Лиценз олголтыг түр хориглох хуулийн хэрэгжилтийг сунгана
Ардчилсан намын бүлэг өнгөрч буй 2012 оны УИХ-аас баталж гаргасан хууль, тогтоомжуудыг улсын эдийн засгийг өөдөн татаж, иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэсэн хэмээн тодорхойлов.
Өчигдөр тус намын бүлэг хуралдаанаараа өнгөрсөн оны чуулганаар хэлэлцсэн асуудал, бүлгийн үйл ажиллагааныхаа тайланг дүгнэжээ. Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай, Шүүгчдийн орон тоог батлах тухай багц хуулийн төсөл аж. Уг хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн бөгөөд бүлгийн гишүүд Төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй" хэмээн үзсэн байна.
Мөн Ерөнхийлөгч санаачлан, УИХ-аас баталсан ашигт малтмалын лиценз олголтыг түр хориглох тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах нь зөв хэмээн үзжээ. Уг хуулийн хэрэгжих хугацаа энэ оноор дуусгавар болж буй аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард батлагдах Ашигт малтмалын хайгуулийн болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хүлээхийн тулд, одоо хэрэгжиж буй эрх зүйн орчныг үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүлгийн хуралдаан дээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ.
Ерөнхий сайдын хувьд ирэх жил хоосон улс төржихөөс илүүтэй бодлого, оюунаараа өрсөлддөг тийм талбар луу явах ёстой гэдгийг гишүүддээ сануулсан байна.
Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат энэ үеэр "Улс төрийнхөө хувьд УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсны бүлэгтэй болсонд бид баяр хүргэх ёстой. Энэ бол улс төрийн энгийн соёл. Тэгэхээр үүнийг УИХ дахь олонхи, цөөнхийн хооронд бодлогын уралдаан ирээдүйд хүлээж байна гэж ойлгож, харж байна. Бид замбараагүй улс төрийг орхих ёстой. Төрөө түвшин, ард олноо амгалан байлгахад улс төрийн намууд явах ёстой" гэсэн юм.