МИАТ-ын хувьчлалын асуудлаар УИХ-д хандлаа
2012.11.08

МИАТ-ын хувьчлалын асуудлаар УИХ-д хандлаа

МИАТ компанийг хувьчлах асуудал гурван Засгийн газрын өнгөнд яригдсаар өнөөг хүрээд байна. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогыг эрхэм гишүүдэд танилцуулсан юм. МИАТ ХК-ийн 49 хувийг одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн агаарын тээвэрлэгчдэд хувьчлах шийдвэр гаргах тухай тус салбарын удирдлагуудад уг бодлогоор танилцуулсан байна.

МИАТ-ийг хувьчлах, төрийн оролцоог багасгах бодлого, санаачлагыг тус компанийн нисгэгч, инженер техникийн ажилтнууд дэмжиж байгаа ажээ. Гэхдээ олон жил ажил амьдралаа холбосны хувьд байр сууриа илэрхийлж, УИХ-аас гаргах иргэний нисэхийн бодлогын баримт бичигт нэмж оруулан, хувьчлалын арга механизмыг дэлгэрэнгүй тусгаж өгөхийг Монголын агаарын тээврийн нисгэгчдийн холбоо, Агаарын тээврийн инженер техникийн ажилтнуудын холбооноос хүсч УИХ-д ил захидал илгээжээ.

Тэдний саналд 1993 оноос хойш төрөөс нэг ч төгрөгийн мөнгөн дэмжлэг авалгүй агаарын тээврийн салбарын хөгжлийг өөрсдийн хүч хөдөлмөр, ур чадвар, мэдлэг мэргэжлээрээ үүрч ирсэн МИАТ-ийн хамт олонд компанийн 15-аас доошгүй хувийг ажилласан жилээс нь хамааруулан үнэгүй хувьчлах, мөн 34-өөс дээшгүй хувийг тус компанид хөрөнгө оруулах боломжтой бөгөөд МИАТ компанитай зах зээлийн өрсөлдөөнд шууд ордоггүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах буюу

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, хуулийн этгээдүүдэд нээлттэй худалдах замаар хувьчлахыг баталгаажуулж өгөхийг хүсчээ.

Мөн хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдэд МИАТ ХК-ийн 49 хувийг хувьчлах асуудлыг эргэн харахыг санал болгосон байна.

Олон парламент, Засгийн газар дамжсан МИАТ компанийн хувьчлал болон иргэний нисэхийн салбарын бодлогын баримт бичгийг УИХ дахь улс төрийн бүх хүчин нэгдмэл санал, зөвшилцөл ойлголцолд хүрч баталбал илүү үр дүнтэй гэж үзжээ.

МИАТ компанийг өдий хүртэл өргөжүүлэн тэлсэн тус хамт олныг хувьчлалын гадуур хувь хүртээлгүй орхиж, хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудад давуу эрхээр хувьчилбал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараатай эсэргүүцлийн арга хэмжээ авахаа УИХ-ын гишүүдийн сонорт уламжилсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.