Хувийн хэвшилд хугацаа өгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.04.12

Хувийн хэвшилд хугацаа өгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны ерөнхийлөгч Х.Ганбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болсныг мэдэгдэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар 140400 төгрөг байгаа юм. Харин Хөдөлмөрийн яам, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагуудын гурван талт хэлэлцээрт тусгаснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх есдүгээр сараас эхлэн нэмэх аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9-р сараас

Тэдний мэдээлж буйгаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж цагийн хөлс 835 төгрөг 71 мөнгө байсныг 1142 төгрөг 85 мөнгө болох юм. Энэ нь урьд өмнө нэмэгдүүлж байснаас хамгийн их хэмжээгээр буюу 36.7 хувиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа үзүүлэлт юм байна. Харин сэтгүүлчдийн түгээмэл асуусан нэг  асуудал бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь хувийн хэвшилд дарамт үзүүлнэ гэсэн болгоомжлол байв.

МАОЭНХ-ны ерөнхийлөгч Х.Ганбаатар

“Жижиг, дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарынханд хүндрэл ирж болзошгүй. Гэхдээ үүнийг шийдэх зорилгоор Засгийн газарт хүсэлт тавьж байгаа. Татварын хөнгөлөлтийн асуудлыг шийдэх, тэр дундаа татвараа тогтмол төлдөг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлсөн татварын 90 хувийг буцааж олгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх хүсэлт тавьсан. Тэгвэл энэ салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн дарамт нөлөөлөхгүй” гэв.