Иргэдийг орлого олсон л бол татвараа төлдөг болгох хэрэгтэй
2012.03.30

Иргэдийг орлого олсон л бол татвараа төлдөг болгох хэрэгтэй

“Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нь”


“Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх” зөвлөгөөн 2012 оны 03 сарын 29-ны өдөр ТЕГ-ын 8 давхарын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдав.
Зөвлөгөөнийг нээж ТЕГ-ын дэд дарга Ж.Батбаяр 2011 онд далд эдийн засгийн гэмт хэргийг ил болгох ажил эхэлсэн бөгөөд мөн уг ажлын хүрээнд судалгааны ажлууд хийж байгаа талаар товч мэдээлэл хийлээ.ТЕГ-ын дарга Б.Баттөмөр зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж буй нийт байгууллагуудын төлөөллүүдэд талархал илэрхийлж “Далд эдийн засаг, түүнийг тооцох арга замууд” сэдэвт илтгэлийг тавьлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж: зөвлөгөөнд оролцогсдод хандаж 2015 он гэхэд манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох тоо нь 3 дахин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Сүүлийн 3-4 жилийн дотор харилцаа холбоо, тээврийн байгууллагууд 30-40 хувиар нэмэгдсэн байна. Долоон байгууллага тутмын нэг нь НӨАТ-аас гадна үлдэж байна.

Төсөвт орж ирж буй орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2 хувь нь л төсөвт төвлөрсөн байна. Татвар хураалтыг хэрхэн сайжруулахад анхаарах цаг болжээ. 2007 онд 10 хувийн босоо татварын тогтолцоонд шилжсэн. Татварын бодлого өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлаас хоцорч байна. Экспортын орлогын нийт 90 хувь нь нэмэгдсэн боловч төсөвт оруулсан орлого нь өсөлтгүй байна.

НӨАТ-аас нийт экспортын 90 хувийг гаргадаг уул уурхайн салбар чөлөөлөгдөж, томоохон уул уурхайн компаниуд улсын төсвөөс хөрөнгө оруулалтаа буцаан авах тохиолдол гарч байна. Иймд татварын бодлогоо шинэчлэн сайжруулах шаардлага тавигдаж байна. Татварын хялбаршуулсан тогтолцоог дахин гаргаж ирэх нь далд эдийн засгийг ил болгох ач тустай юм. Татварын хууль тогтоомж хэрэглэхэд хүндрэлтэй байх нь тэдгээрийг ойлгож мөрдөхөд улам л хүндрэл учруулдаг. Жижиг татвар төлөгчдийг томоохон татвар төлөгчидтэй харьцуулахад илүүтэй зардал гаргадаг байх жишээтэй.

Жижиг татвар төлөгчдийн гаргаж буй зардал тэдний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж болохоор байна. Өнгөрсөн оны 12 сараас жижиг дунд бизнес эрхлэгчлийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа. Өнөөдрийн зөвлөгөөн нь далд эдийн засгийг ил болгоход тодорхой хэмжээний өөрчлөлтийг бий болгоно гэдэгт найдаж байгаагаа ирэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав: Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлөө дагаж ирээдүйд маш том эдийн засагтай хүчирхэг улс болох гараан дээр ирээд байна. Бид нар өдийг хүртэл ажиллаж ирсэн арга замаа үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Учир нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2008 онд 4 тэрбум гаруй америк доллар /Монгол Улсын 2,5 жилийн төсөвтэй тэнцэх орлого/ ил гарч ирсэн. Энэ нь бид бүгдийн ажлын үр дүнг дүгнэж болох үзүүлэлт юм.

Далд эдийн засаг нь мөнгөний урсгал, эрх мэдлийг далдалж хууль тогтоомжийн хэрэгжилтийг алдагдуулж байна. Тиймээс иргэд орлого олсон л бол татвараа төлдөг болгох хэрэгтэй байна. Тендерийн дор татвараас зайлсхийх нөхцөл ихээхэн байна гэж үзэн татварын алба тендер шалгаруулалтад хяналт тавьдаг зохицуулалтыг бий болгохоор Засгийн газраас тодорхой ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Тиймээс энэ чиглэлд татварын шинэ бодлогыг гаргах шаардлагатай.Татварын алба прокурорын байгууллагад мэргэшсэн хүмүүсээр боловсон хүчнээ бүрдүүлэх хэрэгтэй. Далд эдийн засгийг баримтаар нотлодог татвар бол НӨАТ юм. НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч төлж байгаатай уялдуулан далд эдийн засгийг ил болгох боломжтой юм.

Татвар төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах шаардлагатай байна. Албан үүрэгтээ мэргэжлийн өндөр түвшинд ханддаг байцгаая гэж уриаллаа.Мөн МҮЭХолбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Сангийн яамны СЭЗБГ-ын мэргэжилтэн Ч.Тавансахьяа “Монгол Улсын макро эдийн засгийн байдалд далд эдийн засгийн үзүүлэх нөлөө” сэдвээр, Үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн статистикийн хэлтсийн дарга Р.Баасанжав “Далд эдийн засгийг хэмжих, МУ дахь далд эдийн засгийн талаар” сэдвээр, Санхүүч, эдийн засагч, судлаач Х.Болорболд “Эдийн засгийн алуурчин гэж хэн бэ, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлдөг” сэдвээр, ХЗҮХ-ийн ЭЭЗ, криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Б.Одонгэрэл “Эдийн засгийн гэмт хэргийн талаар гадаад орнуудын ерөнхий ойлголт” /АНУ, Японы жишиг хандлага/, ТЕГ-ын ХЭЗХ-ийн дарга О.Тэнгис “Далд эдийн засаг ба Татварын хуулийн хэрэгжилт” УМБГ-ын ЭЗГХМХэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Доржсүрэн “Татварын гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр, Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Долгорсүрэн “Далд эдийн засаг ба санхүүгийн салбар дахь хүндрэлүүд” сэдвээр, Тагнуулын Ерөнхий газрын ахлах ажилтан Д.Насанжаргал “Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд гадаад, дотоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр, Гаалийн Ерөнхий газрын даргын зөвлөх Х.Эрдэнэчулуун “Гаалийн татвараас зайлсхийх зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр, ЭЦГ-ын ЭЗГХТХэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Р.Чингис “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг илрүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, УДШ-ийн Судалгааны төвийн ахлах шинжээч, Ph.D Б.Айбек “Татвар нуун дарагдуулах гэмт хэрэг ба шүүхийн практик” сэдвээр, УЕПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэцэцэг “Прокурорын байгууллагаас татварын зарим хэргийн шийдвэрлэлтэд тавьж байгаа хяналтын талаар”, ХЗДХЯамны ХЗБГ-ын ахлах мэргэжилтэн Л.Болдхүү “Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тэдгээрт тусгагдсан татварын гэмт хэрэгтэй холбогдсон зохицуулалтын талаар”, ШШГЕГ-ын ШГГ-ын дэд дарга, хурандаа Х.Энхбаатар “Татварын өр барагдуулалт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог”,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Б.Жаргал “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт үйлдэхдээ анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Зөвлөлгөөнийг хааж ҮТЕГ-ын дарга Б.Баттөмөр үг хэллээ. Тэрээр нийгмийн бүх салбарт тулгамдсан асуудал байна. МУ-ын эдийн засгийн хөгжлийг улсын төсөвт төвлөрүүлж буй орлогоор тодорхойлж болох юм. Эдийн засгийн гэмт хэргийг ядуу хүмүүс бус баячууд үйлдэж байгаа гэдэгтэй санал нэг байна. Далд эдийн засагтай тэмцэхэд хууль эрх зүйн орчинг тодорхой болгох нь чухал. Татварын алба хойшлуулшгүй ажиллагаа хийдэг байх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна.

Шүүхэд татварын чиглэлээр мэргэшсэн шүүгчид байх шаардлага тавигдаж байна. Гадаад худалдааны зохицуулалтыг сайжруулснаар далд эдийн засгийн гаралт буурна. Дэлхийн хэмжээнд 1,8 тэрбум хүн сүүдрийн эдийн засагт ажиллаж байна. Энэ үзүүлэлт нь цаашид улам өсөх хандлага ажиглагдаж байна. Иймд ТА сүүдрийн эдийн засгийг ил гаргахад ажлынхаа зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Өнөөдрийн энэ зөвлөлгөөн бол бидний хөгжлийн гарцыг нээх ач холбогдолтой бөгөөд хамтран ажиллаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж
Татварын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.