П.Батчимэг: Суррон, скүүтерийн хэрэглээг хаах боох бус хэрэглэгч, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг хуульчлахаар ажиллаж байна
2025.05.28

П.Батчимэг: Суррон, скүүтерийн хэрэглээг хаах боох бус хэрэглэгч, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг хуульчлахаар ажиллаж байна

УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газрын саналыг тусгахаар хүргүүлээд байгаа.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Цахилгаан дугуй суррон/, скүүтерийг жолоодох насны хязгаар, зорчих зам, жолооч болон үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг нарийвчлан тусгаж, оролцогч талуудын цогц харилцааг хуульчлахаар ажиллаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Скүүтер, сурроны хувьд өнөөдөр дэлхийн чиг хандлага, улс орнуудын жишгээр монголын залуучууд, тэр дундаа хүүхэд багачууд 10-19 насныхан энэ тээврийн хэрэгслийг маш их сонирхож, уг хэрэглээ өдөр тутам нэмэгдэж байна. Энэ тээврийн хэрэгслийг хориглох, хаах боох талаас биш, хууль эрх зүйн орчныг яаж боловсронгуй болгох вэ гэдэг асуудал дээр хуулийн төслөө чиглүүлж ажилласан.

Энэ хуулиар насны хязгаарыг тогтоож өгсөн. Жишээ нь скүүтерийг 16 нас, сурроныг 18 насанд хүрсэн иргэн унаж хэрэглэхээр заасан. Мөн суррон, скүүтерийн зам талбай, тусгай зогсоолын асуудлыг мөн оруулж өгсөн.

Суррон, скүүтерийг унаж хэрэглэж байгаа зорчигчийн эрх үүрэг, хариуцлагыг оруулж өглөө. Цаашилбал нийтийн хэрэглээний үйлчилгээ үзүүлж байгаа ААН байгууллагуудын эрх үүрэг, түүнийг дагасан хариуцлага, зөвшөөрлийн асуудал гээд цогцоор нь уг хуулиар зохицуулсан. Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн бөгөөд ирүүлсэн саналыг хүлээж аваад УИХ-д хуулийн төслөө өргөн барина.