Улаанбаатар Лондоны чиглэлд шууд нислэг үйлдэхийг судална
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Кентийн Эрхэм дээд хунтайж Майкл, Бүгд Найрамдах Литви улсын Гадаад хэргийн дэд сайд Х.Аста Скайсгирите Ляушкене нар болон тэднийг дагалдан яваа бизнесийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Монгол Улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч ярилцсан. Мөн энэ салбарт хамтран ажиллах сонирхлоо талууд илэрхийлж, хамтын ажиллагааны боломжуудыг судалж эхлэх нь зүйтэй гэж үзлээ. Уулзалтын үеэр КентийнЭрхэм дээд хунтайж Майкл Сайд Ц.Дашдоржоос Улаанбаатар-Лондоны чиглэлд шууд нислэг хийх ажлыг дэмжихийг хүслээ.
Цаашид зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт евро техник, технологи нэвтрүүлэн хамтран ажиллах сонирхолтойгоо ч талууд энэ үеэр илэрхийлсэн юм. Бүгд найрамдах Литва улсын Гадаад хэргийн дэд сайд Х.Аста Скайсгирите Ляушкене «Литвийн Клайпеда усан боомт өвлийн цагт хөлддөггүй бөгөөд манайтай адил төмөр замтай учраас Европын холбоонд хүргэх барааг эднийхээр дамжуулах, тэдний Хятад руу илгээх барааг манайхаар дамжуулах нь хугацаа болон хөрөнгө хэмнэх боломжтой. Түүнчлэн 2012, 2013 онд Вильнюс, Каунас, Клайпеда-д интермодел терминалуудыг ашиглалтад оруулах бөгөөд эдгээр нь далайн болон хуурай зам, агаарын тээврийн хэрэгслээс барааг маш түргэн хугацаанд шилжүүлэн ачих боломжтой» хэмээн боомт, терминал ашиглалтын талаар хэд хэдэн давуу талуудыг санал болгож, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар тогтов.