Б хотхон буюу Санхүү эдийн дээд сургуулийн замын урд талын 500, МУБИС-ийн хоёрдугаар дотуур байр болон Анагаах ухааны сургуулийн нэгдүгээр байрны дунд байрлах 500 оюутны байруудын барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан тус барилгуудыг барьж буй “Хөхий хаан”, “Хөвсгөл геологи” компаниудын удирдлагуудад хандаж, 1000 оюутны байрыг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Тэрбээр “2013-2014 оны хичээлийн жил эхлэхэд 15 хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс ирэх 9-р сар гэхэд 1000 оюутны байрны завсарын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөх хэрэгтэй байна.

Оюутны дотуур байр

Барилгын компани та бүхэнд төсөвлөсөн 2,8 тэрбум төгрөгийг удахгүй хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэн, шуурхай гаргаж өгөх болно. Тэр болтол өөрсдийн хөрөнгө мөнгөөр энэхүү оюутны байрыг ашиглалтад оруулах хэрэгтэй” хэмээн хэллээ.

1000 оюутны байрны ажлын явц одоогийн байдлаар 95 хувьтай байгаа талаар тус компанийн ажилчид онцолж байв. Тэдний хэлж буйгаар 1000 оюутны байрны гадаад тохижилт, дотоод цэвэрлэгээ хийх дутуу байгаа. Энэ бол 7 хоногийн ажил” гэсэн юм.

Харин МОХ-ын Ерөнхийлөгч Х.Батсайхан “Оюутны дотуур байрыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тиймээс хөдөө орон нутгийн оюутнуудыг ирэхээс өмнө бүх өрөөнд ор тавьж тохижуулах, нэг давхарт нь чийрэгжүүлэх өрөө гаргана. Барилгын ажил одоогоор 95 хувьтай явж байгаа бөгөөд нэг өрөөнд дунджаар гурваас дөрвөн оюутан амьдрах боломжтой.

Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байна. “1000 оюутны байр”-нд улсын болон хувийн их дээд сургуулийн аль ч оюутнууд амьдрах боломжтой. Ингэхдээ сургууль бүрт квот тогтоон түүнийхээ дагуу оюутнуудаа хүлээн авна” гэв.

Дашрамд дуулгахад, “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна.