2021.07.01

С.Одонтуяа: Хуурамч шатахуунаас болж хохирсон нь тодорхой байхад хуруугаа ч хөдөлгөдөггүйд гайхаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Энэ асуудлыг Байнгын хороо дээр нилээд нухацтай ярилцсан юм. Би нэг зүйл дээр гайхаж байна. Хуурамч шатахуун Монгол улсад ихээр борлуулагдаад байна. ААН-үүд, иргэд их хэмжээгээр хохирч байна гэдэг нь лаборторийн дүгнэлтээр нотлогдоод байхад яагаад энэ холбогдох газрууд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад гайхаж байна. Үүгээр маш их эдийн засгийн хохирол амссан байна.

Тэгэхээр өнгөрсөн жил миний таньдаг хүмүүс машин эвдэрлээ, хуурамч шатахуунаас болоод эвдэрлээ гээд бөөн бухамдал болсон. Бизнесийн шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна. Тиймээс бид аргаа барсан аргаар онцгой татварыг нэмэгдүүлж, ижил гарааны болгох гэж ярьж байгаа юм. 

Уул уурхайн сайдаас асууя. Өмнө нь танай газрын дарга хариулсан байгаа. Тусгай лаборториуд хуурамч шатахуун мөн гэдгийг олон удаа нотлоод байхад үүн дээр Уул, уурхайн яам ямар нэгэн арга хэмжээ авах гэж оролдсон уу? Танай газрын дарга Байнгын хороо дээр юу гэж хэлээд гишүүдийг уурлуулсан бэ гэхээр: манайд Мэргэжлийн хяналтаас гомдол ирэхгүй бидэнд наадах чинь хамаагүй. Тэгж байж тусгай зөвшөөрөл хүчингүй болгодог гэж хэлээд амыг нь таглаад байгаа юм. Уул, уурхайн яам энэ чиглэлээр ажилласан уу?

Мэргэжлийн хяналтаас би албан ёсоор тайлбар авна. Ийм завхрал улс оронд гараад байхад, өчнөөн тэрбумын борлуулалт хийгээд байхад, төрийн байгууллага нь хянаж, зөвшөөрөл олгож, иргэдийн эрх ашгийг хамгаалах газар нь таг дуугуй байгаад гайхаж байна. Үүн дээр хариулт авъя.

Түүний асуултад Уул, Уурхай Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон сайд хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn