Ерөнхийлөгч цэрэг, дайчиддаа эсэн мэнд эргэж ирэхийг захив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.02.19

Ерөнхийлөгч цэрэг, дайчиддаа эсэн мэнд эргэж ирэхийг захив

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ойрын өдрүүдэд Өмнөд Судан улсад айлчилж, тус улсад энхийг сахиулахалба хааж буй «хэдэн бор цэрэг»-ээ эргэж яваа.

Түүнийг цэргүүдтэйгээ уулзах үеэр энхийг сахиулах батальоны захирагч, хурандаа Л.Гансэлэм Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд гүйцэтгэж байгаа үүргийнхээ талаар мэдээлэл хийжээ.

Ийда суурингаас 25 км, 54 км зайд Хойд Суданы зүгээс хоёр ч удаа онгоцоор бөмбөгдсөн тохиолдол гарсан байна.

Батальоны хариуцлагын бүсэд цагийн байдал харьцангуй тайван байгаа ч ердөө ганцхан өдрийн өмнө манай энхийг сахиулагчдын байрлаж буй Ийда суурингаас 25 км, 54 км зайд Хойд Суданы зүгээс хоёр ч удаа онгоцоор бөмбөгдөж, орон нутгийн армийн албан хаагчид амиа алдаж, шархадсан тохиолдол гарсан байна.

Хурандаа  Л.Гансэлэмийг ийнхүү мэдээлэл хийсний дараа Монгол улсын ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж «Эх орон, элгэн түмэн тань эрэлхэг хөвгүүд, охидтойгоо үргэлж хамт байгаа гэдгийг харуулах гэж миний бие хүрэлцэн ирлээ. Монгол Улсаас хамгийн олуулаа, хамгийн хол үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдаа эргэхэд сайхан байна. Би цэргийн хүн болохоор ар гэрээс эргэлт ирэхийн сайхныг мэднэ. Зовхи нь өөдөө, харц нь соргог, хийморилог байж, оногдсон үүргээ нэр төртэй эрхэм сайн гүйцэтгээд, эх орондоо эсэн мэнд эргэн очоорой» гэв. Ингээд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнажээ.

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Хилде Ф.Жонсон бараалхлаа

Монгол улс Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон оролцуулж байна

Айлчлалын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч  хатагтай Хилде Ф.Жонсон «Ердөө хоёр жил хүрэхгүй

хугацааны өмнө тусгаар тогтносон Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс 850 хүний бүрэлдэхүүнтэй  батальон оролцуулж байгааг НҮБ өндрөөр үнэлж байгаа бөгөөд монгол цэргүүдийн үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байна» гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж «Би НҮБ-ын энхийг сахиулах, ажиллагаанд оролцож эхлээд 10 жил болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ манай зэвсэгт хүчин улам бүр туршлага хуримтлуулж үүрэг гүйцэтгэх чадвар нь дээшилж байгаад Монгол Улс сэтгэл ханамжтай байдаг. Цаашид ч бид энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болно» хэмээн мэдэгджээ