Авто замын талаарх асуулгын хариу сонсов
2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцсээр өндөрлөсөн бол үдээс хойш үргэлжилсэн хуралдаанаар гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонссон юм.
"Монгол Улсын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц байдал, цаашид авах арга хэмжээний талаарх уг асуулга"-д Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга хариулт өглөө.
Тэрээр, энэ онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авто зам барихад зориулж 27.1 тэрбум төгрөг, засвар арчилгаанд 12.4 тэрбум төгрөг тус бүр тусгасныг хэлж, Улаанбаатарын хэмжээнд энэ онд 19.9 км зам шинээр барьж, 41 км зам өргөтгөсөн болохыг онцолсон. Үүний дүнд засч сайжруулах шаардлагатай авто зам Улаанбаатарт 80 хувьтай байсан бол одоо 67 хувь болж буурсан хэмээн сайд ярилаа.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Хятадаас авах хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гүүрэн гарц 6-г барихаар төлөвлөсөн бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр болсон юм байна.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, асуулгын үеэр Чойр-Сайншанд чиглэлийн 176 км замын ажил саатаад долоон жил болж буйн учрыг асуусан. Тэрээр, Монгол Улс импортын барааны дийлэнх хэсгийг урд хөршөөсөө авдаг. Гол ачаа Замын-Үүдээр ирдэг. Бид дэд бүтэц хөгжөөгүйгээсээ болж, төмөр замд л найдахаас аргагүйд хүрдэг юм. Тэгтэл, төмөр зам дуртай үедээ тээврийн зардлаа нэмж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлж байна. Зүй нь тэр 176 км авто зам баригдчихвал Улаанбаатар руу ачааг авчрахдаа ганц төмөр зам царайчлах шаардлагагүй болох юм. Авто тээврээр дамжуулах бололцоо бий гэлээ.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны нөхөд үүнд хариулж байгаагаар бол, Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани тендерт шалгарчээ. Тэгээд Чойр-Сайншандын авто зам барихаар болсон ч, 2007 онд шатахуун тослох материалын үнээс болж, ажлаа зогсоосон гэнэ. Дараа нь тендэр зарлаж, дахин БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани шалгарсан ч ажлаа хийж байснаа гэрээгээ цуцалсан аж. Эцэст нь 174 км авто замыг хоёр хэсэг болгоод ажлыг нь эхлүүлэхээр болсон ч, мөн л хэцүүхэн байдалтай байгаа аж. Ингээд л мөнөөх замын ажил явахгүй зургаа, долоон жилийн нүүр үзсэн бололтой юм.
Х.Баттулга сайдын мэдээлэлд дурдагдсанаар бол манай авто зам хөгжлийнхөө хурдыг гүйцэхгүй болоод байгаа аж. Хүн амын маань дийлэнх нь амьдардаг нийслэлд жилд ердөө л 19 км шахам зам шинээр баригддаг юм байна. Харин нэг өдөрт нийслэлийн хэмжээнд машины дугаар 500 гаруй ширхэг зарагддаг гэсэн тоо байх аж.
Тэгээд ч манайхны барьсан авто зам чанар муутай тул ашиглалтад ороод ч эвдрэх нь амархан гэнэ. Шинэ зам дээгүүр хүнд даацын ачаатайгаа яваа машин ганц явангуут л эвдэрдэг. Тэдгээр машин ч даацаа дандаа хэтрүүлсэн байдаг.
50 тоннын даацтай ачаа ачих ёстой ч ашиг харж, 100-150 тонн хүртэл ачаа ачдаг аж. Гэтэл авто зам дээгүүр явсныхаа төлбөрт жилд 100 гаруй мянган төгрөг төлдөг байна.
Түүнчлэн үндэсний компаниудын барьдаг замын өртөг бага гэнэ. Иймд ирэх жилийн төсөвт нэг км авто замыг 430 сая төгрөгт багтаан барихаар хөрөнгө мөнгийг нь тусгажээ.
УИХ-ын чуулганы энэхүү үдээс хойшхи асуулгын үеэр УИХ-ын гишүүд замын түгжрэлийг багасгах зорилгоор салбарын яам ямар арга хэмжээ авч буйг нэлээд сонирхсон юм. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын хариулснаар бол замын түгжрэлийг багасгадаг гол арга нь татварын орчин юм байна. Засгийн газрын зүгээс авто машины татварыг нэмэх асуудлыг УИХ-д оруулдаг ч дэмжлэг авахгүй уначихдаг тухай тэр хэллээ. Гэхдээ салбарын яам Японы “ЖАЙКА” байгууллагын тусламжтайгаар Улаанбаатар хотод метро байгуулах нь түгжрэлийг бууруулах гарц байж болох гэдэг дээр судалгаа хийлгэж байгаа аж. Түүнчлэн Хятад улсаас авах хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Энэ мэтээр сайдын хариулт, салбарын яамны мэдээллийг сонссоор УИХ-ын гишүүд баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдааныг бараг барсан юм.