“Шинэ-Налайх” цогцолбор байгуулах ажил албан ёсоор эхэллээ.
2013.06.10

Уурхайчдын өлгий нутгийг орон сууцжуулна

Уурхайчдын өлгий нутаг гэгддэг Налайх дүүрэг өнгө төрхөө өөрчлөх нь. Учир нь, уурхайдаа түшиглэн хөгжиж байсан тус дүүрэг өдгөө барилгын материалын үйлдвэрлэл, наймаа өрнөсөн худалдааны төв байх дүр зургийг БХБЯ, НЗДТГ-аас гаргаад буй.

Тэгвэл үйлдвэрлэл, худалдааны төв болох эл дүүргийн өнгө үзэмжийг нэмэх гэр хорооллын дахин төлөвлөх ажил энэ жилээс эхэлснийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  мэдэгдлээ.

Цагтаа нийслэлчүүдийг дулаан, цахилгаанаар хангаж байсан эл дүүрэг өдгөө олуулаа.  8992 өрхийн 32513 хүн амтай, засаг захиргааны долоон хороотой болжээ. Суурьшил нэмэгдэх хэрээр орон сууцжуулах зайлшгүй шаардлага гарч буй учраас Дани улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчлэхээр болж.

Түүгээр ч зогсохгүй хоёр сарын өмнө барилгын материалын цогцолбор байгуулахаар холбогдох яамтай тохиролцоонд хүрч чадсанаа ч дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар баяртайгаар хэлсэн юм. Түүний хэлснээр хөгжил тун ойрхон буй энэ үед 6000 айлын “Шинэ-Налайх” орон сууцны хорооллыг сүндэрлэх гэж байгаа нь эхнээсээ цэгцтэй хөгжих боломж олгож байна гэсэн юм.

Тус хорооллын шав тавих ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат оролцсон юм. 

Дулаан, цахилгаанаар нийслэлийг хангадаг байсан энэ дүүрэг удахгүй барилгын материалаар бүрэн хангадаг төв болно.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу Гэр хорооллыг дахин төлөвлөх, алслагдсан дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх ажлын эхлэл энэхүү бүтээн байгуулалтыг дүүргийн удирдлага иргэдтэй харилцан тохиролцсоны дүнд “Тэлмэн констракшн” ХХК гүйцэтгэхээр болсон гэнэ.

“Шинэ–Налайх” цогцолборын хүрээнд 6000 айлын орон сууц, төмөр бетон хийцтэй 5, 9, 12 давхар барилга, асфальтан хучилттай магистраль болон туслах зам, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмийн сан, супермаркет, банкны салбар гээд нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ хэмээн нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал харицсан орлогч С.Очирбат хэлж байлаа.

Шав тавих ёслолын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга “Сүүлийн 30 гаруй жил хөгжлийн асуудал нь орхигдсон Налайх дүүргийн хөгжлийн шинэ үе эхэлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Шинэ-Налайх” цогцолбор байгуулах ажил албан ёсоор эхэллээ.

Энэ ажлыг хийж гүйцэтгэх “Тэлмэн констракшн” ХХК-ийн хамт олонд нийслэлийн болон дүүргийн иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ дүүрэгт  зөвхөн “Шинэ-Налайх” цогцолбор төдийгүй “Ахмадын орон сууц”, 80 бага сургуулийн заримыг нь барих ажил удахгүй эхэлнэ.

Мөн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд тохилог, амины орон сууцтай болно. Бүтээн байгуулалтын ажил өрнөөд эхлэхээр ажлын байрны асуудал ч шийдэгдэнэ. Цагтаа дулаан, цахилгаанаар нийслэлийг хангадаг байсан энэ дүүрэг удахгүй барилгын материалаар бүрэн хангадаг төв болох ажил эхэлсэн” гэж онцлон хэлэв.

Сүүлийн 30 гаруй жил хөгжлийн асуудал нь орхигдсон Налайх дүүргийн хөгжлийн шинэ үе эхэлж байна.

Гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” компанийн удирдлагаас хэзээ цогцолборын барилга эхнээсээ ашиглалтад орох талаар тодруулахад ”Шав тавьснаар Шинэ-Налайх” цогцолборын ажил эхэлж байна гэсэн үг. Эхний ээлжийн 300 айлын орон сууц, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тоглоомын талбай бүхий гадна тохижилт, дулаан гражуудыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Хугацаандаа ч өгнө” хэмээсэн юм. Харин тус дүүргийн иргэдийн хувьд  “6000 гаруй өрхийн орон сууц баригдаж байгаад баяртай байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил Налайхад хэрэгжиж байгаа нь гэр хорооллын тэлэлтийг хязгаарлаад зогсохгүй иргэдийн ая тухай амьдрах боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм. Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил Налайх дүүрэгт ч эхэллээ...