Шинэ бүтээн байгуулалт Баянзүрх дүүргээс эхэллээ
Нээлтэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2013.06.03

Шинэ бүтээн байгуулалт Баянзүрх дүүргээс эхэллээ

Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийг байгуулах ажил Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооноос эхэлж нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон бусад албаны хүмүүс  оролцлоо.

Инженерийн дэд  бүтэц  байгуулахын тулд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны 700 гаруй айл өрхтэй тохиролцон тэдний хашааны оронд 10 000 гаруй айлын орон сууцны орчин үеийн тохилог хороолол босгохоор болж байгаа юм.

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан юм.

Энэ зорилтын хүрээнд ус, дулаан хангамж, ариутгах татуургын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах “Дэд бүтэц” төслийн нэгж, цахилгаан хангамжийн ажлуудыг зохион байгуулах “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгжийг тус тус  байгуулан Улаанбаатар хотод орон сууцны арван хороолол, гэр хорооллын 12 байршилд инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 73 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Засгийн газар 200 орчим тэрбум төгрөгийг орон сууцны шинэ хорооллын дэд бүтцийг байгуулахад зориулан гаргажээ.

Бидний хэрэгжүүлж байгаа энэ төслийн давуу тал оршин суугчид газраа түр чөлөөлөөд энд баригдсан тохилог орон сууцандаа орох боломжтойд байгаа юм. Энэ хорооллын дэд бүтцийг байгуулахад зориулж Засгийн газар  Чингис бондын хөрөнгөөс 24,3 тэрбум төгрөг гаргаж байна.

Энэ ажил зөвхөн Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа юм биш. Засгийн газар 200 орчим тэрбум төгрөгийг орон сууцны шинэ хорооллын дэд бүтцийг байгуулахад зориулан гаргаж байгаа. Чингис бондын мөнгөөр санхүүжүүлж байгаа энэ ажлын үр дүнд нийслэлийн олон иргэд шинэ тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийг байгуулах ажлын нээлтэд оролцохдоо хэллээ.