Х.Амгаланбаатар: Цалингийн шинэчилсэн доод хэмжээг есдүгээр сараас мөрдөнө
Хөдөлмөр нийгмийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн тогтоосон.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгож, өмнөхөөсөө 36.7 хувиар нэмэгдүүлээд байгаа юм. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-УИХ төсвийн тодотголыг ирэх аравдугаар сард хэлэлцэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үүнээс өмнө мөрдөж эхлэх үү?
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр талууд төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг мөрдөхөөр тохиролцсон. Улсын хэмжээнд цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг байна гэж гарын үсгээрээ баталгаажуулсан.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар бүрт өөрөөр тогтооно гэж байсан. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?
Сүүлийн гурван жилийн байдлаар инфляци
-Одоогийн байдлаар зургаан салбар цалингийн доод хэмжээгээ тогтоогоод байна. Тухайлбал, барилгын салбар 358 мянга, эрчим хүчний салбар 230 гаруй мянган төгрөгөөр тогтоосон.
Эрүүл мэндийн салбар цалингийн доод хэмжээгээ 182 мянган төгрөгөөр тогтоосон байсан. Үүнийг дахин шинэчлэхээр болсон. Бусад салбарын цалингийн доод хэмжээг есдүгээр сарын 1-нээс амжиж тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна.
-Цалингийн доод хэмжээг нэмж байгаа ч дулаан, цахилгааны үнийг нэмчихлээ. Тэгэхээр цалингийн хэмжээг дахиж ярилцах уу?
-Дулаан, цахилгааны үнийг нэмснээр гол нэрийн барааны үнийг өсгөдөг. Гурван талт үндэсний хороо хуралдахад өгсөн амлалтаа Засгийн газар одоо биелүүлэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, өмнөх 140400 төгрөгөөсөө ялгаагүй болоод ирвэл бид гурван талт хэлэлцээрийг дахин эхлүүлэхээс аргагүйд хүрнэ.
192 мянган төгрөгөөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооход Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарна гэдэг амлалт өгсөн байгаа.
-Сүүлийн хэд хоног ам.долларын ханш чангарч байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Бид үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Валютын ханшийн тогтворгүй байдалд Засгийн газар, Монголбанк ач холбогдол өгч, хариу арга хэмжээ авмаар байна. Ам.долларын ханшны өсөлтийн эсрэг Монголбанк ямар арга хэмжээ авч байгааг тодруулахаар өнгөрсөн долоо хоногт Төв банкинд албан бичиг явуулсан. Хариу нь одоогийн байдлаар ирээгүй байна.