Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2023.12.13

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2022 оны 03 оны 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй болов ч энэ нь эрүүл мэндийн тухай хууль гэдгийг тодотгоод уг хуулийн төсөл Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт үүсэх томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэв.Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа зүрх, судасны өвчлөл, таргалалт, эрүүл бус хүнс, ундаа нь хүүхдийн илүүдэл жин, шүдний өвчнийг даамжруулж нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Олон улс энэхүү тулгамдсан асуудлаа чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах замаар шийдэж байна гэв.

Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар ялангуяа 7-11 насныхны дунд долоон жилийн дотор таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн нь хамгийн аюултай үзүүлэлт байгаа юм. Таргалалт, бусад өвчлөлтэй тэмцэхэд уг хууль чиглэж байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа тодотгохын зэрэгцээ ДЭМБ-аас 2016 онд энэ төрлийн татварын бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан төдийгүй эл арга хэмжээг эс авбал цаашдаа үүнээс үүдэх эрүүл мэндийн өсөн нэмэгдэх зардлыг шийдвэрлэхэд илүү бэрхшээлтэй болно гэдгийг онцолсон.Хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор санал хэлсэн.

Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, дэлхийн таргалалттай тэмцэх нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагаас чихрийн агууламжтай ундаанд онцгой татвар ногдуулах, хувь хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжүүдийг өгсөн. Чихрийн агууламжтай ундаа, бүтээгдэхүүн нь таргалалтыг тав дахин нэмэгдүүлдгийн зэрэгцээ хүүхдийн оюуны чадамж, бие бялдрын хөгжилд 40 хувь сөрөг нөлөөтэй үзүүлж буйг судалгаагаар тогтоогоод байна. Иймд дэлхийн 40 гаруй улс чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлж байна.

Хууль батлагдсанаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд бууруулах хэдий ч эрүүл хоололтыг хэвшүүлэх асуудалд нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах, эцэг эхчүүд хүүхдэдээ эрүүл хоололтын зөв дадал олгоход онцгой анхаарч, зохицуулах шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийлсэн.Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.