2023.12.15
Б.Жаргалмаа: Хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ /2023.12.15/. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Бид онцгой албан татвар дээр өөрчлөлт оруулах ёстой. Сахрын агууламж ихтэй бүтээгдэхүүнд шат дараалсан татварыг нэмэх нь хүүхдүүдийнхээ ирээдүй эрүүл мэндийн төлөө анхаарч байгаа хамгийн том илрэл. Бусад улс орнууд сахрын хэрэглээг дайн мэтээр үздэг. Өөрөөр хэлбэл сахартай тэр хэмжээний тэмцдэг гэсэн үг. Яагаад тэмцэх ёстой юм бэ. Сая гишүүд бүгдээрээ л статистик тоон мэдээлэл хэллээ. Насанд хүрсэн хүн өдөрт 25гр сахар хэрэглэх ёстой байдаг бол зөвхөн бид нар хүүхдийн баяраар, шинэ жилийн баяраар бэлдэж өгдөг нэг уут бэлэгт түүнээс хэт дахин өндөр сахар байдаг. Бид хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө их зүйл хийх ёстой гэдгийг анхааруулж байна. Энэхүү албан татварын хууль бол Франц болон Их британи, Мексик улсуудад өндөр хэмжээнд хууль болоод хэрэгжиж байдаг. Тухайлбал, доод тал нь 5-10 хувийн татвар аваад байх жишээтэй. Энэ бол зөвхөн үйлдвэрлэгчид болон худалдаачидтай тэмцэж байгаа асуудал биш юм аа. Бид бүгдээрээ хамтдаа үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллах ёстой гэдгийг онцгойлон хэлэх нь зүйтэй.
Өнөөдөр манайд хийжүүлсэн ундаа гэхэд 1,5-2 литрийн савлагаатай зарагдаж байх жишээтэй. Энд үнэхээр бид дараагийн шатны арга хэмжээг авах үгүй л бол хүүхдүүд маань ясны сийрэгжилт болон бусад өвчнөөр өвдөх бүрэн эрсдэл дунд байгаа юм. Тиймээс өргөн барьсан энэ хуулийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү.
Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль хэлэлцэж батлах гээд явж байна. Энэ цаг мөчид юуг хийхийг хүсэж байна вэ гэвэл зөвхөн онцгой, ноцтой байдлын үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагууд маань олон нийтэд уриалж нөлөөлөхөөс илүүтэйгээр яг одоо энэ цаг мөчид иргэд, олон нийт рүүгээ хандсан уриалга бүхий мессежнүүдийг тэр бүхэнд дээр анхаарч ажиллаж өгөөч ээ хүсэлтийг тавих нь зүйтэй байх.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан