Х.Амгаланбаатар: Автобусны үнийг нэмбэл албан хаагчдын цалинг ч гэсэн нэмэх хэрэгтэй
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.01.14

Х.Амгаланбаатар: Автобусны үнийг нэмбэл албан хаагчдын цалинг ч гэсэн нэмэх хэрэгтэй

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх талаар өнгөрсөн долоо хоногт Монголын тээвэр, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоод хамтран мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр МҮЭХ-ны албаны хүмүүс автобусны үнийн нэмэгдэлийг эсэргүүцэж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэ үеэр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай хэсэг хором ярилцлаа.

-МҮЭХ-ны Тээвэр, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо өнгөрсөн долоо хоногт автобусны үнийг 600 төгрөг болгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ мэдэгдэл МҮЭХ-ны албан ёсны мэдэгдэл байсан уу?

-Тээвэр, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг МҮЭХ-ны албан ёсны нэгдсэн байр суурь гэж ойлгож болохгүй. Манай МҮЭХ-ны зүгээс огцом шууд үнэ тариф нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталсаар байдаг. Автобусны үнийн нэмэгдэлээс болж болж эгэл жирийн ажилчин хүн хохирох ёсгүй. Автобусны үнийг 600 төгрөг болговол МҮЭХ-ны зүгээс Засгийн газарт “иргэдийн цалин хөлс, тэтгэврийг нэм” гэх шаардлага хүргүүлж шахна. Ер нь бол автобусны үнийг нэмбэл албан хаагчдын цалинг ч гэсэн нэмэх хэрэгтэй

- Автобусны үнэ нэмэхгүй байх боломж бий юу?

Автобусны үнэ нэмнэ гэдэг тухайн салбарын хувьд аргацайсан хэлбэр болохоос зөв гарц биш.

-Байгаа. Төр хэрэглэгч, нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагууд нэг тийш нь оновчтой шийдэх ёстой. Түлшний НӨАТ, гаалийн татварын хөнгөлөлтийг нийтийн тээврийн байгууллагуудад нийлүүлэх түлшинд үзүүлбэл бас томоохон л дэмжлэг. Энэ бол төрд байгаа боломж. Түүнчлэн, Төрөөс парк шинэчлэлд дэмжлэг үзүүлж, ажилчдын нийгмийн асуудалд тусгайлан анхаараа хандуулах бүрэн боломжтой. Автобусны үнэ нэмнэ гэдэг тухайн салбарын хувьд аргацайсан хэлбэр болохоос зөв гарц биш.

-МҮЭХ-нд нийтийн тээврийн нэгдсэн тооцоо судалгаа ирсэн үү?

-Одоогоор албан ёсоор ирсэн юм байхгүй. Гэхдээ ерөнхий тойм судалгаа бол бий. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар нийтийн тээврийн хэрэгсэлд нэгдүгээрт эгнээгээр зорчих бүрэн эрх олгосонтой холбоотой автобусны орлого сүүлийн хэдэн сар эрс нэмэгдсэн судалгаа, баримт бидэнд бий. Тиймээс автобусны үнийг нэмэх шаардлагаггүй.

Хэрэв автобусны үнийг нэмбэл Төрийн албан хаагчдын цалинг ч гэсэн нэмэх хэрэгтэй.

Түүнчлэн, иргэдийн тэтгэвэр тэтгэмжээ дагуулан өсгөх ёстой.

-Төрийн албан хаагчдийн цалинг нэмэхээр түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляц өсдөг. Тиймээс ялгавартай бодлого байж болохгүй гэж үздэг. Мөн цалин нэмэхээр төсөвт хүнд ачаа болоод байна гэх нь ч бий?

-Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмжийг авч үзэх хэрэгтэй. Энэ нь улсын төсөвт томоохон байр, суурийг эзэлдэг. Төрийн албан хаагчдыг ад үзэхээ зогсоох ёстой. Тэдний цалинг нэмэхээр улсын төсөв алдагдалд ордог, улс орны эдийн засаг сөхөрдөг, үнэ болон инфляц өсдөг гэдэг буруу ойлголтыг болих цаг болсон. Төр нь төр шиг ажиллахын тулд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг онцгой анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ үр дүнгүй ажлын байр бий болго гэж хэлж байгаа юм биш. Төрийн албаны бүтцийг зөв, оновчтой зохион байгуулсан л бол төсөв дээрх асуудалд чиглэх хэрэгтэй.

-Баярлалаа