“Петровис”-ын Ж.Оюунгэрэл “НИК”-ийг авахад нь би мөнгө зээлж байлаа
“Шонхор суваг” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдсан УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд, Х.Баттулгын яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Бидний энэ яриа цензургүй байж чадах болов уу. Та юу гэж бодож байна?
-Тэгэх байлгүй дээ, нэр нь Цензургүй яриа юм чинь...
-Яагаад ингэж асууж байна вэ гэхээр таны өмнөх ярилцлагуудыг харж байхад “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд цензуртэй. Хаалтын гэрээ байгуулж, аль нэг байгууллагын атганд орчихсон” гэх давталтууд их юм аа?
-Манай хэвлэл мэдээллийнхэнд бас хэцүү л байдаг. Ямар нэгэн байдлаар татаас авч, архи, тамхины реклам хийж байж мөнгө олно. Тэгээд ийм хүнд байдалтай байгааг нь ашиглаад монополь компаниуд гэрээ хийж муу муухайгаа бичүүлэхгүй байгаад сурчиж. Би энэ утгаар нь л тайлбарладаг юм.
-Таны тэр бодол одоо ч хэвээрээ байна уу?
-Хэвээрээ. Ер нь ийм л байгаа.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл саяхан УИХ-ын байнгын хороон дээрээс буцлаа. Энэ хуулийн талаар та хэр их мэдээлэлтэй байгаа вэ?
-Амьдрал баян шүү дээ. Тиймээс хэвлэл мэдээллийн тухай хуульд ч бас өөрчлөлт орж, шинэчлэгдэх ёстой. Яг өнөөдрийн байдлаар манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бойжилтын үе дээрээ байна. Улстөрчдийн нөлөө ч хэтэрхий их орчихож. Энэ нөлөөллөөс татгалзах хэрэгтэй болов уу гэж би боддог. Харин саяын хуулийн төсөл дээр бол эздийг нь редакциас нь хол байлгах асуудлыг хөндсөн байсан.
Гэтэл зарим эзэн нь өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагынхаа гол ачааг үүрч, удирдаж яваа учраас үйл ажиллагаанд нь оролцохоос өөр аргагүй байх л даа.
-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын 90 хувийнх нь цаана улстөрч эзэд байдаг гэх судалгааг хийсэн гэж яриад байгаа. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Та юу гэж бодож байна вэ?
-90 хувь нь ч бас юу юм бэ. Би хувьдаа бол “С1” телевизийг үндэслэн байгуулсан хүн. Тухайн үед цөөхөн ч телевиз байсан. Би бол хэвлэл мэдээллээр ёстой л “алуулж” байсан хүмүүсийн нэг.
С1 телевиз нь 2005 оны 6-р сард анх байгуулагдсан. Мэдээ, Спорт, Шоу нэвтрүүлгүүдээрээ алдартай.
Тийм болохоор зөрүүлээд өөрийн гэсэн “зэвсэг”-тэй болъё гэж бодоод энэ телевизийг байгуулж байв. Сонин, телевиз байгуулна гэдэг жирийн нэг дэлгүүр нээхтэй адилгүй. Асар их хөрөнгө шаардагддаг. Гэтэл тэр мөнгийг гаргаж байгаа хүн ямар оролцоотой байх вэ гэх мэтийг гэрээгээр зохицуулдаг. Тэр цагаас хойш бараг 10-аад жил болчихов уу даа. Сая сонгуулийн өмнөхөн “C1” телевизээр цуврал нэвтрүүлэг хөтөлж үзлээ. Түүнээс өөрөөр бол үйл ажиллагаанд нь оролцоогүй. Телевизийнхэн нь өөрсдөө л учраа олоод явж байна. Та өөрөө ч бас телевизээ саяхан байгуулсан. Энэ бүх зовлон, бэрхшээлийг туулаад л явж байгаа байлгүй дээ.
-“C1” телевизийн яг хэдэн хувь нь таны мэдэлд байдаг вэ?
-30 орчим хувь.
-Тэгэхээр та үйл ажиллагаанд нь тийм ч их нөлөөлж чаддаггүй гэсэн үг үү?
-Тийм. Хамгийн анх 100 хувь байсан. Тэгээд явцдаа оруулах хөрөнгийн хэмжээ нь нэмэгдсээр байгаад миний эзэмших хувь ч өөрчлөгдсөн. “Ардчилал” сонингийн хувьд анх МоАХ-ных байсан. Би МоАХ-ны дарга болсон учраас тэр сонинг нь ч бас авч явахаас өөр аргагүй болсон. Ерөнхий бодлогын асуудлуудыг дэмжээрэй л гэж хэлдэг юм шүү дээ.
-Тэгвэл “Монголын мэдээ” сонины тухайд?
-“Монголын мэдээ” сонинг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаас авч байлаа. Гэтэл сонин гэдэг бол өөрөө дандаа алдагдал хүлээдэг газар. Тэгээд зардал нь ч ихсээд эхлэхээр нь менежментийг нь бодоод өөр хүнд өгчихсөн.
-Одоо бол танаас нэг их татаас авахааргүй болчихсон биз дээ?
-Надаас татаас аваагүй жил орчим хугацаа өнгөрчихсөн байна.
-“Надад ийм, ийм юм байна” гээд тань шиг хэлдэг нэг нь байхад хэлэхгүй нуучихдаг хүмүүс ч бас бий. Тэднээс болж бидэнд халгаатай хууль мэндлэх гээд дуншаад байна?
-Бүгд л хэлдэг байлгүй дээ. Угаасаа тодорхой байдаг. Манай Монгол жижигхэн улс. Тийм болохоор хэн юу хийж байгаа нь бараг ил байдаг юм биш үү.
-Гэхдээ л хардалт их байдаг. Жишээлбэл, манай “Улс төрийн тойм” сонин нэг хэсэг таных “байлаа”. Бас нэг хэсэг Ерөнхий сайд асан “С.Батболдынх” гэж хэлүүлж байсан. Ингэх нь бидэнд их халгаатай л байдаг?
-Үнэнээ л хэлчихэж байхгүй юу өөдөөс нь...
-Тэгэхээр итгэхгүй юм байна шүү дээ?
-/инээв.сурв/
-Энэ сэдвийг ингээд орхиё. Та өмнөх Засгийн үед сайдын суудлаа өгөхдөө төмөр замын бодлого, “Сайншанд” цогцолборын асуудлыг хөндөж нэлээд ширүүхэн ярилцлагууд өгч байсан. Шинэчлэлийн Засгийн газар төмөр замын бодлогыг өөртөө авлаа. Түүнчлэн та “Сайншанд” цогцолборын ажлын хэсгийн ахлагч болсон. Таны коммандад одоо есөн сайд байгаа юу?
-Төмөр зам, “Сайншанд” гэхээр Х.Баттулга харагдаад байдаг нэг жишиг бий болчихож дээ.
-Та энэ талаар хамгийн их ярьсан хүн нь шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ энэ бол үе, үеийн Засгийн газрын хийх ёстой ажил. Энэ удаад бол Н.Алтанхуягаар овоглосон Ардчилсан намын Засгийн газрын хариуцсан ажил болоод байна. Өмнөх засгийн үед аль 2010 онд УИХ-аар баталчихсан том, том ажлуудыг олигтой хийж, гүйцэтгээгүй болохоор бид ярилцаад засгаас гарахаар шийдсэн. Нэгэнт хавартаа багтаж ажлуудаа хийхгүй нь тодорхой болсон учраас сонгуулийн үеэр биднээс “Та нарын хийнэ гээд байсан ажил хаана байна вэ” гэж асуух нь тодорхой байсан. Ер нь Сү.Батболд бол боловсролтой, хэл устай, мөнгөтэй, туршлагатай хүн шүү дээ. Тийм байж тэр төслүүдийг аль болох гацаах зорилготой ажиллаж байсныг нь би ойлгодоггүй юм. Өөрт нь ч үүнийг хэлж байсан.
-Тэгэхээр юу гэж хариу хэлэх юм бэ?
-Худлаа инээгээд л өнгөрдөг. Гэтэл манай ганц төмөр зам Монголын эдийн засгийг хөдөлгөж байгаа шүү дээ. Түүний үр өгөөжийг хүн бүр мэддэг. Тийм байтал УИХ-аар баталчихсан ажлыг хийхгүй байсныг нь гайхдаг. Ямар нэгэн дарамт байсан бол түүнийгээ хэлэх хэрэгтэй л байхгүй юу. Ер нь одоо бол бид аль болох бага ярьж байгаад хавраас хүрз, жоотуугаа хангинуулъя гэцгээж байна.
Төмөр зам, “Сайншанд” гэхээр Х.Баттулга харагдаад байдаг нэг жишиг бий болчихож дээ.
-Том төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгийг бонд гаргаад олчихлоо. Одоо үндсэндээ улирлаа хүлээж байгаа юм байна?
-Улирлаа хүлээх биш. Түүнээс өмнө бичиг цаасны ажил зөндөө гардаг.
-Тэгэхээр та одоо “happy” байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Утаанд жаахан хоолой хорсоод байгаагаас биш байнга л инээгээд явж байгаа шүү. /инээв /.
-Энэ бүх бүтээн байгуулалтын дараа Монголын ирээдүй ямар болно гэж төсөөлдөг вэ?
-Манай улс Азийн өндөр хөгжилтэй орон болно. Түүхий эдээ ухаж гаргаж, хил давуулчихдаг хэдхэн хүн манайд байгаа. Жилд 15 сая тонн нүүрс экспортоллоо гэж яриад байдаг. Гэтэл үүний цаана Монгол Улс биш хэдхэн хүн л байгаа. Үүнийг хөөсөн эдийн засаг гэдэг. Энэ бүх ажлыг төр нь хийгээд эхэлбэл үр ашгийг нь иргэн бүр хүртэнэ. Норвегийн жишээг ч бид мэднэ.
-Норвегийн сангийн үйл ажиллагааг та зөв гэж үздэг үү?
-Тийм. Норвегичууд өөрсдөө 30, 40 жил зовсны эцэст хамгийн зөв бодлогоо боловсруулчихаад байгаа нь тэр шүү дээ. Тэд хөрөнгөө өөр газар байрлуулж, түүнээс олсон ашгаа иргэддээ тараадаг. Гэтэл манайхан тэгээгүй. Тавантолгойд хүний хүн шиг л хандсан.
-Я.Батсуурь ч бас энэ талаар ярьсан байсан?
-Тийм. Тэгж үнэнийг ярьсанд нь би баярласан.
-Та тухайн үед нэлээд олон баримт гаргаж, хууль хяналтынханд шалгуулна гэж байсныг би санаж байна. Тухайлбал, “MCS”-ээс Монголын Засгийн газартай 70 жилийн тогтвортой байдлын гэрээний төслийг оруулж ирсэн, Ерөнхий сайд асан Сү.Батболд Тавантолгой дахь эзэмшлийн хувиа бэлэглэсэн юм уу, эсвэл зарсан уу гэх зэргээр ярьж байсан. Баримтуудаа та шалгадаг газарт нь өгсөн үү?
-Өгөлгүй яах вэ. Тухайн үед МҮОНТ-ээр “Зургаан хувийн моргейжийн зээлийн талаар ярина” гэж хэлж шууд ярилцлагад орох үедээ гэнэдүүлж байгаад энэ тухай ярьчихсан юм. Тэгээгүй бол цензурдуулчих л байлаа. Дараа нь үүнээс болж надтай ярилцсан Оюунчимэгийг загнасан гэсэн. Одоо “MCS”-ийн талаар ярих гэхээр “Засгаа авч, сайд болчихсон хэрнээ ганц компанийг битгий яриад бай” гэдэг л юм. Гэхдээ ингэхгүй бол болохгүй байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдангуутаа хамгийн түрүүнд тэр тогтоолыг нь цуцалж, төмөр замын асуудлыг цэгцэлсэн.
-“Тэр шийдвэр гарах үед “MCS”-ийн эрхийг зөрчдөг Засгийн газар байдаг юм байна” гэж гайхаж байлаа. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жил ямар ч Засгийн газар энэ компанийн эрхэд халдаж байсангүй?
-Манай нам өнгөрсөн нэгдүгээр сард засгаас гарсан тэр өдөр буюу Засгийн газрын хуралдаан дээр “MCS”-тэй 70 жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулах бичиг нь ороод ирсэн. УИХ-ын сонгуулийн өмнө тавдугаар сард бас дахиад ийм юм болсон. Ер нь энэ бүхэн улайм цайм авлигын хэрэг юм.
-Та АТГ-т өгсөн үү. Одоо шалгаж байгаа юу?
-МоАХ-ны залуучуудаа дагуулж очоод нэлээд сүр дуулиан болгож байгаад баримтуудаа өгсөн. Гэтэл ганц өдрийн дотор л байхгүй болсон. Би мөрдөгч биш болохоороо яасныг нь мэдэхгүй байна. Тэгээд хэрэгсэхгүй болгочихсон.
-Таны эсрэг мэдүүлэг өгч байсан “MCS”-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан одоо УИХ-ын чуулганы танхимд тантай зэрэгцээд сууж байна. Ер нь тантай юм ярьдаг уу?
-Уулзаж байсан. Тэд ер нь өөрсдийнхөө ажлыг их ариухан гэцгээдэг. Би бол тэдэнтэй ойлголцохгүй юм билээ. Гишүүн болсныхоо дараа ч бас “Хамтраад явъя” гэх зэргээр олон удаа ярилцаж байсан. Гэтэл цаад процесс нь бүтэхгүй болохоор хамтрах ямар ч үндэслэл байхгүй.
-Монголын ирээдүйн хөгжлийн төлөө одоогийн баримталж буй бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд та ер нь хэр их үнэ төлж чадах вэ?
-Хэрэв бүтэхгүй бол “Монгол Улсаа Азийн бар болгох гэсэн чинь ингээд болсонгүй. Миний буруу байсан юм байлгүй дээ” гээд олон нийтийн телевизээрээ л ярих байх даа. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Чун Хег хэдийгээр дарангуйлагч гэж нэрлэгддэг ч гэсэн эх орноо хөгжлийн үе дээр нь аваачсан. Гэтэл эхлээд эхнэрийг нь, дараа нь өөрийг нь буудаж хороосон. Харин одоо охин нь гарч ирж байна. Тэгэхээр бүтээгч хүнийг тухайн үеийн нийгэм нь золиосолдог боловч түүний бүтээсэн хөгжлийг дараа, дараагийн үе нь санадаг юм байна. Өмнөд Солонгосын хөгжлийн бодлого манайхтай төстэй. Японоос дайны төлбөр болгож авсан мөнгөнөөсөө хүүхдэд, эхчүүдэд өгнө гэж Конгресс дээрээ ярилцаж байсан. Тэгж хэлж байсан гишүүд нь лоббинд орчихсон, орой нь казинод очиж тоглоод суудаг байж. Тэр бүгдийг эсэргүүцэж, төрийн эргэлт хийж базсан хүн нь Пак Чун Хе. Түүнийг хамгийн анхны хурдны замыг тавих үед хэн ч дэмждэггүй байсан. Түүнээс хойш 20-оод жилийн дараа Өмнөд Солонгост олимп болсон. Тэд дэлхийн гол тоглогч болсон гэдгээ ингэж зарлаж чадсан. Өмнөд Солонгосчууд анх Хойд Солонгосоосоо хөгжлөөрөө илүү гаръя гэж л бодоцгоож байж. Түүн шиг бид Өвөр Монголоос илүү болъё гэж ярих ёстой юм байлгүй. Манайхан Эрээн, Замын-Үүд хоёрыг их харьцуулдаг шүү дээ. Гэхдээ би одоо их баяртай байгаа. Бид хол явах юм шиг санагдаад байна.
-Миний асуулт бол хэрэв тэгж хөгжиж чадахгүй бол та ямар үнэ төлөх вэ гэж. Уг нь би танаас “Би үүнийг хийхийн тулд заавал ингэнэ” гэх мэт баатарлаг хариулт хүлээж байлаа?
-Тэгвэл би шууд хэлнэ. Би ийм авлига авчихсан чинь төмөр зам барих сонирхолгүй болчихлоо ч гэдэг юм уу. /инээв/. Бид хийнэ гэдгээ тохирчихсон. Одоо ингээд урагшаа л алхана.
-Засгийн газраас нөгөө хэд нь гарчихгүй байгаа?
-Гарвал гарч л байг. Оронд нь орж ирэх хүмүүс байгаа юм чинь. Ер нь юм хийх гэж л сонгогдсон хүмүүс биз дээ.
-Та тэдэнд тийм их итгэлтэй байна уу?
-Өөр яах юм бэ. 76-хан хүн л байна.
-Итгэлтэй байгаа юм шиг байх ёстой, тийм үү?
-Тийм. МАН-ынхан дахиж Сү.Батболд шиг хүнийг тавихгүй байлгүй дээ.
-Харин ч түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх гээд байгаа юм биш үү?
-Арай үгүй байлгүй.
-Тавантолгойн хувиа яасан талаар нь олж мэдэв үү?
-“Фортуна” Н.Батбаяр тэр талаар асууж байсан. Зарсан юм уу гэхэд “Зарсан” гэсэн. Гэтэл манай хэвлэлийнхэн энэ асуудлыг огт сонирхохгүй юм. Энэ талаар бараг анх удаа та бид хоёр л ярьж байна даа.
-Хөрөнгө орлогынх нь мэдүүлэгт алга уу?
-Байхгүй. Хүний мууг үзэх гэсэн дээ ингэж байгаа юм биш. Бидний, Монголын Тавантолгой биш, харин өөрийнх нь юм урагшлаад байгаа болохоор тэгж байна. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл л гэхэд хоёр хувиа 80 сая ам.доллараар зарсан. Гэтэл Сү.Батболд хоёроос хамаагүй илүү хувь эзэмшдэг. Яг хэд гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд болчихсон байдаг.
-“Петровис”-ын Ж.Оюунгэрэл гэснээс та эртээд түүний талаар твиттерт жиргэсэн санагдаж байна. Яармагт барьсан Бритиш сургуулиа барих газрын зөвшөөрлийг авахдаа Эко сургууль байгуулна гэсэн нэрээр авсан гэж?
-Энэ тухай бас л хүн болгон яримаар санагдах юм. “Энэ засгийн эрхэнд гарчихаад хувийн компани руу дайраад байна” гэж хүмүүс шүүмжлэх байх. Гэхдээ энэ бол хувийн компани биш. Богд хан уул бараг л дэлхийн хамгийн анхны дархан цаазат газруудын нэг. Гэтэл ам бүрийг нь бид юу болгочихов. Зайсан, Нүхтэд л гэхэд ямар ч төлөвлөлт байхгүй. Одоо дахиад нэг ам руу нь дайрч байна. Би өөрөө Яармагийнх болохоороо сайн мэднэ. Ер нь нисэхээс гадныхан ирэхэд өөдөөс нь Богд уул сайхан дүнхийгээд баймаар санагдах юм. Гэтэл тэнд Эко сургууль байгуулна гэх нэрээр газар аваад орон сууц барьчихсан.
Бритиш сургуулийн нээлтийн ажиллагаа.
-Тэр зөвшөөрлийг хаанаас авдаг юм бэ?
-Байгаль орчны яамнаас авдаг.
-Хэний үед авсан юм бэ?
-Тэрийг мэдэхгүй байна. Тэд их зальтай улсууд. Одоогийн “Орчлон” сургууль байгаа газар Залуу техникчдийн станц гэж байдаг байлаа. Өнөөдөр тэр байхгүй. Тэгээд дараагийн ээлжинд Богд уул руу дайрч орж байна. Үүнийг болиулах үүргийг би хүлээчихээд яриад байгаа юм. Тэгэхээр даанч бөөсний үлгэр шиг “MCS” рүү орчихоод байна. Богд уул Зайсан, Нүхт шиг л болох гээд байна. Гэтэл дархан цаазат энэ уулынхаа өврийг нь ядаж хамгаалмаар байна.
-Танай гэр хаана байдаг вэ?
-Яармагт бий.
-Зайсанд биш үү?
-Тэнд байдаггүй.
-Тэгээд ингээд ярихаар хэн ч тоохгүй байна уу?
-Хэн ч тоохгүй байна. Тэгэхээр нь би ядаад нөгөө муу “Ардчилал” сониныхон руугаа уурлаад “Та нар бас хаалтын гэрээ байгуулчихсан юм уу” гэсэн. Тэгсэн чинь нэг жижигхэн “усан” мэдээ шиг юм гаргасан байна билээ. /инээв / Ер нь тэд одоо болих болсон. Хүмүүс ядуу байхад гудамжаар “Rolls Royce”-той явж чадахгүй байна. Би нэгийг авчихсан. Унаад явах гэхээр чаддагүй юм. Тэгээд гадны зочид ирэхээр нь гайгүй машинаар тосоод авчихъя гэж бодох юм.
-Хуриманд түрээслээд байдаг “Rolls Royce” таных биш үү?
Халтуур хийж олсон бүх мөнгийг 100% хүүхдийн сан руу хандивладаг. Урт болохоор донсолгоо мэдэгдэхгүй, хүч сайтай. Гол дутагдал нь Улаанбаатарын түгжрэл дунд эргэлт хийхэд маш хэцүү.
-Юу гэж дээ. Биш, биш. Жүдочдод зориулж манайхан урт цагаан лимузен авчруулсан юм. Тэрийг л заримдаа хуриманд гуйдаг юм байна л даа. Тэгэнгүүт жолооч нь “Бензинийхээ мөнгийг өг” гэдэг байхгүй юу. Түүнээс биш би тэр урт машиныг унаад явах биш.
-Дэлхий сөнөх өдөр буюу 21-нд та хаана байв. Айсан уу?
-Айгаад сүйд болсон. Хөдөө гарлаа шүү дээ /инээв./
-Гэр бариад уу?
-Юу гэж тэгж байдаг юм бэ. Тэгээд ер нь бас их сонин юм. Ганц бид биш, дэлхий даяараа л тэр өдөр сонин болцгоосон байна. Тэгэхээр хүн төрөлхтөнд тиймэрхүү дохио хүлээж авдаг тархи байдаг байх нь. Оросын мэдээ, “BBC” энэ тэрийг үзэхээр маяачуудын байсан газар хүмүүс очоод үнэмшмээргүй зүйл хийж байх юм. Зөвхөн манайхан биш юм байна.
-Тэр өдрийг санахаар “Хүмүүс амьдралд хайртай юм байна” гэж бодогдсон шүү?
-Тэр бол аягүй хөөрхөн сигнал болсон. Оройны мэдээг нь үзсэн чинь 190 хүн архи ууснаас болж манай эрүүлжүүлэхийнхэн ачааллаа даахгүй байна гэсэн. Тэрийг сонсоод инээд хүрээд татаж унахаа шахсан.
-Х.Тэмүүжин сайд таныг “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэж тодорхойлж байсан. Тэр асуудал юу болов?
-Яг хуулиараа бол тийм асуудал байгаа. Ер нь монголчууд хүнсний үйлдвэр, бензин түгээх газар, банкны салбараа өөрсдөө авах ёстой гэх ойлголт манай намынхны дунд байсан. Гэхдээ нэлээд дээр үеийн явдал. Тэгээд л би хүнсний үйлдвэрүүд рүү орсон. Тэгээд дампуураагүй үлдэж чадсан хэдэн үйлдвэр боллоо. Одоо ингээд харахад ашиг сонирхлын зөрчил их байгаа. Гэхдээ миний ярьж байгаа зүйл цаанаа том зорилготой шүү дээ. Х.Тэмүүжин сайд багш хүн байсан болохоор хувьцаат компани, хувийн компани гэх мэт зүйлсийг сайн мэддэгүй юм шиг байна лээ. Тийм болохоор би сүүлд өөрт нь “Мах импекс”, “Талх чихэр” бол хувьцаат компани” гэж хэлсэн. Ганц би биш, 10 хэдэн мянган хүн тэнд хувьцаа эзэмшиж байгаа. Тэрийг ойлгосон юм уу, үгүй юу, мэдэхгүй. За ойлгуулаад байх даа ч яах вэ дээ.
-Мань хүний хувьд та ярихад сонирхолтой сэдэв байсан байх?
-Одоо бол хүмүүс намайг нэг их шүүмжлэхгүй л байна. Гурил, махны үнийн зөрүүн дээр “ажиллах” хүн биш гэж боддог юм байлгүй.
-Тэгэхээр “Талх чихэр”, “Мах импекс”-ыг та бодлогоор авсан гэсэн үг үү?
-Ерөнхийдөө бол Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үед тийм зүйл ярьж байсан. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл “НИК”-ийг авах үед нь түүнд би хүртэл мөнгө зээлж байлаа. “Би биш бол оросууд авах гээд байна” гэж байсан. Одоо өөрөө үүнийгээ таг мартчихаагүй л бол санах л ёстой.
-Нууц биш бол хэдэн төгрөг зээлж байсан юм бэ?
-Тэрийг юу гэж одоо хэлэх юм бэ. Тухайн үед тендерт оролцож байхад нь “Монгол хүн үүнийг авахгүй бол гадныхан орж ирж эзэмших гээд байна. Тэгвэл тэр чигтээ хараат болно” гэж ятгаж байсан. Ядаж бензинээ өөрсдөө жижиглэнгээр худалдъя гэсэн.
-Дараа нь “Капитрон” банкин дээр хувь нийлүүлсэн үү?
-“Капитрон” банкин дахь хувиа эхлээд Ж.Оюунгэрэл, дараа нь би зарчихсан. Би бол банкинд тохирохгүй хүн юм билээ.
-Ж.Оюунгэрэлтэй яагаад хамт бизнес хийж болоогүй юм бэ?
-Цаанаасаа таардаггүй хүмүүс гэж байдаг. Бид тийм л юм билээ.
-Сонирхолтой түүх байна. “MCS”-тэй бас хамтарч явсан юм биш биз?
-Үгүй шүү. Ер нь “MCS” бол тендер дээр л боссон компани шүү дээ. Гадны орнуудад нүүрсний том уурхайтай компанийг бусад тендерт орохыг хориглодог юм билээ. Одоо ер нь энэ “MCS”-ийг ярихаа больё. Би энэ компанийн бизнесийн зарчмыг нь шүүмжилдэг. Явуулж байгаа үйл ажиллагаанууд нь Монгол Улсад нэг л хүйтэн, цэвдэг хандлагатай байдаг юм.
-Шинэ он гарав уу, үгүй юу л монголчуудын ээлжит проблем эхэлдэг. Цагаан сар дөхмөгц махны үнэ өснө. Энэ удаа махны үнийн хөөрөгдлийг хэрхэн зогсоох вэ?
-Мах, гурилын үнийг нэмэхгүй байхын төлөө бид ажиллаж байна. Малчин, үйлдвэрлэгч хоёрыг шууд холбохоор зорьж байгаа. Хөдөө аж ахуйн биржийг Монгол орон даяар байгуулна. Саяхан үүнтэй холбогдуулан хоршоологч малчидтай зөвлөлгөөн хийлээ. Энэ хавар бид махаа хямд үнээр худалдаж авч иднэ.
-Тэгж чадахгүй бол яах вэ?
-Тэр тухайгаа хэлнэ дээ. Ер нь энэ засаг их нээлттэй байгаа шүү.
-Саяхан болсон ардчиллын ойгоор нэлээд олон хүнд та байр өглөө. Хөрөнгийг нь та өөрөөсөө гаргасан уу?
-Би жил бүр л байр өгдөг. МоАХ бол ямар ч орлого, төсөв байхгүй, төрийн бус байгууллага. Гэтэл тэдгээр партизануудыг харж үзэх нэг ч газар байдаггүй. Тэдний төлөө миний хийж чадах зүйл бол ганц өрөө байр өгөх юм. Үүнийг дэмждэг хүн ч бас байхгүй.
-Та өмнө нь засгаас гарах үедээ Н.Алтанхуягийг “Ийм, ийм ажлыг хийе ч гэж хөөцөлддөггүй байсан” гэж шүүмжилж байсан. Харин одоо Ерөнхий сайд болонгуутаа нөгөө ажлуудаа хийж эхэллээ. Тэгэхээр том дэвшил гарлаа гэсэн үг үү?
-Тухайн үед Шадар сайд байхад нь намынх нь хүн салбар хариуцсан сайд болчихоод “Ингэе, тэгье” гэхээр хийдэггүй байсан. Гэтэл Ерөнхий сайдад тэр эрх мэдэл нь байдаг байж. Одоо гүйцэтгэх засаглалын тэргүүний албан тушаалыг авангуутаа өөр болчихоод байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд бид хамтарч ажилласан. Өглөөний 08.00 цагт шуурхайгаа хийж байна, Засгийн газар бямба гарагт ажиллаж байна, хүмүүсээ ажлын таван өдөрт хариуцсан яаман дээр нь ажиллуулдаг болсон. Энэ бүхэн бол маш том шинэчлэл. Хамгийн сонирхолтой нэг зүйл бол Засгийн газрын хурал яг цагтаа эхэлдэг болсон явдал. Өмнө нь тэгдэггүй байсан. Ерөнхий сайдад шийдвэр гаргах алх байдаг юм байна. Алх байгаа хүнд бусад нь хадаас шиг харагддаг учраас цохиод, цохиод явчихдаг юм байна шүү дээ.
-Та “Алтангадас” фракцийг нэлээд шүүмжилж байсан. Одоо хэвээрээ юү?
-“Алтангадас”-ынхан үе, үеийн засагт ордог хэрнээ юу ч хийдэггүй гэж шүүмжилдэг байсан. Тэр нь өөрсдөд нь л хэрэг болсон байлгүй.
-Засаг задрах тухай яриа гарах бүрд таныг дараагийн Ерөнхий сайд болно гэх таамаг хэвлэлүүдээр гардаг?
-Харин тийм. Бусад нь намайг “Өөрийгөө бичүүлж байна” гэж боддог байх. Уг нь би нөгөө ажлууд маань урагшлаасай гэж л залбирдаг. Хамгийн чухал асуудал бол Монгол Улсын Засгийн газар тогтвортой байх явдал. Өмнө нь 1996-2000 онд засаг олон удаа огцорч байсан. Тэр үед огцруулсан хүн нь өнөөдөр ямархуу байдалтай байна вэ. Ингэж засгийг тараах явдал хэнд ч хэрэггүй.
-Тань шиг ингэж ярьдаг хүн олон байна уу?
-Хүмүүс янз бүрээр бичиж л байг. Ер нь өөрийнхөө мөнгийг Монгол Улсын хөгжилд зориулж гаргаад явдаг хүн бараг байхгүй биз. Би найз нөхдөдөө “Чам шиг ийм тэнэг хүн байхгүй” гэж янз бүрээр хэлүүлж байлаа. Ер нь зөндөө хөрөнгө гаргадаг. Тэгэнгүүт тэр нь буруудчихдаг. “Энэ нэг л “но”-той” гэж ирээд бичихийг нь яана.
-Тэрийг тань зөвөөр ойлгосон хүмүүс таныг “Хэзээ нэгэн цагт Ерөнхий сайд болно” гэж ярьдаг байх л даа?
-Одоо ийм юм битгий ярь. Хэтэрхий цензургүй болчихлоо. /инээв/.
-Таны “Facebook” дээрээ тавьсан зурагнуудыг харж байхад “Чингис брэнд” гэдэг нэг зураг байсан. Та өөрөө зурав уу?
-Харандаагаар эскиз гаргаад дизайныг нь хийдэг хүүхдүүдэд өгсөн. Би өөрөө дүрслэх төгссөн хүн. Энэ чиглэлийн залуучуудтай тал талаасаа ярилцаад тэр бүтээлийг хийсэн юм. Би санааг нь л гаргасан.
-Тэгээд л орхичихсон уу?
-Би нэгийг нь Хакуход, нэгийг нь “Тоёота”-гийн боссод өгсөн. “Юу гэж ийм машин зарагддаг юм бэ” гэж бодоод байх шиг, нэлээд гайхаж байна билээ.
-Стивен Спилберг Чингисийн тухай кино хийх гэж байгаа гэдгийг та сонссон байх. Би тэр талаар нэг кино найруулагчтай ярилцаж байсан юм. Ер нь тэр киноны төслийг Монголын Засгийн газар санхүүжүүлж болдоггүй юм уу?
Сергей Бодров энэхүү "Монгол" киногоо 2007 онд бүтээсэн. 26 сая доллар зарцуулж боссон. Орос, Казакстан, Германы уран бүтээлчид оролцсон ба гол дүр Тэмүжинд япон жүжигчин тоглосон.
Засгийн газар оролцвол захиалгат кино болно. Тэгвэл хүн үзэхгүй. Спилберг бол зах зээлээ харж байгаад яаж мөнгө босгох вэ гэдгээ тооцоолсон биз. Ер нь Чингис хааны тухай 20-оод кино байдаг. Аль нь ч амжилт олж байгаагүй. Зах зээлээ мэдрээгүй хүмүүс тэр брэндээр мөнгө олох гэсэн санаа юм байлгүй. Чингис бол брэнд мөн. Гэхдээ хаашаа хандах вэ гэхээр зах зээл байхгүй. Хамгийн сүүлд Бодоров “Монгол” гэдэг нэг кино хийсэн. Хамгийн гайгүй нь л тэр байх.
-“Түмэн хишигтэн” хэзээ босох вэ?
-Үйлдвэрийг нь байгуулаад эхэлчихсэн. Одоогоор 200-гаад захиалгаа авчихсан байгаа. Тухайн үед сэтгэлийн хөдлөлөөр энэ ажлыг эхэлчихэж. Гэтэл дэлхий дээр гурван метрийн өндөртэй, 10 мянган морьтон цэргийн хөшөөг хэн ч хийгээгүй юм байна. Өвөрмонголчууд үүнийг дуурайгаад чулуугаар явган цэргүүдийн хөшөөг босгож эхэлсэн. Харамсалтай нь манай ихэнх барималч, уран бүтээлчид Өвөр Монгол руу явчихаж. Тэнд ажиллах зах зээл нь байгаа учраас тэр. Харин өвөрмонголчууд нь манайхны чадварыг гүйцдэггүй юм байна. Үүнтэй холбогдуулан эрдэмтэдтэй зөвлөлдсөн. Чингисийн үед “Түмэн хишигтэн” цэргүүд Монголын дайны бодлогыг тодорхойлдог байж. Хууль цааз нь ч хатуу байсан байна. Унахыг морийг нь сургадаг, усалдаг хүн хүртэл тусдаа байсан гэж байгаа ... /инээв./ За одоо нөгөө хунтайж Давааням шиг болох нь ээ. Больё.
-Тэгээд дайнд явдаг хүмүүс яадаг байсан гэнэ ээ?
-/инээв / Дайнд унадаг морийг тургидаггүй болгож сургадаг хүн ч байсан гэнэ. Энэ тухай эрдэмтэд ярьсан юм. Цэргүүд дайнд орох үед жанжин нь бүгдийг нь зэрэг зогсоож, хөдөлгөж байсан арга нь бас сонин. Тэр үед чанга яригч гэж байсан биш. Ер нь нүүдэлчин ард түмэн тийм хүчирхэг болсон шалтгаан нь институцийн зохион байгуулалт юм. Их Засаг хууль хэрхэн мөрдөгдөж, сахилга батыг яаж чанга барьдаг байсан бэ гэдгийг бодохоор хууль хэрэгждэг газар хөгждөг гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Энэ бүх түүхийг сайн ярьж байвал ямар ч монгол хүн архи уучихаад хоосон цээжээ дэлдэхээ болино. Тэр түүхийг судлаад ирэхээр “Бид үүнийг үргэлжлүүлэх ёстой. Гэтэл одоо ямар арчаагүй байна вэ” гэж бодогдохоор шүү. “Түмэн хишигтэн”-ийг хийж байгаа нэг шалтгаан нь тиймэрхүү ойлголтыг хүмүүст бий болгох юм.
-Тэгэхээр 2013 оноос энэ ажилдаа тууштай орох юм байна, тийм үү?
-Тийм ээ. Манайд түүхийн холбогдолтой янз бүрийн номнууд гарч байгаа. Гэхдээ зохиолчдын үзэл бодол орчихсон байдаг. Энэ нь тэдний буруу биш. Гэхдээ бид тэр том институцийг судалж гаргах хэрэгтэй.
-Чингис хаантай холбоотой гарсан зохиолуудаас аль нь танд хамгийн их таалагдав?
-Тийм сайн зохиолыг одоогоор олж хараагүй л байна. Монголын нууц товчоо бол нарийн зүйл багатай, үнэн худал нь яг мэдэгддэггүй.
-Ер нь тэр талаар кино хийе гэсэн бодол танд байдаг уу?
-Байхгүй. Энэ бол маш том сэдэв. Түүний оронд барималтайгаа ноцолдож байсан нь дээр. Хоёрын хооронд кино бол хийгээд яах юм бэ. Үзэл суртал талаасаа, хүнд хүрэх байдлаараа ч гэсэн кино хамгийн хүчтэй нь байдаг. Тийм зүйлийг хийхийн тулд авьяас хэрэгтэй. Үүнийг улсаасаа дэмжих ёстой. Өмнөд Солонгос, Япон, Хятадын кинонууд хүчээ авч байгаагийн ард төр нь байдаг. Өмнөд Солонгосын төр нь урлагаа бодлогоор дэмжсэний үр дүнд сая гангнам стайл буюу Psy гэдэг дуучин гарч ирлээ шүү дээ.
-Засгийн газрын түвшинд энэ асуудал яригддаг уу. Манайх төрийн бодлогоор урлаг, спортоо дэмжих тал дээр тааруухан шүү дээ?
-Хэцүү. Манай улсад хамгийн хоцрогдсон хоёр холбоо байдгийн нэг нь Монголын үндэсний бөхийн холбоо, Олимпийн хороо. Энэ хоёрыг би сайхан шүүмжилнэ. Тэгэхээр хүмүүс нь урдаас хараад инээж суухаас өөрийг хийхгүй юм. Манайх жилийн дөрвөн улиралтай орон хэрнээ өвлийн спорт огт хөгжөөгүй. Өвлийн спорт хаачив гэж Олимпийн хорооныхноос асуудаг. Хариулж чадахгүй л байхгүй юу.
-Тэгсэн хэрнээ дээрх хоёр байгууллагын дарга нар бараг бүх насаараа сонгогддог шүү дээ?
-Харин тийн юу ч хийхгүй атлаа бүх насаараа сонгогдоод л...
-Олимпийн хорооны дарга болох тийм ашигтай юм болов уу?
-Мэдэхгүй.... Өөрсдөөс нь асуувал дээр байх л даа... Энэ талаар бас хэвлэлийнхэн барагтай л бол бичихгүй юм байна шүү дээ....
-Баярлалаа. Бидний цаг дуусч байна. Танд амжилт хүсье