Д.Ганбат: Сүхбаатарын нэрийг архины үйлдвэрүүд ашиглавал МАН-ынхан эсэргүүцэх нь л дээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.08.12

Д.Ганбат: Сүхбаатарын нэрийг архины үйлдвэрүүд ашиглавал МАН-ынхан эсэргүүцэх нь л дээ

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингисийнх болгосон нь маргаан дагуулсан ч тэгсгээд нам гүм боллоо. Харин та энэ үйл явдлаас өмнө Чингис, Соёмбо нэрийг ашиглахгүй байх тухай хуулийн төсөл санаачилж өргөн барьсан. Төслийнхөө агуулгыг танилцуулна уу?

-Чингис хаан бол мянганы суут хүн. Дэлхийд Монгол Улсыг ярихаар Чингис хааныг, Чингис хааныг дурсахаар Монгол Улсыг мэддэг. Энэ утгаараа Монгол Улс энэ дайтай явж байгаагийн гавьяа нь Чингис хааных гэж боддог. Манжийн дарлал, ЗХУ-ын хараат байдал зэргээс болоод Чингис хаанд хандах хандлага буурсан.

Харин 1990 онд ардчилал ялснаас хойш Чингис хаанаа хүндэлдэг болсон. Мөн үүнийхээ зэрэгцээ Чингис хааны нэрийг ашиг олох зорилгоор хэрэглэдэг болсон. Тухайлбал, архины үйлдвэрүүд Чингис нэрийг ашигласнаар энэ нэрийн үнэ цэнийг алдуулж байна. Мөн Соёмбын нэр ч ялгаагүй.

Тиймээс эдгээр нэрийг хамаагүй ашиглаж байгааг зохицуулах зорилгоор хуулийн төсөл өргөн барьсан юм. Дэлхий нийт Чингис хааныг мянганы суут хүн гээд хүндэлж байхад үр сад нь болсон бид архиныхаа шилний бөөрөнд наачихаад хаа хамаагүй хаяж болохгүй биз дээ.

-Чингис хааны нэрээр архийг нэрлэх, нийслэлийнхээ төв талбайг нэрлэх хоёрын хооронд асар их ялгаа байгаа байх. Тиймээс төв талбайгаа Чингис хааны нэрээр нэрлэснийг дэмжиж байгаа юу?

Чингисийн талбай

-Төв талбайгаа Чингис гэж нэрлэхэд нэг их дургүйцэх юм алга. Харин энэ шийдвэрийг гаргасан хүмүүс нь яагаад ийм шийдвэр гаргах болсноо олон нийтэд сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Ингэхгүй бол буруу ойлголт үүсээд байна.

Чингис нэрийг архины үйлдвэрүүд ашиглаад байхад дуугарахгүй байсан хэрнээ нийслэлийнхээ төв талбайг Чингис гээд нэрлэчихээр МАН-ынхан эсэргүүцээд байх юм. Сүхбаатарын нэрийг архины үйлдвэрүүд ашигласан бол энэ хүмүүс бас эсэргүүцэх нь л дээ. Чингис нэрийг ашиглаж байхад дуугүй байсан хэрнээ.

-“Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуульд Сүхбаатарын талбай гээд заачихсан байдаг. Тиймээс энэ шийдвэр нь хууль зөрчсөн” гэж МАН- ынхан эсэргүүцсэн шүү дээ.

-Тэгвэл одоо Үндсэн хуулийн Цэцэд хандаад хууль дүрмийнх нь дагуу шийдвэрлүүлэх хэрэгтэй.

-Таны өргөн барьсан Чингис, Соёмбо нэрийг ашиглахгүй байх тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх болов уу?

 -Засгийн газар дэмжсэн учраас УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөнтэй холбоотой маргаан гарч байгаа нь энэ хууль хэрэгтэй гэдгийг харуулж байна.

-УИХ Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн санаачилсан төслүүдийг хойш тавьж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Та энэ хуулийн төслөө бүр намрын чуулган завсарласан үед өргөн барьсан шүү дээ. Хаврын чуулганаар хэлэлцүүлчих боломж байсангүй юү?

-Зарим гишүүний зүгээс дээрх шүүмжлэл гардаг. Гэхдээ ард түмний амьдралыг сайжруулах, авилга, хүнд суртлыг багасгах зэрэг бодлогын чухал баримт бичгүүдийг хэн өргөн барьсныг нь үл харгалзан хэлэлцэх ёстой.

Энэ нэртэй холбоотой маргаан үүссэн учраас намрын чуулганаар хэлэлцэх байлгүй дээ. Xэрэв хэлэлцэхгүй бол би санаачлагчийн хувьд хэлэлцүүлэх хүсэлт тавина.