Дэлхийн стандартыг давуулсан нисэх буудлын шавыг тавилаа
2012.04.24

Дэлхийн стандартыг давуулсан нисэх буудлын шавыг тавилаа

Манай улсын дэд бүтцийн хөгжил муугаас олон бэрхшээл үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэхээр Шадар сайд М.Энхболд 2006 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Япон улсад албан ёсны айлчлал  хийж, олон улсын нисэх буудал байгуулах санал   тавьсныг  Японы Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэж байлаа.  Нийслэлээс 60 гаруй км-ийн зайд Төв аймгийн Хөшигийн хөндийд барихаар төлөвлөгдсөн нисэх буудлын шав тавих ёслол өчигдөр боллоо. Тэнд аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга зэрэг албаны хүмүүс Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон "JICA" байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тошинори зэрэг албаны хүмүүсийг угтав. Энэ өдрийг мэдсэн аятай тэнгэр хурмаст хүртэл хураа хайрлаж байсан ч ёслолын арга хэмжээнд албаны хүмүүс төдийгүй тус аймгийн иргэд олноороо цугласан байв. Тэд аймагтаа баригдах гэж буй нисэх буудлыг бушуухан барьж дуусгахыг хүссэн бололтой хэзээ дуусах бол/гээд өөр хоорондоо ярилцаж байлаа.

Шав тавих ёслолыг нээж Ерөнхий сайд С.Батболд уг хэлэв. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд, Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатарын дэд бүтэцтэй холбох зорилт тавьсан. Энэ зорилт биеллээ олж байна. Мөн эх орныхоо хөгжилд нэмэр болохуйц томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд гар бие оролцохоор ирж байхад тэнгэр хангай хураа хайрлаж байгаа нь их билэгшээлтэй зүйл болж байна. Олон улсын нисэх онгоцны буудал барих нь Оюутолгойд хийж буй бүтээн байгуулалттай эн тэнцэхүйц ач холбогдолтой" хэмээн онцолсон юм. Ийнхүү ёслолыг нээсний дараа лам, хуврагууд ном хурж, ерөөл айлдан нисэх буудлын газрыг хөндлөө. Одоо ашиглаж буй "Чингис хаан" олон улсын нисэх 'буудалд онгоц зөвхөн нэг чиглэлээр хөөрч, буудаг тул цаг агаарын байдал шууд нөлөөлж саатал байнга шахам гардаг. Тэгвэл шинэ буудалтай болсноор онгоц нисэх зурвасаас хоёр тийшээ нислэг үйлдэх боломжтой болохоос гадна, үйлчилгээний хүрээ, чанар сайжирч, нисэх хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчдын ая тухтай аялах таатай орчинтой болох юм.

Олон улсын нисэх буудлын цогцолборын хүрээнд зорчигч үйлчилгээний, буудлын захиргааны барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, ачаа шуудан тээврийн үйлчилгээ, гал унтраах, авран хамгаалагчдын байр, нисэх буудлын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, цэвэр ус, дулаан хангамжийн барилга болон цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ, онгоцны зогсоолын талбай зэрэг 30 гаруй барилга байгууламжийг барих ажээ.

Харин манай Засгийн газар нисэх буудал барих газарт 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам татах. Улаанбаатар хоттой хурдны автозамаар холбох, шатахуун агуулах, газар доогуур шатахуун цэнэглэх зэрэг байгууламжийг өөрийн хөрөнгөөр барихаар болсон байна.

Нисэх онгоцны буудал 2016 онд ашиглалтад орно.

Нисэх онгоцны шинэ буудалтай болсноор онгоц хөөрөх, буухад хүндрэл гарахгүй

Их бүтээн байгуулалтын шав тавих арга хэмжээний үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой уулзсан юм.

-Онгоцны буудлын талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Шав тавьж буй нисэх буудлын талаар нэлээд эртнээс ярьж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих" төслийн 28.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 онд байгуулж УИХ-аар баталсан.

-Олон улсын нисэх буудлыг яагаад энд барихаар шийдсэнюм бол?

-Энэ газрыг сонгосон хэд хэдэн учир шалтгаан бий. Нэгдүгээрт, одоогийн ашиглаж байгаа онгоцны буудал зөвхөн нэг талаасаа хөөрч, буудаг. Монгол Улсын зонхилох салхи баруун хойноосоо байдаг. Тэгэхээр энэ газрыг хоёр талаасаа хөөрч, газардах боломжийг бүрэн хангасан гэж үзсэн. Хоёрдугаарт, нийслэлийн дундуур өнгөрдөг төмөр замыг Богдхан уулын урдуур буюу Улаанбаатар хотыг тойруулж гаргах асуудлыг бид хөндөж байна. Төмөр зам болон онгоцны буудалд үүгээр эргэх ачаа эргэлтийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой болно. Энэ хоёр төлөвлөлтийг нэг зэрэг шийдэж байгаа.

-Нийслэлээс нисэх буудал руу ирэхэд нэлээд зайтай болох нь. Энэ хоорондын замын асуудлыг хэрхэн шийдэх гэж байна?

-Улаанбаатараас наашаа явах хурдны замтай болгоно. Улаанбаатарын хоёр зам нисэх буудлыг чиглэнэ.

-Нисэх онгоцны буудлыг дагаад хэчнээн ажлын байр бий болох вэ?

-Яг тодорхой хэлж чадахгүй байна. Японы Засгийн газраас 28.8 тэрбум иенийн хөрөнгө оруулах юм.

-Төв аймгийн бүтээн байгуулалтад энэ буудал хэрхэн нөлөөлөх вэ?

-Энэ нь тухайн орон нутагт төдийгүй Монгол Улсын хувьд томоохон бүтээн байгуулалт болно. Тиймээс Төв аймгийн хөгжил цэцэглэлт, өнгө үзэмжинд хүртэл нөлөөлнө. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбар ч хөгжинө.

-"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хэмжээ болон хучин чадлаараа хэр илүү байх вэ. Зэрэглэлээрээ олон улсын хэмжээний ямар төвшинд байх бол?

-Хэмжээний хувьд тодорхой хэлж мэдэхгүй ч одоогийн нисэх буудлаас харьцангуй том. Зэрэглэл, хамрах хүрээний хувьд/Олон улсын өндөр зэрэглэлийн н^исэх буудлын жишигт нийцсэн.