Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2022.03.23

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.03.23/ өргөн мэдүүллээ.

УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор дээрх хуулийн төслийг өргөн барьж буйг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцлоод, сүүлийн долоон жилийн хугацаанд хэт таргалалттай хүүхдийн тоо долоо дахин нэмэгдсэн нь хэт чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой гэдгийг тодотгосон.

Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас 2016 онд бүх улс оронд хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20 хувийн татвар ноогдуулахыг уриалсан байна.

Хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой,  тиймээс өвчилсөн, хорхойтсон шүд, эмгэгшсэн эрхтэнтэй зууралдах бус түүний шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулах нь хамгийн зөв шийдэл болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэхээр тусгасан бөгөөд ингэснээр үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэнэ гэж үзжээ.