Манай улс цалингийн шатлалаараа 66-д жагсчээ
Улс бүрийн амьжиргааны түвшин өөр байдгийг харгалзан цалингийн дундажийг тогтоодог.
2012.12.03

Манай улс цалингийн шатлалаараа 66-д жагсчээ

ВВС агентлаг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлэл дээр үндэслэн дэлхийн цалингийн шатлалыг гаргасан байна. Уг түүвэрт хэт ядуу улсуудыг оруулалгүйгээр 72 улсыг хамруулжээ.

Татварын өмнөх дэлхийн дундаж цалинг сарын 1480 ам.доллар гэж тооцоолсон аж.

Монголын хувьд бага орлоготой улсуудын тооноос хасагдаж дундаж орлоготой орнуудад багтсан учир судалгаанд хамрагджээ. Уул уурхайн салбарынхаа хөгжлөөр дундаж гэсэн ангилалд орсон юм байна. Өөрсдөө ашиг олдог, хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн цалинг энэ жагсаалтад тооцоогүй аж.

Жагсаалтыг Люксембург, Норвеги, Австри, Америк, Их Британи, Бельги, Швед, Ирланд, Финланд зэрэг улс тэргүүлжээ. Эдгээр улсын иргэдийн татварын өмнөх дундаж цалин 2925-4089 ам.долларын хооронд байна. Харин манай улс сүүлээсээ долдугаарт 415 ам.доллараар оржээ. Тажикстан улс 227 ам.доллараар сүүл мушгисан байна.