Намд нь үхширмэл арга барил ноёлж байгаа учир Д.Арвин ийм сонголт хийсэн байх
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Д.Арвин гишүүнийг АН-д элсэх тухай яриа гарлаа. Энэ тухайгаа танай намынханд мэдэгдсэн үү?
-Албан ёсоор мэдэгдээгүй байгаа.
-Өчигдөр МАН-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн байна. Тэгэхээр танай намд орох нь тодорхой болж байна уу даа?
-Аль нэг намд элсэх, гарах нь хувь хүний чөлөөт сонголт шүү дээ. Хуучны социализмын үеийнх шиг хатуу шалгуур, элдэв шийтгэлтэй байдаг үйл явц биш. Ардчилсан намын үзэл баримтлал, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн хэн ч манай намд элсэх бүрэн боломжтой. Манайх demparty.mn гэсэн цахим хуудсаар ч намд элсэх өргөдөл хүлээж авдаг.
-Ер нь ямар нэгэн байдлаар энэ асуудлыг АН, нам дотроо ч юмуу Д.Арвин гишүүнтэй ярилцсан уу?
-Энэ тухай цөөн хүний хүрээнд ярилцаж байсан. Би хувь хүнийхээ хувьд Д.Арвин гишүүнийг УИХ-д удаа дараа сонгогдож чадсан, өөрийнхөөрөө байж чаддаг, намынхаа дотоодын элдэв хуйвалдаанд тэр бүр хутгалдаагүй цэвэр улстөрч гэж харж, дэмжиж явдаг. Би телевизэд ажиллаж байхдаа "Эмэгтэйчүүдээ дэмжье" аяны хүрээнд түүнийг болон бусад олон эмэгтэйчүүдийг улс төрд ороход нь дэмжиж байсан.
-Танай намынхан асуудалд яаж хандаж байгаа бол. МАН, хуучны МАХН-ын гишүүн хүн танайд элсэх асуудлыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хувь хүн бүр тухайн асуудалд өөр өөрийнхөө дүгнэлтийг хэлэх байх. Манай намын дүрмийн 3.1.1-д зааснаар АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, дүрмийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн манай намд гишүүнээр элсэж болно. Түүнийг бөөнөөрөө сууж хэлэлцээд, нөгөө кинон дээр гардаг шиг "Жа, энэ хүүхнийг намд элсүүлэх нь зохимжгүй" гэж нэг лам хэлтэл нөгөөдөх нь тэр ламын бузар булайг дэлгээд "Энэ чинь ариун явдал уу" гээд уйлаан болдог шиг үйл явц болохгүй. Тийм үеийг халаад бид 23 жил болж байна шүү дээ.
-Д.Арвин гишүүнийг хувирамтгай зантай гэдэг. Үе үеийн намынхаа даргын арга эвийг олж жилладаг тухай ярьдаг. Харин танай намд үнэнч ажиллана гэдэгт итгэлтэй байна уу?
-Манай намын дүрэмд "Гишүүн нь намдаа болон дарга нартаа үнэнч ажиллана" гэсэн заалт байхгүй. Хүний тодорхой ямар нэгэн зан авир нь намд элсүүлэхгүй байх шалтгаан болно гэсэн үг өгүүлбэр бүр ч байхгүй. Хуучин социализмын үеийн МАХН-ын дүрэмд л даруу төлөв зантай, хамт олондоо нэр хүндтэй ч билүү, нэг тиймэрхүү заалт байдаг байсан байх. Манай Ардчилсан намын дүрэм түүнээс тэс өөр үзэл баримтлалтай шүү дээ.
-Хувь хүнийх нь гаргасан үйлдлийг юу гэж дүгнэж байна. Намынхандаа гомдоод намаасаа гарсан хүн танайд орлоо гэхэд барьж тогтооно гэдэг хэцүү байх?
-Гишүүдээ барьж тогтоох үйл ажиллагаа явуулдаг ямар ч дүрэм журам АН-д байхгүй. Ард нийтээр хэлэлцүүлж олны дэмжлэг авсан сонгуулийн мөрийн хөтөлбөр маань одоо ид хэрэгжиж эхэлж байна. Энэхүү шинэчлэлийн алхмыг олон хүмүүс хүлээн зөвшөөрч, гар бие оролцон хийлцье гэсэн чин хүсэлтээ илэрхийлж байгаагийн нэг нь л Д.Арвин гишүүн. МАН-д байхдаа тэрээр намынхаа шинэчлэлийн тухай хатуухан үг хэлчихдэг цөөхөн гишүүдийн нэг байсныг бүгд мэдэж байгаа. Үнэхээр шинэчлэгдэхгүй, илүү сэтгэж, илүү дуугарсныгаа тал бүрээс хавчин хяхдаг хуучны коммунист арга барил нь Ардын намд үхширмэл хэвээр ноёлж байгаа учраас л Д.Арвин гишүүн байж суух аргагүй болоод ийм сонголт хийж байгаа байх.
-Эсвэл ямар нэгэн албан тушаал амласан юмуу, түүнд?
-Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад сонгогчдын олонхийн саналаар сонгогдоод ороод ирсэн УИХ-ын гишүүн хүн шүү дээ.
-АН-д хэзээ элсэх бол. Тодорхой мэдээлэл бий юу?
-Манай намын гишүүдийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний журамд зааснаар намын гишүүнээр элсэхийг хүссэн иргэн намын аль нэг байгууллагад хүсэлт гаргана. Хүсэлтийг өөрийн биеэр болон утас, Е-мэйл, факс, захидлаар гаргаж болно гэж заасан. Мөн намд шинээр элссэн гишүүн нь үнэмлэхээ өөрийн биеэр гардан авна. Хэрэв гишүүн нь гардан авах цаг хугацааны болон орон зайн боломжгүй бол хүргүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу л үйл явц өрнөх байх.