Ард түмэн төрд шинэчлэл хий гэж биднийг олонхи болгосон
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
-АН-аар сонин юутай байна вэ. Эрх баригч хүчин болсоор хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна даа?
-Намын дарга Ерөнхий сайд боллоо. АН УИХ-ын олонхийг бүрдүүлж, Засгийн газрыг "Шударга ёс" эвсэл болон ИЗНН-тай хамтран байгууллаа. Тэгэхээр манай намын бодлого, бодлогын хэрэгжилт улс орон даяар явагдах ёстой. Харин дотоод бодлого маань намын гишүүд, үүр, хороод руугаа хандсан байдлаар шинэчлэгдэж байгаа. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд сөрөг хүчний байрнаас хандаж ирсэн АН өнөөдөр эрх баригч болсон учир улс орныг хамарсан, шинэчлэлийн шинжтэй, өнгөрсөн хугацаанд ард түмний хүлээж байсан асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. Мэдээж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Учир нь тэрхүү мөрийн хөтөлбөрийг боловсруулахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд ард иргэдтэй уулзаж, санал бодлыг нь тусгасан. Түүнийхээ эс ширхэг бүрийг хэрэгжүүлэхийн төлөө шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар төлөвлөлтийн шинжтэй байна. Цаасан дээр төлөвлөж байснаа цаашид ямар оролцоотойгоор, санхүүгийн ямар зохицуулалтаар, хэдэн жилийн хугацаатай амьдрал дээр хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөлтийг хийсэн. Нэмж хэлэхэд, шинэчлэлийн шинжтэй хуулиудын боловсруулалт явагдаж байгаа. Хамгийн эхний жишээ гэвэл Орон нутгийн сонгуулийн тухай хууль байна. Сонгууль 2012 гэдэг том зураг маань "холимог" тогтолцоогоор явагдаж байгаа. Нэгэнт УИХ, нийслэлийн сонгуулийг энэ системээр явуулсан учраас орон нутгийн сонгуулийг өөр хуулийн зохицуулалтаар явуулж болохгүй. Ингээд сүүлийн хоёр сарын турш Орон нутгийн сонгуулийн хуулийг сайтар хэлэлцэн баталлаа. Энэ мэтчилэн АН бодлогоо тодорхойлж улс орон даяар ард түмний 22 жилийн турш хүсэн хүлээсэн ажлуудыг хийхээр шийдвэрээ гарган ажиллаж эхэлсэн.
-АН-ын хийж эхэлсэн ажлуудыг үнэлэх нь үнэлж, шүүмжлэх нь шүүмжилж байна. Олны шүүмжлэлд өртөөд байгаа асуудал нь гэвэл төрийн албан хаагчдыг халж, солих тухай байгаа?
-Ийм шүүмжлэл үе үеийн парламентад, сонгууль бүрийн дараа гарсаар байдаг. МАН-ыг төрийн эрх барьж байх үед энэ асуудал бүдэг байсан уу гэвэл үнэн. Энэ нь олон жил төрийн эрхийг барьсантай холбоотой. Тэгээд ч МАН-ынхан олгой хагаравч тогоондоо гэсэн системээр явж ирсэн учраас бүх бохир асуудлаа гадагш нь гаргадаггүй байсан. Зарим нэг нь муу муухай үйлдлийг нь шүүмжилбэл Ёс зүйн хороогоороо хэлэлцээд нам дарчихдаг. Ингэж л 90 жил болсон шүү дээ. Тэгэхээр халаа сэлгээтэй холбоотой асуудал байсан нь үнэн. Ил гаргалгүй нуун дарагдуулсаар ирсэн юм. Энэ удаагийн сонгуулиар төрийн эрхийг барьж байсан МАН-д сонгогчид муу дүн тавьчихлаа ш дээ. Ийм дүн тавьж байгаа нь төрд шинэчлэл хий, албан хаагчдыг нь соль гэсэн үг. Тэгэхээр муу ажилласан хүмүүсийг сольж үнэнчээр, шударгаар ажилладаг хүмүүсийг томилох ёстой. АН-ынхан бүх ажлаа ил тод явуулдаг учраас ийм шүүмжлэлд өртөж байна. Шууд хэлэхэд ард түмэн энэ хүмүүст муу гэсэн дүн тавьсан учраас бид тэнд солио хийх үүрэгтэй. Тиймээс халаа сэлгээ зайлшгүй хийгдэнэ.
-АН-ын хийж эхлүүлсэн энэ ажил ардчилсан ёсонд нийцэхгүй гэж хэлэгдээд байна?
-Өнгөрсөн хугацаанд нийгмийг өөрчилье гэж зүтгэсэн хүмүүс нь ардчилсан төрийг авч яваагүй юм. Нийгэм өөрчлөгдчих юм шиг сэтгэж хувьсгалаа хийгээд дуусгачихсан. Гэтэл яг үндсэн суурь ойлголтыг нь ард түмэн хүлээж авах хугацаа байгаагүй учраас 70 жил ноёлсон эрх баригчдыг инерциэрээ сонгож явсаар өнөөдрийг хүрсэн. Харин сонгогдсон нам, намын удирдлагуудад нийгмээ өөрчлөх алсын хараа байгаагүй.
Тэгэхээр өнгөрсөн 22 жилийн хугацаанд төрийн эрх барих тогтолцоо нь өөрчлөгдсөн болохоос биш төр барьж байсан нам, хүмүүс нь өөрчлөгдөөгүй.
Тиймдээ ч ард түмний хүсэн хүлээж байсан тэр шинэчлэлийг хийгээгүй юм. Хийх гэж оролдсон ч дутуудуулсан. Түүний нэг нь Төрийн албаны хууль байлаа.
Үүгээрээ хүнд суртлын нийгмийг бий болгосон нь жирийн иргэдийн мөргөөд буцдаг хана хэрмийг л босгосон. Харин ард түмэн залхсан учраас энэ ханыг нураагаад өгөөч гэж өнөөдрийн сонголтыг хийсэн юм. Жирийн иргэдийн хөөцөлдсөн ажил гараад л бүтчихдэг байсан бол, төрийн албан дээр хэд хоногоор хүлээдэггүй байсан бол, хээл хахууль гэдэг зүйлийг ярихгүй байх байсан. Жирийн цагдаа, жирийн паспорт сольдог хүнээсээ эхлээд төрийн үйлчилгээг хүнд суртлын механизм болгосоор ирсэн учраас ард түмэн бухимдаж байна. Энэ хүнд суртлын механизм төрийн албаны хуулиар халхлагдан, хамгаалагдан улам бүр бэхжээд байна. Тиймээс л "Үгүй ээ. Бид иргэндээ үйлчилдэг нийтийн албыг бий болгохыг зорьж байсан юм" гэж хэлээд юу хийх гэж байснаа хүмүүст харуулах гээд байгаа юм. Төрийн алба гэдэг даргын алба биш, иргэндээ үйлчилдэг үйлчилгээний алба гэдгийг л ойлгуулах зорилготой. Ийм шинэчлэлийг АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан, сонгогчид хүлээн зөвшөөрсөн, одоо бид тэдний өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу шинэчлэлийг хийх болно. Гэхдээ өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээс чадвартай, мэдлэгтэй нь олон байгаа. Тэд эргээд сонгон шалгаруулалтаар ажилдаа орох бүрэн боломжтой. АН-ын гишүүдэд зориулсан нийтийн алба нэртэй ажил сэдээд байгаа юм биш. Энэ бүхнийг хүмүүс хэрэгжээд ирэх үед нь зөвөөр ойлгох байхаа.
-Энэ шинэчлэлийн ажлыг хийх баг зөв бүрдэв үү. Засгийн кабинетын гишүүдэд шүүмжлэлтэй хандах асуудал байна?
-Ажлыг хийлгэж үзээгүй байж шүүмжилж болохгүй. Эхлээд ажиллуулах ёстой. Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгогдсон хүмүүс санал, шүүмжлэлийг ажилдаа тусгах ёстой. Хэрвээ ингэж ажиллахгүй бол албан тушаалаас нь огцруулах бүрэн боломжтой. Түүнээс биш чи царай муутай, цөөн сургууль төгссөн, залуу гэх мэт үзэмжээр нь шүүмжилж болохгүй.
-Улс орны төлөө хийх АН-ын ажил ийм байгаа юм байна. Удахгүй болох орон нутгийн сонгуульдаа хэр бэлдэж байна?
-Ард түмний сонголт бол одоогийн Засгийн газар. Олонхийг бий болгож эвсэлд хамтрагч ИЗНН, "Шударга ёс" эвслийг дэмжсэн. Ингээд эвслийн Засгийн газар байгуулагдсан учраас орон нутагт ч Засгийн газрын хийх гэж буй ажил хамт явах ёстой. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуульд эвслийг бүрдүүлэгч намууд хамтран ажиллана. Өнөөдрийн байдлаар АН орон нутгийн сонгуульд оролцохдоо эвслийн Засгийн газарт байгаа намуудтайгаа хамтарч ажиллахаар тохирсон байгаа.
-ИЗНН-аас орон нутгийн сонгуульд хоёр нам хамтрахгүй бол Засгийн газраас гарна гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл байгаа?
-Улс төрийн үйлдэл маш олон оролцогчтой байдаг. Оролцогч бүр өөрийн гэсэн үзэлтэй байдаг. Тэгэхээр нэг гишүүнийх нь үзэл бодлыг тухайн намынх гэж ойлгож болохгүй. Эцсийн дүнд намын олонхи л шийдвэрээ гаргадаг. ИЗНН-д тийм үзэл бодолтой хүн байгаад түүнийгээ илэрхийлсэн байж болно. Харин эцсийн шийдэл нь Засгийн газарт эвссэн намууд орон нутгийн сонгуульдаа ч хамтарч орно. Үр дүнгээрээ эвсэнэ.
-Нөгөө намуудаа дэмжиж оролцоно гэсэн үгүү эсвэл бүр хамтарч сонгуульд орох гээд байгаа юмуу?
-Тусдаа нэр дэвшинэ. Харин сонгуулийн сурталчилгаа гэх мэт ажлаа хамт хийнэ гэсэн үг.
-МАН-ыг орон нутагт унагах төлөвлөгөө гэж ойлгох уу?
-МАН-ыг устгах шийдвэрийг нам гаргахгүй. Харин ард түмэн сонголтоороо гаргана. Монголд хэн ч нам байгуулах эрхтэй ч, устгах эрх нь зөвхөн ард түмэнд байдаг.
-Та АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Цаашид энэ албаа хаших бодол байна уу. Эсвэл солих юмуу?
-АН-ын удирдлагууд нэгнээ дарга болгохдоо тойрч сууж байгаад шийдчихдэг юм биш. ҮЗХ-ны гишүүдээрээ хэлэлцүүлж шийддэг. Өнөөдрийн хувьд Засгийн газарт хийх ажил их байна. ҮЗХ-ны гишүүдээ цуглуулж энэ асуудлаар хуралдах цаг зав байхгүй байгаа учраас үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
-Дэд сайдын суудал авч чадаагүй учраас намынхаа энэ албыг авлаа гэж байгаа?
-Цаг хугацааных нь хувьд авч үзэх хэрэгтэй. Дэд сайдуудыг хэзээ томиллоо. Би хэзээ томилогдлоо. Тэгэхээр аль нь наймаалцсан байна.
-Таны намын ерөнхий нарийн бичгийн дарга болоод хамгийн түрүүнд хийнэ гэж бодсон ажил чинь юу вэ?
-Хамгийн түрүүнд хийх ажил бол Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах. Тэртээ 90 онд олон намын системийг шууд бий болгоод, юу юугүй сонгуульд "тууж" оруулсан байдаг. Тухайн үед улс орон хаалттай байсан учраас гадны туршлага судлах бололцоо байгаагүй байх. Тэгээд МАХН-ын тогтолцоог бүгд хуулсан байдаг. МАХН-ын тогтолцоо нь НАМ-ТӨР гэсэн нүсэр том, төрөөсөө дээгүүрт тавигдсан тогтолцоо байсан. Тэгэхэд нам, төр салсан нэртэй боловч яг л хуучин хэвээрээ үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл намын тогтолцоо нь төрийнх шиг хэт том нүсэр хэвээр үлдсэн. Бүх салбар, аймаг, сум, хороонд хүртэл намын байртай, төсөвтэй, даргатай, нарийн бичиг, туслахтай. Энэ нүсэр тогтолцоог бусад намууд дуурайх гэж 20 гаруй жил оролдлоо. Энэ нь өөрөө маш буруу тогтолцоо учраас дуурайх гэж оролдсон хийгээд, үлдсэн инерциэрээ 22 жил зүтгэсэн МАН хүртэл энэхүү тогтолцооныхоо гажгийг дийлэхгүй болж байна. Иймд үүнийг эвдэж, өөрчлөх ёстой.