ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
2013.08.14

С.Эрдэнэ: Залуусын 7.1 хувь нь хилийн чанадад амьдарч байна

Манай улсын нийт залуучуудын 7.1 хувь буюу 67.1 мянга нь хилийн чанадад сурч, ажиллаж амьдарч буй гэсэн судалгааны дүнг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдэд дуулгав. Сурч боловсрох болон амьдралын илүү боломж хайн харийг зорьж буй залуусын цуваа тасрахгүй байгаа аж.

Үүнээс гадна дотооддоо залуус “нүүдэллэх” нь их болжээ. Уул уурхайн томоохон ордоо ашиглаж эхэлснээс хойш өмнийн говь руу шилжигчдийн 41 хувийг 18-35 насны эрэгтэйчүүд эзэлсэн байна.

Энэ талаар сайд “Залуусын шилжилт хөдөлгөөнд жендерийн ялгаа гарч эхэллээ. Орон нутгийг зоригчдын олонх нь эрчүүд байгаа бол нийслэлийг зоригчдын 9.6 хувь нь 15-19 насны охид байна” гэлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу манай улс наймдугаар сарын 25-ныг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны тогтоолоор энэ сарын 12-ныг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж буй.

“Залуучуудын өдөр”-ийн хүрээнд залуусын хөгжилд чиглэсэн 11 сая долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлнэ.

Тиймээс ХАХНХЯ-наас энэ сарын 25-ныг хүртэл “Залуучуудын өдөр”-ийг зохион байгуулахаар болсноо сайд нь дуулгасан юм. Энэ хүрээнд тус яам, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран залуусын хөгжилд чиглэсэн 11 сая долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэх гэнэ.

Аймаг бүрт Залуучууд хөгжлийн төв барих бөгөөд түрүүчийг нь өнөөдөр Дархан-Уулд нээх юм байна. Олон улсын залуучуудын өдрийг энэ жил “Залуучуудын шилжилт хөдөлгөөн: Хөгжил рүү тэмүүлэх нь” сэдвээр тэмдэглэсэн учраас манай улс ч энэ асуудалд онцгой анхаарчээ.

Аяны хүрээнд залууст тулгамдсан асуудлыг сонсож, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, улмаар төрийн бодлого боловсруулахыг зорьжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч энэ үеэр “Дэлхийд жилд 200 сая залуус улс хооронд шилжин амьдарч байна. Амьдралын илүү боломж хайн очсон залууст тухайн оронд ажил олдохгүйгээс эхлээд олон бэрхшээл тулгардаг.

Дэлхийд жилд 200 сая залуус улс хооронд шилжин амьдарч байна.

Аравдугаар сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Монголын Засгийн газар ч дуу хоолойгоо нэмэрлэх байх. Залуучуудын өдрийг НҮБ бүх талаар дэмжиж, монгол залуусын дуу хоолойг сонсох болно” гэв.

Шинэчлэлийн Засгийн газарт анх удаа залуусын асуудлыг тусгайлан хариуцахаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулж, мөн Залуучуудын үндэсний хороо ажиллуулж, бодлогын хэмжээнд анхаарч буйг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат онцолсон.