Хойд Солонгосын цэрэг дарга нараа буудаад өмнөд рүү зугтжээ
2012.10.08

Хойд Солонгосын цэрэг дарга нараа буудаад өмнөд рүү зугтжээ

Хойд Солонгосын армийн нэг цэрэг харуулд гарч байхдаа дарга нараа буудаж хөнөөгөөд хоёр улсыг хуваадаг цэрэгжсэн бүсийг нэвтэрч Өмнөд Солонгост очжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ерөнхий штабаас мэдэгдлээ.

Хэрэг явдал уржигдар буюу бямба гаригт орон нутгийн цагаар өдрийн 12.00 цагт болсон байна. Хойд солонгос цэрэг Өмнөд Солонгосын хилийн харуулын байранд хүрч Пёньяаны армиас урвах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн хэмээн Yonhap агентлаг мэдээлэв.

Үүнээс өмнө хилийн нөгөө талд буун дуу сонссон өмнөдийн хилийн харуулууд хилийн постон дээр ирсэн хойд солонгос цэргийг саатуулан баривчлахад тэрээр салаан дарга, хороон даргаа буудаж хөнөөснөө мэдэгдсэн аж.

Энэ хэрэг явдлын дараа Өмнөд Солонгосын арми тэр хавийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн бол Хойд Солонгосын талд ямар нэг ер бусын хөдөлгөөн, хамгаалалт анзаарагдсангүй. Хоёр Солонгосын дайн 1950 онд эхэлж 1953 онд дууссан ч одоог хүртэл энхийн гэрээ байгуулааг үй байна. Харин үүний оронд зэвсгээр хөөцөлдөж, хил дээрх цэрэг, зэвсгээ байнга нэмэгдүүлсээр ирсэн юм.

Эдүгээ дэлхийн хамгийн цэрэгжсэн, түгш үүртэй бүс нь хоёр Солонгосыг хуваадаг хилийн цэрэгжсэн бүс болоод байгаа билээ.

Хоёр талын харуул, хамгаалалт маш чанга байдаг тул тэр хавиар орголт, зугталт маш бага байдаг.

2012 оны тавдугаар сарын байдлаар Өмнөд Солонгос хойд нутгаас зугтан орж ирсэн 366 иргэн, улстөрч, тэрс үзэлтнийг хүлээн авчээ. Энэ нь 2011 оны мөн үеийнхээс 35 хувиар бага үзүүлэлт юм. Тэр үед Хойд Солонгосын 566 иргэн өмнөд рүү зугтан орж иржээ. Өмнөд рүү зугтан гарч буй хойдуудын тоо буурсан нь тус улсад шинэ удирдагч Ким Жон Ун гарч ирж урвагч, тэрс үзэлтнүүдийн эсрэг харгис, хатуу арга хэмжээ авах болсонтой холбоотой хэмээн Сөүлийн төрийн бус байгууллагууд үзэж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Пёньяаны дэглэмийн удирдагч Ким Жон Ил нас барахад бага хүү Ким Жон Ун нь коммунист улс орныг залгамжлан авч явах болсон билээ. Сөүлийн эрх баригчид газар нутаг дээрээ ирсэн хойд солонгосуудыг найрсгаар хүлээн авдаг. Тэдний ихэнх нь байнга гадаадын тусламжаас хамааралтай байдаг эх орондоо хоол хүнсээр дутагдан өлсгөлөнд нэрвэгдэхдээ зугтан орж ирдэг тул өмнөдүүд хүмүүнлэгийн үүднээс хүлээн авдаг аж.

Солонгосын дайн дууссанаас хойш Хойд Солонгосын 23 мянга 500 иргэн Өмнөд Солонгос руу зугтан гарч тэнд суурьшаад байна. Тэдний ихэнх нь 90-ээд онд буюу коммунист дэглэмтэй улс хоол хүнсний гүнзгий хямралд нэрвэгдэх үеэр зугтан ирсэн хүмүүс ажээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.