Шилдэг татвар төлөгчид “Хөх дэвтэр” гардуулна
2012.03.29

Шилдэг татвар төлөгчид “Хөх дэвтэр” гардуулна

Татварын ерөнхий газраас орлого, татвараа үнэн зөв тодорхойлон тайлангаар ногдсон татвараа тогтоосон хугацаанд улс, орон нутгийн төсөвт төлж, төсвийн орлого бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулан, урамшуулах шинэ журмыг өнгөр-сөн долоо хоногт баталжээ. Уг журмаар шилдгүүдийг «Шилдэг татвар төлөгч» хэмээн өргөмжилж «Хөх дэвтэр» гардуулах болсон байна. Албан татвар, төлбөр, хураамжийг цуглуулж төсевт шилжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд, согтууруулах ундаа болон тамхи үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж үүнд хамаарахгүй аж.

Шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, иргэний хувьд тухайн татварын албаны хэмжээнд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн байх, татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх, ногдсон татвараа хуульд заасан хугацаанд төлдөг байх, татварын бүх тайланг үнэн зөв, алдаагүй гаргасан, татварын өр, төлбөрийн хэмжээ нь татвар төлөгчийн төсөвт оруулсан татварын орлогын 5 хувиас хэтрэхгүй байх зэрэг олон шалгуурыг хангасан байх ёстой гэнэ. Мөн өндөр болон дэвшилтэт техник технологи, инноваци үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн хэрэгжүүлсэн байх зэрэг нөхцөлийг хангасан байвал тэр нь давуу тал болох юм байна.

 

Татвар төлөгчийн материалыг хүлээн авсан татварын алба нь шалгуур үзүүлэлтийг хангасан татвар төлөгчийн материалыг судлан, сонгон шалгаруулж жил бүрийн 4 сарын 10-ны дотор Татварын ерөнхий газарт ирүүлэх гэнэ. Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан байгууллагад Татварын ерөнхий газрын даргын "Шилдэг татвар төлөгч" батламж, шилдэг татвар төлөгчийн логог хэрэглэх эрх олгож, Үндэсний татварын албаны дээд шагнал "ХӨХ ДЭВТЭР" гардуулна.

Шагналыг 'Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн үеэр гардуулах бөгөөд шагнал олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байх аж.

Нийтлэлч
Г.Урантуяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.