Түрээсийн болон амины орон сууц хөтөлбөр бэлэн болсон
УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материал нийлүүлж буй компаниудад 379 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа. Цаашдаа шинээр барилга барих барилгынхаа компаниудад ямар санхүүжилтүүд хийгдэх вэ.
Материал нийлүүлэхээр эх үүсвэр, санхүүжилт авсан компаниуд оруулж ирсэн материалуудаа барилгын компаниудад нийлүүлнэ. Гэтэл эргээд барилгын компаниуд нь санхүүжилтгүйгээс оруулж ирсэн барилгын материалыг нь авах боломжгүй болно. Үүнд ямар зохицуулалт хийх талаар асуув.
Мөн 300 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан. Хөдөө орон нутагт аймгийн төвүүд дээр баригдах барилгуудад энэ 300 тэрбумын хэд нь зарцуулагдах вэ.
Түүнчлэн хөдөө орон нутагт зөвхөн нийтийн орон сууц биш, амины орон сууц барих сонирхолтой иргэд олон бий. Нийтийн биш амины орон сууцанд удаан хугацааны зээл олгох тал дээр ямар ажил хэрэгжүүлэхийг лавлалаа.
Мөн Ерөнхий сайдаас Өнгөрсөн засгийн газрын тогтоолд МУ-ын хэмжээнд таван сумыг жишиг сум болгохоор сонгон техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг нь хийсэн ч энэ жил сумдын нэрс өөрчлөгдсөн. Зарим сум нь ямар үндэслэлээр хасагдсан. Энэ төслийн санхүүжилт цаашдаа шийдэгдэх эсэх талаар тодрууллаа.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Бид барилгын салбарт ажиллаж байгаа компаниудтай гурван удаагийн уулзалт зохион байгуулсан. Эндээс барилгын салбарт арилжааны банкууд өөрсдөө 600 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр байгаа. Нийлээд 900 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан.
Үүнийг Монгол банктай ярьж 380 тэрбумыг гаргасан. Дээр нь хүүгээ Улаанбаатар хотод долоон хувийн хүүтэй. Орон нутаг буюу алслагдсан дүүрэг гэдгээрээ 5,5 хувь. Орон нутгийн компаниудад хөдөө аж ахуйн банк зээл өгч байгаа.
Материал оруулж ирж буй компаниудад барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг дээр Улаанбаатар хот хэрэглэгчдийн нийгэмлэгийнхэн, ТББ-уудын оролцоо нилээн сайн ярьж байгаа. Энэ компаниудыг зарлаж, үнийг энэ түвшинд барина гэсэн гэрээ хийж байна.
Цемент арматур оруулж ирж байгаа компани үндэсний компаниудаасаа авах боломжтой. Дээр нь Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэгч нарт эргэлтийн хөрөнгийн зээл өгч байгаа. Бид бүх аймгуудад баригдах 1000 орон сууцтай холбогдуулан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.
Түрээсийн орон сууцны хувьд иргэд хуримтлалтай болохоороо моргежийн зээлд хамрагдах нөхцлийг бүрдүүлнэ.
Барих компаниудыг янз бүрийн байдлаар судалж байна. Түрээсийн орон сууц, амины орон сууц хөтөлбөрийг бэлэн болгосон. Түрээсийн орон сууцанд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур буюу моргежийн зээлд хамрагдаж чадахгүй иргэдээ хамруулах бодлогыг барина.
Түрээсийн орон сууцны хувьд иргэд тодорхой хугацааны дараа хуримтлалтай болохоороо моргежийн зээлд хамрагдах нөхцлийг бүрдүүлнэ.
Амины орон сууцны хувьд хувьчилж авсан газар дээрээ инженерийн шугам сүлжээтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологиор хийгдсэн зургуудаас сонгож аваад барих, 50 орчим сая төгрөгний хэмжээнд байхаар томъёолоод яамны түвшинд боловсруулж дууссан. Одоо Засгийн газрын гишүүдийн саналыг авч Ерөнхий сайдад албан ёсоор танилцуулна гэсэн бодолтой байгаа гэсэн хариултыг өглөө.