С.Эрдэнэ: Залуучуудын хөгжлийн төвийг Дархан-Уулд нээнэ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, НҮБ-ын Залуучуудын асуудлаарх ажлын албаны дарга Мохатед Фолл нар өчигдөр Төрийн ордноо мэдээлэл хийлээ.
Тэд жил бүрийн наймдугаар сарын 25-нд тэмдэглэдэг уламжлал тогтоод буй Монголын залуучуудын өдрөөр ямар ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах талаараа мэдээлсэн юм.
Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Залуучуудын өдрийг тэмдэглэхэд танай яамнаас нэлээд анхаарч буй бололтой. Энэ жилийн залуучуудын өдрөөр ямар асуудалд илүү анхаарч байгаа вэ?
-Энэ жилийн залуучуудын өдрийг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Залуучууд хөгжилд хамтдаа” гэсэн уриатайгаар “Залуучууд ба улс дамнасан шилжилт хөдөлгөөн” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
Ер нь сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаа. Тиймээс үүнийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй болоод байна.
-Нийслэл хот руу шилжин ирэх хөдөлгөөн буурахгүй байгаа гэсэн үг үү?
-Жилийн хугацаанд нийслэл хот руу шилжин ирэгсдийн эзлэх хувь нийт хүн амын 4-4.3 хувийг эзэлж байна. Үүний 9.6 хувь нь 15-19 насны охид, 9 хувь нь 20-24 насны эрэгтэйчүүд байгаа юм.
Сургуульд суралцах болон гадаадад гарах шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдсан хэвээрээ байна. Өнөөдрийн байдлаар 67.1 мянган залуу гадаадад сурч, ажиллаж амьдарч байна.
Өнөөдрийн байдлаар 67.1 мянган залуу гадаадад сурч, ажиллаж амьдарч байна.
Тиймээс энэ жилийн залуучуудын өдрүүдийн хүрээнд манай яам, Монголын залуучуудын холбоо, НҮБ-тай хамтран томоохон уулзалт зохион байгуулах юм.
Уулзалтдаа төрийн болон төрийн бус байгууллагуудын залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулах юм.
-Орон нутагт ямар нэгэн ажил хийх үү?
-“Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд 15 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төв байгуулахаар болсон шүү дээ. Үүний эхлэл болгож маргааш /өнөөдөр/ Дархан-Уул аймагт Залуучууд хөгжлийн төвийн нээлтийг хийнэ.
Үүнээс гадна уул уурхай дагасан залуучуудын шилжилт хөдөлгөөн, түүнээс шалтгаалан үүсч буй асуудлуудад анхаарал хандуулах чухал шаардлага байгаа. Эдгээр залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөговь аймагт мөн уулзалт зохион байгуулах гэж байна.