АН-ынхан анхны сонголтоо тууштай хамгаална
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
2012.12.11

АН-ынхан анхны сонголтоо тууштай хамгаална

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2014-2016 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдээс ирүүлсэн саналуудын талаар мэдээлэл сонсчээ. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд иргэдийн зүгээс ирүүлсэн саналын ихэнх хувийг үргүй зардал болгож гаргахгүй байх хэрэгтэй гэсэн байна. Мөн 2013 онд төсвийн алдагдалгүй байх чиглэл рүү явахын тулд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн гэнэ. Тиймээс М.Зоригт гишүүнээр ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар болжээ.

2013 онд төсвийн алдагдалгүй байх чиглэл рүү явахын тулд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй

Бүлгийн хурлаар энэ өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч гишүүдийн зүгээс улс төрд өрнөж буй асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна гэдэг саналыг гаргаж хэлэлцжээ. Ингэж асуудлыг хэлэлцэхэд гишүүд олон өөр байр суурь баримталж байжээ. Гэхдээ гэрээний хугацаа дуусаагүй, "Шударга ёс" эвслийг ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газарт урьсан болохоос биш өөрсдөд нь албан тушаал өгч, жижиг улс төрийн тоглолт хийлгэх гэж боломж олгоогүй гэдэг байр суурьтай гишүүд олон байсан гэнэ. Тиймээс гэрээний хугацаа дуусах болоогүй гэдгийг тус эвслийн бүлэгт анхааруулахаар болжээ.

Ер нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс АН-ынхан ажиллах гэнэ. Шууд хэлбэл тогтвортой төрийг цогцлоож ард иргэдийнхээ төлөө хоёргуй сэтгэлээр ажиллах сонголтыг АН анх хийсэн. Энэ сонголтоо тууштай хамгаална гэдэгт гишүүд нь санал нэгдсэн байна. Харин УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулахын тулд тангараг өргөх гишүүдээ алагчлалгүй үзэх хэрэгтэй байгааг бусад нам, эвслийнхэндээ дуулгах хэрэгтэй байгааг гишүүд мөн сануулсан байна. Түүнчлэн УИХ, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах болсон гэдгийг ч бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.