Архины онцгой албан татварыг нэмэх хуулийн төсөл өргөн барилаа
2012.09.07

Архины онцгой албан татварыг нэмэх хуулийн төсөл өргөн барилаа

Өнөөдөр \2012.09.07\ Сангийн сайд Ч.Улаан Засгийн газраас санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хуулийн төсөлд дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл болон 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай болгож, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг 2 дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Манай улсад архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуй нэгж байдаг бөгөөд онцгой албан татварын орлогын дийлэнх буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллагууд бүрдүүлдэг юм байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдснаар нийгмийн хийгээд иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй 2012 оны 10 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээр 2012 оны төсвийн орлого 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг Сангийн сайд танилцуулж байлаа.

Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороо үдээс хойш хэлэлцэж дэмжихээр шийдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.