Ч.Улаан: Өмнөх хууль нь ном ёсоор мөрдөгдсөн бол олон мянган ажлын байр үгүй болох болзошгүй эрсдэл гарах байжээ
УИХ-ын өнөөдөрийн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болж, хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр танилцуулав.
Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, манай бүлэг дээр ярилцсан байгаа, одоо энэ яригдах хуулийн төсөлтэй Л.Гантөмөр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хамтад нь хэлэлцье гэж тогтсон. Тэгэхээр нөгөө хуулийн төслийнхөө танилцуулгын дараа нийлүүлэн хэлэлцээд, асуулт тавиад, саналаа хэлээд явъя гэсэн горимын санал гаргаж байна гэв.
Энэ санал дэмжигдсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн /Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр нарын өргөн мэдүүлсэн/ төслийгхэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болж, танилцуулгыг нь Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа.
Харин энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Б.Батбаяр, Н.Ганбямба нарын гишүүд асуулт тавьж байлаа. Тэд ярихдаа, аж ахуйн нэгж, иргэд дээр ирэх дарамтыг багасгах, иргэний үйлчилгээнд их хэмжээтэй татвар тавьж байна, бүртгүүлснийхээ төлөө жилд нэг удаа татвар өгдөг болох хэрэгтэй, тэгэхгүй бол Монголд байгаа баян, ядуугийн ялгаа улам ихсээд буруу тал руугаа яваад байна гэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, хөнгөлөлт чөлөөлөлт чухам юун дээр яваад байгааг тодруулж, онцгой зүйлийн зохицуулалт байгаа бол тэр талаар хэлж өгнө үү гэсэн юм.
Сангийн сайд, хуулийг дахин оруулж ирэхдээ мэргэжлийн холбоод болон холбогдох шаардлагатай бүх асуудлаар санал авсан тухайгаа хэлж, яагаад зарим зүйл дээр онцгой зохицуулалт хийж, татвар хураамж хөнгөлдөг тухай тайлбар хийлээ. Тэрээр, үүнд тодорхой стандартын шаардлагыг хангасан байх тухай дахин дахин хэлж байсан. Яагаад аж ахуйн нэгж онцгой зөвшөөрөл авч байна вэ гэвэл тодорхой төрлүүд дээр онцгой хяналт тавих ёстой, төр өөрөө ингэж хяналт тавихгүй бол болохгүй. Жишээ нь, газ байна, оруулж ирж байгаа аж ахуйн нэгжид нь шаардлага тавиад тэрнийх нь төлөө төр хяналт тавих хэрэг болдог. Ийм зохицуулалт бүх улс оронд байдаг. Үүнийг ердөө хоёр л зүйлээр ангилдаг гэсэн юм.
Харин А.Тлейхан, Ц.Даваасүрэн гишүүн нарын тавьсан асуулт анхаарал татаж байлаа. Тухайн үед нь энэ хуулийн холбогдох чухал зүйл дээр анхаарал яагаад тавиагүй юм бэ, энэ бол үйлчилгээний хөлс биш зохицуулалт юм гээд байна, тэгсэн мөртлөө хуулийн төслийг дахин оруулж ирэхдээ далимдуулаад зарим салбарт олгох зөвшөөрлийн хэмжээг буулгаад ороод ирлээ. Энэ яагаад ийм болов оо? Эрчим хүч, харилцаа холбоо, химийн хортой бодисынх байна, энэ мэтэд хариулна уу, өнөөдөр буураад ороод ирж байгаад тайлбар өгнө үү гэлээ.
Сангийн сайд С.Баярцогт хариулахдаа, уг нь нэлээд тодорхой тайлбарласан байгаа л даа, тэр хувь нь танд хүрч амжаагүй юм болов уу гэж хэлээд хуулийн төслийг өөрчлөх зүйл заалт, үг, үсэгтэйгээ тодорхой байгаа гэсэн юм. Хоёр үндсэн шалтгаанаар хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэв. Гишүүн бүр асуудлыг өөр өөрийнхөөрөө харж байгаа ч аж ахуйн нэгжид хүрэх агуулга нь чухал гэсэн чигтэй зүйлийг Сангийн сайд хэлсэн юм. Тэгээд ч Сангийн яам бүгдийг нь тогтоож өгч чадахгүй нь ойлгомжтой тул тодорхой зарим зүйлийг хариуцсан яамд, салбар, мэргэжлийн холбоодоос нь санал авсан байгаа, гэхдээ нэлээн дэлгэрэнгүй үндэслэлтэй авсан гэж тэрээр нэмж хэлсэн.
Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ үеэр татвар хураамжийн асуудлаар ер нь дахин дахин оролдоод баймааргүй байгаа юм. Татвартай холбоотой асуудлыг тогтвортой болгох нь зүйтэй байдаг гэж байлаа.
УИХ-ын гишүүн Х.Жекей, Д.Энхбат, Д.Зоригт /Эдийн засгийн байнгын хорооны дарга/ нар ч асуулт асуусан бөгөөд Х.Жекей гишүүн, тэр яригдаад байсан 40 гаруй мянган ажлын байр алга болсон бол хариуцлагыг нь хэн хүлээх байв гэдгийг хэлж өгнө үү гээд, төрийн гаргасан алдаанаас болж иргэдэд очих хохирлыг нь тооцоолсон юм бий юу гэж байлаа. Тэрээр аливаа зөвшөөрлийн цаана хүнд суртал, авилга, хээл хахууль байдаг. Энэнээс сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ гэсэн юм.
Түүнчлэн Ч.Улаан гишүүн хэлэхдээ, энэ шинэчлэгдэхээр зэхээд бид өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төсөл орж ирэхээс өмнөх, нөгөө батлагдсан байсан хуулийг хэрэв номын ёсоор улс даяар мөрдөж эхэлсэн бол 40 мянган ажлын байр үгүй болж болзошгүй байжээ гэдгийг би байнгын хорооны хурал дээр хэлж байсан. Тийм ч учраас Засгийн газар судалгаа хийж үзээд тухайн хуулиа мөрдөхгүй байгаад байсан юм болов уу даа. Хэрэв ном ёсоор хуулиа батлагдсан гээд мөрдсөнсөн бол улсад ч гэсэн тодорхой эдийн засгийн үр дагавар учрах байсан байж магад юмаа.
Та бүхэн уг хуулийг дахин шинэчлэн боловсруулж оруулж ирэхдээ нэлээд их сайтар тооцоотой, судалгаа хийсэн гэж байнаа. Тэгвэл, энэ оны эхний дөрвөн сард тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан аж ахуйн нэгж хэд байгаа вэ?, хичнээн аж ахуйн нэгж хугацаагаа сунгуулахгүй хууль зөрчөөд явж байна вэ гэхчлэн маш тодорхой асуулт тавьсан бөгөөд Сангийн сайд үүнд нь тоймтой хариулт өгч амжсангүй гэж хэлж болохоор байсан.
Ингээд асуулт дуусахад Р.Гончигдорж, Ж.Энбаяр нарын гишүүд саналаа хэлсэн юм. Тэд монополийг дэмжсэн зүйл энд дахиад л байгааг хэлж, архидалтыг дэмжсэн маягийн зохицуулалт бүхий захиалгын шинж чанартай зүйл байгаад байна уу гэж эргэлзэж буйгаа хэлсэн. Цөөнхөд зориулсан эдийн засгийн суурь, татварын бодлого яваад л байх юм. Ядуурал улам ихсээд дундаж давхарга улам орхигдоод байна, гэтэл дээдэс гэгддэгүүд нь массаасаа улам алслаад холдоод байгаа гэж байлаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг улам чөлөөтэй болгох нь зүйтэй гэж Н.Ганбямба гишүүн хэлээд одоо үгсэн хуйвалдагчид бүр ил тод болж эхэллээ. Тухайлбал, сая тэр бензиний үнэ нэмсэн зэргээс хар л даа. Энэ мэтчилэн олигополь эдийн засгийн санхүүгийн системээс салах хэрэгтэй, өнөөдөр тансаг хэрэглээ, өв залгамжлал гэхчлэн огт татваргүй зүйлүүд зөндөө байгаа гэсэн юм.
Харин Ц.Мөнх-Оргил гишүүн Засгийн газрын саналыг дэмжээд гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ тайлбарласан. Нийт 43 төрлийн татвар авч байгаа тухай яригдаж байна. Эдгээрийг дотор нь задлаад аль нь хураамж, аль нь үйлчилгээний татвар вэ гэдгийг нийтэд тодорхой болгоё гэж байв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ, энэ асуудал иргэдэд маш их эргэлзээ төрүүлдэг нь үнэн. Тодорхой зарим нэг бизнесийн бодлогыг дэмжсэн агуулга цаана нь байж болох юм гэдгийг хэлэх нь зүйтэй гэсэн.
УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэхдээ жишээ нь, гэрчилгээ бичиж өгсний хураамж бол цаасныхаа хураамжаас хэтрэхгүй байх ёстой гэхчлэн зорилт болгоноо авах гэж байгаа мөнгөнийхөө хэмжээтэй уялдуулах хэрэгтэй. Тэрнээс бус нэг уутанд бүгдийг нь чихээд хойшид явна гэвэл хэцүү шүү дээ гээд тэрээр тэмдэгтийн хураамжтай холбогдуулж Америкийн тэмцлийн нэгэн үеийн жишээг ч дурдаад авсан юм.
Ингээд Л.Гантөмөр нарын гишүүдийн өргөн барьсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 76,9 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь Засгийн газраас өргөн барьсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд дэмжиж, 74,4 хувиар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ-ын дарга хэлж, Төсвийн байнгын хороо руу анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.