3000 суралцагч ажлын байраар хангагдлаа
2013 онд Хөдөлмөрийн яам 6000 гаруй иргэнийг мэргэжилтэй ажилтан болгож ажлын байраар хангах зорилт тавьсан.
Төв, Сэлэнгэ аймагт энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаатай Хөдөлмөрийн сайд танилцлаа. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 7000 гаруй суралцагчид бэлтгэгдэж эхний ээлжийн 3000 суралцагч ажлын байраар хангагдаад байна.
Хоёрдугаар ээлжийн залуус танхимын хичээлээ дуусаж дадлагад гарсан. Тэд ирэх сард эзэмшсэн мэргэжлээрээ төгсөж ажилтай болно. Хөдөлмөрийн сайд энэ удаад улсын ууган мэргэжил сургалтын төв гэгддэг Төв аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуультай танилцсан.
МСҮТ-ын сургалтын төрөл
Харин газар тариалан мал аж ахуй чиглэлээр мэргэжил олгодог Сэлэнгэ аймгийн мандал сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв эхний ээлжийн 100 оёдолчин, барилга угсралтын 20 гээд нийт 120 мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргажээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Зөвхөн их дээд сургуульд сураад 70 мянган төгрөг сард авдаг байсан бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурахад 70 мянган төгрөг авч эхэлнэ. Энэ бол шинэчлэлийн засгийн газрын бодлого юм. Бидний зорилт Мэргэжилтэй ажилтан бэлтгэх болохоос биш тэтгэлэгт суурилсан халамж биш. Мэргэжилтэй ажилтан болоход бүх талын боломжоор хангаж өгөх болно” хэмээн хэллээ.
Мандал сум төмөр замтай учир энэ чиглэлд эрчимтэй сургалт явуулж байгаа. Одоо үндэсний мэргэжилтэй ажилтан хөтөлбөрийн хүрээнд төмөр замд дадлага хийж байна.
Энэ мэтчилэн улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа 80 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, суралцагчидтай гэрээ байгуулан ажиллаж байна. Дадлагад гарсан суралцагчид компанидаа идэвх, санаачилгатай ажиллаж байгаа тухай компанийн удирдлага, сургагч багш нар хэлж байлаа. Хөдөлмөрийн яам энэ жилийн элсэлтийн тоогоо 20 мянга давуулах зорилготой байгаа гэлээ.