Төрд зүтгэнэ гэсэн шийдвэр миний хувийн сонголт
“Улстөрч ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг, Д.Туяа нарын хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг уригдлаа.
-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод хагас жил болчихлоо. Өмнөх ажил амьдралын тань хэв маягт өөрчлөлт орсон байх гэж бодож байна. Ажлын нэг өдрөө зураглавал ямар төрх буух бол?
-Ажлын хэмнэлд гарсан өөрчлөлт байхгүй. Чөлөөт цаг, зав зай өмнөхийн адил бага л байна. Өнгөрсөн хугацаанд МАН бүлэггүй байсны улмаас УИХ-ын байнгын хороонд ажиллах боломж гараагүй ч УИХ-аар хэлэлцэж, батлагдах хуулийн төслүүдэд анхаарлаа хандуулсан. Надад итгэл үзүүлж, УИХ-д төлөөлөл болгож илгээсэн сонгогчид бий. Тийм учраас ажил таслах эрх надад байхгүй шүү дээ.
-Улс төрийн орчныг нэлээд сайн ажиж, хувийн дүгнэлтээ хийчихсэн байх. Таны бодож явсан орчин, бодит байдал хоёрт зөрүү байна уу?
-Хэдийгээр аав, ээж маань УИХ-ын гишүүн байсан ч энэ бол миний хувьд шинэ орчин. УИХын гишүүд хүнсний аюулгүй байдал ч юм уу, тэтгэвэр тэтгэмж нэмэх гэх мэт нийтлэг асуудалд улстөржихгүй шийд гаргаж чаддаг ч зарим асуудалд илт улстөржих хандлага анзаарагддаг. Жишээ нь, нийт сонгогчдын 40 орчим хувийн саналыг авсан улс төрийн хүчин УИХ-д бүлэг байгуулж чадахгүй нөхцөл үүссэн.
Ирээдүйг арай илүү өөдрөгөөр харж байна.
Би гэхэд Орхон аймгаас 17000 гаруй сонгогчийн санал авсан. Ямар ч тохиолдолд ардчилсан нийгмийн үнэт зүйл болох сонгогчдын санал үнэгүйдэх ёсгүй л дээ. Харин сүүлийн үед сонгогчдын саналыг тохиролцооны хэлбэрт шилжүүлээд байх шиг. Саяхан манай нам УИХ-д бүлгээ байгууллаа. Ирээдүйг арай илүү өөдрөгөөр харж байна. Сонгогчдынхоо бодож, санаж яваа зүйлийг хууль санаачлах, батлах түвшинд хэрэгжүүлж эхэлнэ гэж бодож байгаа.
-Барууны оронд сурч, хувийн хэвшилд ажиллаж, шийдвэрийг хурдан гаргаж, хэрэгжүүлж сурсан хүнд Төрийн алба хөшүүн талдаа санагддаг. Ийм бодол Танд төрсөн үү?
-Төрийн ажил удаан байх ёсгүй л дээ. Дэлхийн эдийн засаг, улс төр маш эрчтэй хувьсаж байгаа үед хувийн хэвшлийн шийд хурдан, Төрийн байгууллагынх удаан гэж бултах аргагүй. Бизнесийнхэн тулгамдсан асуудлаа яаралтай шийдэхгүй бол араас нь дахиад хүндрэл үүсчихдэг учраас илүү шуурхай харагддаг байх. Асуудлыг аль өнцгөөс харж, яаж шийдэх вэ гэдэг л хамгийн чухал. Манай улс залуусын орон, байгалийн баялаг, хүний нөөцөөр баян. Хөгжих боломж бий юү гэвэл байгаа. Өдөр тутам тулгарч байгаа хүндрэл хэнд ч байна. Тэр бүр бодож, хүсэж байгаа зүйл нь биелэхэд амаргүй байгаа байж мэднэ. Энэ бүгдийг зангидах зөв бодлого, зөв хандлага, зөв чиглэл дутагдаад, нэг нэгнээ шүүмжилж, арсалдаад байдаг болж. Монголчуудын амжилтын түүхийг XIII зууны эзэн Чингис хааны байлдан дагууллын үеэс л харж болдог. Тэр үед бүх зөрчлөө даваад, илүү чиглэсэн зорилготой болчихсон байж. Яг ийм байж чадвал бид дэлхийд хамгийн чадварлаг хүмүүс гэдгээ харуулах боломжтой. Өнөөдөр бол нэгнийгээ унагах, асуудалд намчирхаж хандах үзэл ноёлоод байна. Ийм сул талыг бид хаях ёстой л доо.
-Аав, ээж, хүү гурав Парламентын гишүүнээр сонгогдсон жишээ манайд байхгүй. Энэ түүхийг эхлүүлснээрээ Та бусдын анхаарлыг татдаг. Ш.Отгонбилэг агсан, Д.Туяа хоёрын хүү Содбилэг гэж хэн болохыг мэдэх сонирхолтой хүмүүс бий. Та харин нууцлагдмал байх дуртай юм шиг санагддаг?
-Хувь хүнийхээ хувьд Монгол Төрийн төлөө зүтгэж, хийх юмаа хийсэн аав, ээжээрээ би бахархаж явдаг. Яахав, хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй учраас хүмүүс ингэж дүгнэдэг байж мэдэх л юм. Аав, ээж бол үр хүүхдүүддээ хамгийн нандин, эрхэм хүмүүс. Тийм учраас нандин зүйлээ өөртөө хадгалах ёстой гэж боддог. Зарим нэг хүнээс аав, ээж нь Парламентын гишүүн байсан, энэ алба үр удам дамжсан гэх яриа цухалздаг ч би ач холбогдол өгдөггүй. О.Содбилэг гэдэг хүн Монгол Улсын иргэн учраас улс орныхоо төлөө зүтгэх үүрэгтэй биз дээ. Энэ хүсэлд аав, ээжийн минь төлөвшил нөлөөлсөн байх. Миний боловсрол, үзсэн харсан бүхэн ч нөлөө үзүүлсэн. Төрд зүтгэх, төрийн түшээгээр сонгогдох хувь заяа надад тохиосонд хүндэтгэлтэй ханддаг.
-Улс төрийн орчин тийм амар биш гэдгийг Та хүүхэд байхаасаа мэдэрсэн болов уу. Бүгдийн анхаарлын төвд байж, алдаа оноогоо ил цагаан дэнслүүлдэг энэ талбарт орох саналыг намын зүгээс тавьсан уу. Ээж тань яаж хүлээж авсан бол?
-УИХ-ын сонгуульд өрсөлд өнө, Төрд зүтгэнэ гэсэн шийдвэр миний хувийн сонголт. Орхонд нэр дэвшинэ гэдгээ ээждээ дуулгасан. Ээж надад “Миний хүү, улс төр амаргүй шүү. Хэрвээ ийм шийдвэр гаргаж байгаа бол өөрийнхөө бодлоор яв. Сонгуульд бэлтгэл сайтай оролц. Харин сонгогдсоныхаа дараа хариуцлагатай байх ёстой” гэсэн. Аав, ээж маань дүү бид хоёрт “Ийм юм хийх ёстой, ингэж анхаар, тэгж ханд” гэж хэлж байгаагүй. Ямар ч асуудалд өөрийнхөөр өө хандаж бай л гэсэн зарчмаар өсгөсөн. Харин аав маань нэг удаа “Би Монгол Төрийн төлөө зүтгэж явна. Яагаад гэвэл бид өөрийн гэсэн агуу түүхтэй, тусгаар тогтносон улс. Энэ бол бидний эх орон. Бид энэ улсын төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх учиртай. Чи ч гэсэн зүтгэх ёстой. Хэрвээ тийм цаг ирвэл энэ бодлыг агуулж яваарай” гэж хэлж байлаа. Тэгэхэд би 21 настай байж.
-Арван нэгэн жилийн өмнө Увсын Малчин суманд болсон нисдэг тэрэгний ослыг хүмүүс мартаагүй. Энэ мэдээг Та хаана байхдаа сонссон бэ?
-Ослын өмнөхөн би өвлийн амралтаараа ирж, шинэ жилийг аав, ээж, дүүтэйгээ халуун бүлээрээ угтсан. Амралтаа дуусгаад Вашингтонд сургуульдаа очоод хоёр хонож байтал нэг орой аавын маань найз, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж ах утасдсан. “Миний хүү, Малчин суманд айхтар юм боллоо. Аав чинь юманд орчихож, чи гэртээ хурдан хүрээд ир” гэсэн. Манайхан ийм мэдээг шууд дамжуулдаггүй шүү дээ. Ялангуяа хол яваа хүндээ. Тэгээд онгоцны тасалбар захиалаад маргааш нь наашаа ниссэн. Ерөнхийдөө ноцтой юм болчихлоо гэдгийг ойлгосон. Хүн совингоороо мэдрээд байдаг юм билээ. Ээжтэйгээ ярьчихаж байгаа хэрнээ аавтайгаа ярьж болохгүй байсан.
-Хожим бодож байхад аавтайгаа уулзсан сүүлчийн уулзалт байж, захиас үлдээсэн юм байна гэж бодохоор зүйл гарч байсан уу?
-Ер нь манай аав нялуун биш их шулуухан хүн. Намайг бүр жаахан байхаас дагуулж явж, хүмүүстэй уулзуулж, танилцуулдаг байсан. Тэр үед ч биш, ер нь надад амьдралынхаа турш захиас хэлсэн байдаг. Чи монгол хүн, эх оронтой хүн. Энэ улсын төлөө юм хийж, бүтээх ёстой хүн. Аав нь улс орныхоо төлөө зүтгэж явна. Хүнд хэцүү өдрүүд таарсан. Гэхдээ аав нь буруу юм хийгээгүй, эх орныхоо төлөө, бүтээн байгуулалтын төлөө ажиллаж, бусдын төлөө цохилох зүрхтэй явсан учраас бүхэл бүтэн Засгийн газар ч миний эсрэг зогсож дийлээгүй.
Би аавыгаа яаж гүйцэхэв.
Энэ бүгдээс сурч ав гэдэг ч юм уу, сургуулиа сайн төгсөх ёстой. Зам цаашаа улам уртасна, үзэж харах юм их бий шүү гэх мэтээр зөвлөнө. Тэр нэгэн шинэ жилийг манайхан гэр бүлээрээ их сайхан өнгөр өөсөн. Амралтаараа ирэхэд аав өмнө нь юу хэлдэг байсан түүнийгээ л хэлж байсан.
-Ийм гэнэтийн үйл явдал хүний үзэл бодолд өөрчлөлт оруулдаг. Та өөрөөсөө ямар нэгэн өөрчлөлт олж харсан уу?
-Тийм хүчирхэг том аав байхгүй болсны дараа урьд нь сайхан харилцаатай байсан хүмүүсийн зан өөрчлөгдөөд байгаа нь анзаарагдсан. Дотнын сайн нөхөд нь бол хэвээрээ байсан шүү. Хүн л юм болохоор тэр бүхнийг анзаардаг юм билээ. Гэхдээ энэ тийм чухал биш. Миний аав юуны төлөө зүтгэж явсан нь чухал учраас би өнөөдөр сонголтоо хийчихсэн явна. Аав маань их залуудаа өөд болсон ч олон юмыг бүтээж, амжуулсан байдаг. Би аавыгаа яаж гүйцэхэв. Хүмүүс заримдаа миний нэрийг Ш.Отгонбилэг гэдэг шиг Ш.Содбилэг гэж тэмдэглээд байдаг. Гэхдээ тэр нь надад сайхан санагддаг юм.
-Таны хүүхэд нас дэлхийн зэсийн топ арван уурхайн бүтээн байгуулалттай хамт өнгөрсөн. Аавыгаа дагаж явахдаа уурхайн шинэ бүтээн байгуулалтыг сонирхож байсан болов уу гэж бодож байна. Өнөөдөр өмнийн говьд зэсийн шинэ үйлдвэр босож байгаа. Танд энэ бүтээн байгуулалт ямар нэгэн зүйл бодогдуулдаг уу?
-Манай Эрдэнэт өөрийн өнгө төрхтэй, сайхан газар. Их эртэч, өглөө зургаан цагт босоцгоодог, бүтээлч дүр төрх Эрдэнэтэд бий. Бас бүх аймаг, сумаас цугласан үндэстэн ястны төлөөл өлтэй, олон ургальч үзэлтэй өвөрмөц аймаг. Шөнийн хоёр цагт манай гэрийн хонхыг дараад захиралтай уулзъя гэж хүмүүс ирнэ. Аав босоод ажил төрлөө ярьж байдаг тийм орчинд би өссөн. Тэр үед монгол инженерүүдийн бүтээн байгуулсан үйлдвэр 35 жил үр ашигтай ажиллаж байна. Дэлхийн зэсийн арван том үйлдвэрийн нэгд багтдаг энэ уурхай, уулын ажлыг уурхайчид маань хийх ёстой ажлаа хийж байна л гэж боддог, ажилдаа их итгэл үнэмшилтэй ханддаг. Би боддог юм, 1980- аад оны монгол инженер бэлтгэх бодлого мундаг байж гэж. ЗХУ, социалист бусад орнуудад бэлтгэсэн 200-300 инженер Эрдэнэтэд ажиллаж эхэлсэн. Тэр инженерүүд одоо ч энэ үйлдвэрээ аваад явж байна. Өнөөдөр “Эрдэнэт”-ийг гэхээс илүү “Оюутолгой”-н орд, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” гэдэг болж. Яг үнэндээ “Оюутолгой”-н орд “Эрдэнэт” үйлдвэртэй салшгүй холбоотой л доо. Аливаа юм үргэлжилж байдгийг энэ хоёр үйлдвэр харуулдаг. Энэ ордыг зүгээр нэг хайгуулын анги олчихоогүй. “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглаж эхэлсний дараа Монголын дараагийн зэсийн үйлдвэрийн нөөц хаана вэ, тэрийг олох ёстой гэсэн зорилт тавьж энэ ордыг илрүүлсэн юм шүү дээ. Энэ түүхийг манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай их тодорхой хэлдэг юм. “Оюутолгой”-г олоход “Эрдэнэт”- ийн Ш.Отгонбилэг онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол зорьж олсон орд гэж. Одоо бол “Оюутолгой”-г саалийн үнээ энэ тэр гэж байна. Зөвхөн гаднын хөрөнгө оруулагчдыг биш, Монголын уул уурхайн асар том туршлагатай баг энэ ордыг илрүүлэхэд хувь нэмрээ оруулсан шүү гэдгийг монгол хүн бүхэн санаж, бахархаж байх ёстой гэж би боддог.
-Таны аавыг хурдтай, дайчин, шийдэмгий хүн байсан гэдэг. Харин ээж тань дөлгөөн хэрнээ чанга эмэгтэй шиг санагддаг. Танаас энэ хоёр хүний ямар занг олж харж болох бол?
-Хэлж мэдэхгүй юм, хэн хэнийх нь зан харагддаг байж магадгүй. Би өөрийнхөө байр суурьт хатуу байхыг боддог. Шулуухан хэлчихдэг, нялуун занд дургүй. Энэ талаар аавыгаа дуурайсан болов уу. Гадна талаасаа ээжтэйгээ адилхан дөлгөөн харагдаж мэднэ. Гэхдээ Содбилэг гэдэг хувь хүнд өөрийн гэсэн онцлог төрх бий. Тэр онцлогийг аав ээж маань байнга дэмжиж ирсэн.
-Манай чадалтай залуус барууны орнуудад шингэж үлддэг болсон. Та сургуулиа дүүргээд АНУ-д үлдье гэж бодоогүй юу. Аль эсвэл ээж тань дуудсан уу?
-Яахав, хүмүүс энэ залуу гадаадад олон жил сурсан, монгол ахуй мэддэггүй, монгол хүн биш гэхчлэн боддог байж болох л юм. Чи монгол хүн шүү гэсэн ойлголтыг аав маань надад бүр багаас минь суулгасан. Би амралтаараа байнга ирдэг байсан. Амралт эхлэнгүүт аав дууддаг. Ирээд Эрдэнэтийн ойролцоо Булганы Хангал суманд мал дээр гарч, адуу мал эргүүлж зуныг өнгөрөөдөг байлаа. Аав маань намайг монгол ахуйгаа ойлгож, дэргэд нь мэдэрч өсөг гэж бодож байсан байх. Энэ бүхэн надад их үнэтэй, нандин байдаг учраас би тэр болгон хүнд яриад, хүмүүстэй хуваалцаад байдаггүй юм. Сургууль төгссөний дараа ээж маань “Миний хүү хаана амьдармаар байна, өөрөө шийд, би шийдвэрийг чинь дэмжинэ” гэсэн. Монголдоо амьдрах ёстой гэсэн бодол хэзээ ч хувираагүй учраас би эх орон руугаа зүтгэсэн. 2004 онд ирсэн. Дараа нь Монгол Төрийн төлөө зүтгэе гэж шийдсэн дээ.
-Хэдхэн хоногийн өмнө УИХ-д МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдлаа. УИХ-ын аль Байнгын хороонд ажиллана гэж Та бодож байгаа вэ?
-Монгол Улсын хөгжлийг гадаад харилцаанаас салгаж ойлгож болохгүй. Өнөөгийн даяарчлагдсан тогтолцоонд ямар ч улс орон эдийн засгийн бодлогоо бие даан авч явч чадахгүй болсон. Улс орнууд өөрийгөө дэлхийн хамтын нийгэмлэг, хөрш зэргэлдээ орнуудын хөгжилтэй уяж, хөгжлийнхөө ирээдүйг тодорхойдог болсон гэдэгтэй би санал нэг байдаг. Тийм учраас, нөгөөтэйгүүр Жоржтауны их сургуулийг төгссөн хүний хувьд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог сонирхож байгаа. Бас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо чухал байна. Манай улс зөвхөн уул уурхай биш, хөдөө аж ахуйн нөөц баялаг ихтэй. Азид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнс нийлүүлэгч орон болох боломж бий. Мэдээж олон улсын эдийн засагч мэргэжилтэйн хувьд Эдийн засгийн байнгын хороонд орно.