Төв аймаг хөгжлийн том төв болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцаж баасан гаригийн үдээс хойш Төв аймагт ажиллалаа.
Төмөрзам болон Замын-Үүд Алтанбулагийг холбосон хурдын зам Зуунмодын хотын урдуур өнгөрнө.
Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж эхэлсэн олон улсын нисэх буудал 2016 онд ашиглалтад орно, нисэх буудлыг дагаад 100 гаруй мянган хүн амтай дагуул хот бий болно. Сэргэлэн сумын нутагт 9 давхар орон сууцны өндөртэй тэнцэхүйц Их майдар бурхны цогцолбор баригдаж байна.
Энэчлэн бүтээн байгуулалт, олон дэд бүтэц бий болж Төв аймаг хөгжлийн том төв болно гэж Ерөнхий сайд тус аймгийн төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэллээ.
Тус аймагт 19 тэрбум төгрөгийн автозамын ажил өрнөж байна
Ерөнхий сайд тус аймгийн төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр
Төв аймагт энэ онд 19,7 тэрбум төгрөгийн зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төсөвт тусчээ. Замын ажлууд ид өрнөж байгаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг газар дээр нь танилцлаа.
Өндөрдов-Зуунмод чиглэлийн 3,8 км замын шинэчлэлийн ажлыг баяр наадмаас өмнө дуусгах хуваарьтай бөгөөд үүнд аймгийн удирдлага хяналт тавьж ажиллаж байна.
Налайх-4 дүгээр зөрлөг-Зуунмод чиглэлийн 25 км авто замын ажлын 20 хувийг гүйцэтгээд байна. “Эрч хүчтэй ажиллаж, товлосон хугацаандаа буюу 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах учиртай. Хугацаандаа амжихааргүй бол нэмж компани ажиллуулна” гэж Ерөнхий сайд хэллээ.
Замын ажлын дараагаар Ерөнхий сайд Сэргэлэн суманд баригдаж буй Их майдар цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. Суурийг нь тавьж дуусаад дараагийн ажлууд эхэлжээ.
Цөлжилтийн эсрэг хийгдэж буй энэ төслийн хүрээнд Зүүн мутартаа амьд бүхнийг тэтгэгч бумбатай рашаан ус барьсан бурхныг зуун урагш харуулан ногоон байгууламжийн хамт байгуулна. Хүний гараар бүтсэн хамгийн том ногоон байгууламж 2040 онд бүрэн дуусч, сансраас ногоон гурвалжин хэлбэртэй харагдана.
Монголын ард түмний санаачлан хэрэгжүүлж байгаа энэ цогцолбор дэлхийд гайхуулах бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаагаа аймгийн удирдлагууд хэлж байлаа.
Төв аймгийн Иргэний танхим 14 үйлчилгээ үзүүлдэг
Иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төв ажиллаад 8 сар гаруй болж байгаа. Энэ хугацаанд 46 мянга гаруй иргэн хандаад байгаа юм. Яг ийм төвийг Төв аймгийн Зуунмод хотод байгуулжээ.
Иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг авч ажил хэрэг болгох, нөгөө талаар иргэддээ мэдээлэл өгөх ийм үйлчилгээ явуулж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархалтай байгаагаа илэрхийлээд тус танхимын ажиллагаанд амжилт хүслээ.
Төв аймгийн Иргэний танхим байгуулагдаад 3 сар гаруй болж байна. 7027 1111 гэсэн дугаарын утас нээлттэй ажилладаг бөгөөд энэ хугацаанд 3000 орчим хүн ханджээ.
Иргэдийн санал, хүсэлтийг харъяа хэлтэс, албадад хуваарилж шийдвэрлүүлдэг бөгөөд биелэлт нь 80 гаруй хувьтай яваа, 14 төрлийн үйлчилгээ явуулдаг гэж Иргэний танхимын ажилтнууд Ерөнхий сайдад танилцууллаа.
Нутгийн удирдлагын байгууллагаас баталж гаргах төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулахад тухайн сэдвээр Иргэний танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, байна. Мөн УИХ, Засгийн газрын гишүүдийг урьж иргэдийн уулзалт зохион байгуулдаг ажээ.
7000 төгрөгийн түлээг 3500 болгож хямдруулжээ
7000 төгрөгийн түлээг 3500 болгож хямдруулжээ
Улаанбаатарт нэг тн нь 200 мянган төгрөг хүрээд байсан нүүрсний үнийг өнгөрсөн намар 80 мянга болгож хямдруулсан. Энэ жишгийг мөн Төв аймагт амжилттай хэрэгжүүлж, зөв зохион байгуулалт хийснээр түлээ, нүүрсний үнийг хоёр дахин хямдруулж чаджээ.
Энэ нь иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж ажилласны илэрхийлэл. Ингэснээр хүйтний улиралд түлээнд зарцуулж байсан зардал хоёр дахин багасч иргэдийн халаасанд тийм хэмжээний мөнгө үлдэж байгаа юм. Энэ жишгийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Зуунмод сумын гэр хорооллын айл өрхөд хямдралтай үнээр мод, нүүрс бэлтгэх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж, зах дээр 7000 төгрөгөөр борлуулж байсан 40 кг-ын савлагаатай нүүрсийг 3500 болгосон нь иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чаджээ.
Зуунмод сумын 128 өрх энэ онд шинэ орон сууцанд орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Төв аймагт ажиллах үеэр “1000 айлын орон сууцны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Дэд бүтцийг нь улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр хийх ажээ.
Хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу 2013 онд эхний ээлжийн 128 айлын орон сууц ажиглалтад орно, 2016 онд 1000 айлын орон сууц бүрэн баригдаж дуусахаар төлөвлөжээ.
Шав тавьчихаад хэзээ барих нь мэдэгдэхгүй чимээгүй алга болж болохгүй. Тиймээс барилгын ажил хэзээ эхлэхийг иргэдэд хэлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдыг хэлэхэд ирэх долдугаар сард багтаан ажлыг нь эхлүүлнэ, эхний айлууд энэ ондоо багтаж шинэ сууцандаа орно гэж аймгийн удирдлагууд тайлбарлалаа.
Хөгжлийн том төв болох Төв аймагт мянга мянган орон сууц баригдах болтугай гэж шав тавих үеэр Ерөнхий сайд хэллээ.
Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож дэмжиж байгаа. Тиймээс орон сууцаа чанартай, хурдан барих хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
МСҮТ-ийн оюутнууд дадлагаа орон нутагтаа үр ашигтай хийж байна
МСҮТ-ийн оюутнууд дадлагаа орон нутагтаа үр ашигтай хийж байна
Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан гэр хороолол, жишиг баг хэрхэн байгуулж болохыг сурталчлах зорилгоор Зуунмод сумын Баянхошуу багт жишиг хороолол байгуулж байна. Газар болоод хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, 92 айлын хашаа барьжээ. Нэг хашаа нь 3 сая гаруй төгрөгөөр баригдсан бөгөөд хашаанд буусан иргэдийн өмчлөлд 0,5 га газар нь очих юм байна.
Жишиг гэр хорооллын төслийг МСҮТ-өө түшиглэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр тус төвийн сурагчид үйлдвэрлэлийн дадлагаа орон нутагтаа үр ашигтай хийх нөхцөл бүрджээ.
“Хашаа бариад орхих биш, цэвэр ус, цахилгааныг нь шийдвэрлэх учиртай. Хэсэг хугацааны дараа цэвэр, бохир усанд холбогдоно, шугам татна гэж тооцож хашааных нь төлөвлөлтийг хийлгээрэй гээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гэр хорооллын 200 айлыг дэд бүтцэд холбосон туршлагаас жишээ авч ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад санал болголоо.
Төв аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд МСҮТ-ийн оюутнууд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй мөн уулзсан юм