2013.02.15

Н.Алтанхуяг, Г.Баасан нар гэрээ үзэглэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нар хамтын ажиллагааны гэрээг өчигдөр үзэглэлээ. Уг гэрээ нь ахмад настны талаарх төрийн бодлогыг шинэчлэх, тэдний нийгэм, аж байдлын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, нийгмийн хамгааллын хуулийг боловсронгуй болгох санал боловсруулахад Засгийн газар Монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллахад чиглэж байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газар, Ахмадын чөлөөт холбооны хамтын ажиллагааны явцад ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадын байгууллагад өгсөн хандив, тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөх асуудлын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудалд анхаарч, ажиллах юм. Дээрх асуудлуудаас гадна ахмад настны нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэх талаар гэрээнд тусгагджээ.