"Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах парламентын үүрэг, хариуцлага" сэдвээр I хэсгийн танилцуулга хийж, хэлэлцүүлэв
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр (2023.11.22) болж байна. Нэгдсэн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, улс төр судлалын доктор Ph.D Ц.Мөнхцэцэг даргалж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Oлон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар нээж үг хэлсэн.
“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний албан ёсны хэлэлцүүлэг 6 танилцуулах хэсэгтэй бөгөөд “Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах парламентын үүрэг, хариуцлага” сэдэвт I хэсэгт хоёр танилцуулга хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Хүний эрх, жендэр ба Монгол Улсын Их Хурал” сэдвээр танилцуулав.
Монгол Улсын Их Хурал хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээг санаачлан хийж байгаа нь дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд Монгол төр хүний эрхийн асуудалд хариуцлагатай хандаж байгаагийн илрэл хэмээн үнэлэх нь зүйтэй хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Ингэхдээ Олон Улсын Парламентын Холбоо, НҮБ-ын оролцуулж, бодитойгоор үнэлүүлэхээр манлайлж байгааг цохон тэмдэглэсэн.
Тэрбээр “Хүний эрх, жендэр ба Монгол Улсын Их Хурал” сэдэвт танилцуулгадаа төр, нийгмийн бүтэц, зохион байгуулалтын түвшинд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх; улмаар төрийн бүтэц хоорондын уян холбоос болох хууль тогтоомж, дүрэм журамдаа хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг хэрхэн туссан байгааг танилцуулж; энэ дунд тусгайлан хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр байгуулсан институтийн үйл ажиллагааны талаар танилцуулна гэлээ.
Төрөө дээдэлдэг, төрийн сүлдэндээ сүсэлдэг уламжлалтай ард түмэн энэ зуунд хувьсаж, нийгмийнх нь хамгийн чухал бүтэц, нэгж нь хүн бөгөөд эрх чөлөөтэй иргэнээрээ төр нь үнэт зүйлээ тодорхойлж, иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр ажиллах үүрэг хүлээдэг болсон нийгмийг байгуулсан гэдгийг тайлбарлав. Бидний сонгон, байгуулсан нийгмийн тогтолцоо хүнээр эхэлж, хүн дээр төгсдөг онцлогтой. Улсын Их Хурал, Засгийн газраас эхлээд төрийн нэгж бүр хүний төлөө, иргэн нэг бүрийн төлөө ажиллахаар байгуулагдсан. Төр аливаа шийдвэрээ хүний төлөө гардаг гээд “Хэн нэгний эрхийг хязгаарлаж байгаа төрийн шийдвэр гарсан байлаа ч тэр нь өөр нэг хүний эрхийг хамгаалах, хангах зорилгоор гарсан байдаг” хэмээсэн.
Хүний эрх нь хариулт шаардлагагүй илэрхий үнэн буюу аксиом учраас хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудалд бүх түвшиндээ туйлын нухацтай, хариуцлагатай, чин сэтгэлээсаа ханддаг байх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд “Ийм хандлага төрийн бүтцийн орой болох Улсын Их Хурлаас эхлэх ёстой. Хууль тогтоох эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа нэгэн нь хүний эрхийн зөрчлийг өргөн хүрээнд үүсгэх эрсдэлтэй байдгаа ойлгож, хариуцлагатай, мэдрэмжтэй хандаж үлгэрлэн, манлайлж чадвал, нийгмийн тогтолцоо зөв голдрилд орж хүний эрхийг хангах, хамгаалах нийгмийн тогтолцоон дахь механизм зөв ажиллаж эхэлнэ” гэв.
Монгол Улсын Их Хурлын бүтэц, нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааны дэг, парламентын өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг үндсэн зарчим, хууль тогтоох процесс буюу судалгаа шинжилгээ, зардлын тооцоо, үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээ конвенцын нийцэл зэрэг нь бүгд хүний эрх, жендэрийн суурь хэмжигдэхүүнийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурал нь төлөөллийг хангасан, ил тод, нэвтрэх ба харилцах боломжтой, хариуцан тайлагнадаг, үр нөлөөтэй, ардчилал дахь хүний эрх чөлөөний үзэл баримтлалыг олон ургальч үзэл санаагаар хамгаалахын зэрэгцээ иргэдийн бодит оролцоо, оролцох төрөл, хэлбэр боломжийг нээлттэй болгож, хүний эрхийн хэмжигдэхүүнийг өдөр тутмын үйл ажиллагаандаа шингээж өгсөн парламент болохыг тэрбээр танилцууллаа. Мөн Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийгөө хянах механизмыг бүрдүүлж, парламентаас баталсан хууль тогтоомж хүний эрхийг зөрчсөн агуулгатай байвал Ерөнхийлөгч хориг тавих замаар уг хуулийг дахин хэлэлцэх, эсхүл хууль санаачлагчид буцаах шийдвэр гаргуулах зэрэг боломжийг тодорхойлж хуульчилсан гээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсныг Улсын Их Хурал хүлээн авсан талаарх жишээг дурдсан.
Улсын Их Хурлын дотоод процесс хүний эрхийг хангах, хамгаалах зорилгоор угсрагдсан бөгөөд үүнийгээ нээлттэй, ил тод байлгах чиглэлд олон улсын систем рүү хандаж байгаа илрэл нь “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээ гэдгийг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон улсаас дэвшилтэт бүхнийг суралцах, судлах, нэвтрүүлэхэд бэлэн байгаагийн илрэл гэлээ.
Монгол Улсын төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгахын цаад агуулга нь хүний эрхийг хангах, хамгаалахад хамгийн чухал тогтолцоо гээд энэ үүднээс Олон Улсын Парламентын Холбоотой нягт хамтран ажиллаж, тус холбооноос гаргаж буй шийдвэрүүдэд мэдрэмжтэй хандаж ирснийг танилцуулсан. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейд хүний эрхийг хангах, хамгаалах асуудал хамгийн их яригддаг бөгөөд манай улс идэвхтэй оролцож, сонгууль бүр дээр ажиглагч урьж оролцуулах зэргээр нягт хамтран ажилладаг талаар дурдав. Монгол Улс олон талт хамтын ажиллагаандаа хүний эрхийн хэмжигдэхүүнийг суулгаж, энэ итгэл үнэмшлээрээ олон улс, дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Үүнээс гадна иргэний нийгэмдээ итгэдэг бөгөөд энэ нь өнөөдрийн түвшинд хүрэх хүртлээ амар байгаагүй гээд хувийн туршлагаасаа хуваалцсан.
Монгол Улс сүүлийн 33 жилд хүний эрхийг хангах, хамгаалахаар тогтолцоогоо угсарсан бөгөөд энэ тогтолцоог зөв, алдаагүй ажиллагаатай байлгахыг хүсэж байгаа учраас өнөөдөр Улсын Их Хурал ийнхүү өөрийн үнэлгээг санаачилгаараа хийж байгаа гэлээ. Түүнчлэн төр бүх шатандаа хэзээд шалгуулахад бэлэн ажиллаж, харин иргэд нь төрдөө итгэж, ингэхдээ шалгаж байх нь зохистой хэмээв.
Монгол Улсын төр, нийгмийн тогтолцооны хэсэг, эд, эс бүхэн нь, институт хоорондын уян холбоо нь ч хүний эрхийг хангах, хамгаалах агуулгатай байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн “хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоох” үндсэн зорилго нь нийгмийн тогтолцоонд хамаарч буй эд, эс бүхэнд хамааралтай болохыг тэрбээр танилцуулгынхаа явцад тайлбарлаж байлаа.
Парламентын түүхэнд Үндсэн хуулийн цэц хүний эрхийн асуудлыг 51 удаа хэлэлцсэн байдаг, энэ нь бага тоо биш гэдэг байр суурийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулгынхаа үеэр тэмдэглэсэн. Монгол Улсын иргэд хүний эрхийн мэдрэмж өндөртэй, тэр хэрээрээ эрхээ хамгаалахын тулд уйгагүй, хичээл зүтгэлтэй байдгийн илрэл хэмээн үнэлж болно гэлээ.
Монгол Улсын Их Хурал Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн суурь гэрээ, тэдгээрийн нэмэлт протоколуудад нийцүүлэн хүний эрхийг хамгаалах үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, түүний бүрдэл хэсэг, механизм, институцүүдийг байгуулан ажиллуулж байгааг тэрбээр танилцуулсан. Тухайлбал, Улсын Их Хурал Хүний эрхийн дэд хороотой ажиллаж байна, мөн жендэрийн асуудал хариуцах дэд хороо байгуулах санал гардаг талаар дурдав. Түүнчлэн дагнасан байгууллага буюу Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсныг танилцууллаа. Монгол Улсын Их Хурал Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2018 онд шинэчлэн найруулж, Комиссын гишүүнийг ил тод нээлттэй сонгон шалгаруулах, Комиссын төсөвийн саналыг УИХ хянаад, хянасан төсвийг хасагдуулахгүйгээр батлах, Комисс нь өөрийн гэсэн байртай байх тухай, Комиссын ажлын албаны алба хаагч нарын эрх зүйн байдлыг дээшлүүлж, төрийн захиргааны албан тушаалтан байхаар зохицуулж, ажлын алба нь Тамгын газар байх гэх мэт асуудлуудыг тусган, Комисс үйл ажиллагаагаа бие даасан, хараат бусаар хэрэгжүүлэх бүрэн боломжийг нээж өгсөн байна.
Мөн Д.Цогтбаатар гишүүн 2021 онд Улсын Их Хурлаас баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дурдаж, Ази тивд хүний эрхийн асуудал, зөрчлийн талаар тэмцэж буй хүмүүсийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон хэдий ч хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай талаар олон улсын байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгээс дүгнэсэн болохыг дурдсан.
Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр жендэрийн эрх тэгш байдлын талаар хөндөв. Монгол Улсын хувьд 1990 оноос өрнөж эхэлсэн нийгмийн шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар илүүтэй анхаарах болсон бөгөөд 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд хүйсийн тэгш байдлыг хангах талаар тусгайлан заасан байдгийг дурдсан. Дорнын соёлтой, уламжлалт хэвшмэл ойлголтыг давж жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллах нь амаргүй бөгөөд ихээхэн тэмцэл, зүтгэлийн дүнд өнөөдрийн түвшинд байгааг хэлээд цаашид хэн бүхэн энэ чиглэлээр хэлсэн үг, үйлдэл бүхэндээ өмнөх хугацааны тэмцэл, зүтгэлийнхээ үнэ цэнийг үнэлж, хандаж байвал дэвшилт гаргахад чухал нөлөөтэй байх болно гэв. Өнөөдрийн түвшин боломжийн мэт харагдаж байвч уламжлалт хэвшмэл ойлголтын эсрэг тун хэврэг байгаа гэдэг онцлогоо ч мөн анхаарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.
“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлгийн “Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах парламентын үүрэг, хариуцлага” сэдэвт I хэсгийн хоёр дахь танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат хийв. Тэрбээр “Парламентын институц дэх хүний эрх, жендэрийн бодлого, хэрэгжилт” сэдвээр танилцуулга хийсэн юм.
Монгол Улс өнө эртний хийгээд төрт ёсны түүхэн уламжлалтай гэдгийг тэрбээр хэлээд “Их эзэн Чингис хааны үед ч асуудлыг ардчиллын замаар олон ургальч үзлийн хүрээнд, эрдэм мэдлэгт үндэслэн шийдвэр гаргаж ирсэн талаар түүхийн олон эх сурвалжид дурдсан байдаг. Тухайлбал, Их хуралдай, Сэцдийн зөвлөл, мянгат, аравтын тогтолцоо гэх мэт нь хүн төрөлхтний түүхэнд ардчиллын үр хөврөлөөс гадна, эрх мэдэл хуваарилалтын ялгаа заагийг гаргаж ирсэн талаар эрдэмтдийн бүтээлд бичсэн байдаг” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр түүхэн сурвалж, судалгааны бүтээлүүд дэх жендэрийн асуудлаарх баримтуудыг дурдав. Үргэлжлүүлэн “Улсын эрх” бүтээлийн жишээг ч дурдав. Монгол Улсад орчин үеийн олон улсын жишигт нийцүүлэн ард түмний төлөөллийн байгууллага байгуулах санал санаачилга 1921 оны ардын хувьсгал ялахаас өмнө ч яригдаж байсныг Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлд Богд хаант улсын Засгийн газар 1912 оноос номч мэргэн хүмүүст даалгавар өгч судлуулахын зэрэгцээ тэр үеийн дэвшилтэт ардчилсан үзэлтнүүд парламентат ёс, Үндсэн хуулийн байгуулал тогтоох эрмэлзлэлтэйгээ илэрхийлсэн, эхэлж оролдсон баримтууд цөөнгүй байдаг аж. Эдгээр нь Монголд дэлхийн ардчилсан улсуудын жишиг болон өөрийн орны хууль зүйн өв уламжлалд түшиглэсэн Үндсэн хуулийн эрх зүйн ухамсар төлөвшиж байсны илрэл хэмээн М.Үнэнбат дарга танилцууллаа.
Энэхүү хүсэл эрмэлзлийн үр нөлөө 1924 оны анхдугаар Үндсэн хуульд хэрхэн туссан, 1940, 1960 оны социалист гэгдэх Үндсэн хуулиудад ард түмэн засгийн эрхийг барих тухай үзэл санаа, засгийн эрхийг төлөөллийн байгууллагаараа уламжлан эдлэх тухай заалтууд туссан байдаг талаар дурдсан. Монгол Улс одоо дөрөв дэх Үндсэн хуулиа дагаж мөрдөж байгаа бөгөөд “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” цогцлуулан хөгжүүлэхийг Монгол Улс эрхэм зорилгоо болгож, парламентын ардчилсан улс гэдгээ тунхагласан. Энэ үзэл санааны дагуу “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн төлөөллийн ардчиллын зарчимд үндэслэсэн төрийн байгууллын тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлж байгааг танилцуулав. Үргэлжлүүлэн тэрбээр үе үеийн Үндсэн хуулиудад хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хэрхэн тусгаж ирснийг товч танилцууллаа. 1924 оны Үндсэн хуульд “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” гэсэн 1 дүгээр бүлэгт шашин шүтэх, шүүмжлэх, ардын эвлэл, хоршоо байгуулах, эд хөрөнгөтэй байх, захиран тушаах гэх мэт эрхийг анги, давхаргын ялгаатай байдлаар, Сонгох, сонгогдох эрхийн тухай 4 дүгээр бүлэгт феодал, язгууртан, мөнгө хүүлэгчид, ван, гүн, хутагт хувилгаад, санваартан лам нар зэргийг сонгох сонгогдох эрхгүй хэмээн тодорхойлсон байв. 1940 оны Үндсэн хуулиар “БНМАУ-ын иргэдийн эрх үүрэг” гэсэн 10 дугаар бүлэгт зөвхөн “малчин, ажилчин, оюутан” гэсэн анги давхрааны эрхийг бататган, бусдынх нь эрхийг хассан байдлаар, 1960 оны Үндсэн хуулийн 7, 8 дугаар бүлэгт иргэдийн эрхийг “ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн” гэсэн хүрээнд хамруулсан байдаг байна.
Харин жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар 1924 оны Үндсэн хуульд “Тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино.” гэж, 1940 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын дотор эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдэлнэ. Эдгээр эрхийг биелүүлэх бололцоо нь эмэгтэйчүүдэд эрэгтэй хүний нэгэн адил ажил хөдөлмөрийн бололцоог олгох, амрах ба аюулаас хамгаалуулах, эрдэм сурах бөгөөд эх нялхсын эрх ашгийг улсаас батлан хамгаалах ба бие жирэмсэн эмэгтэйчүүдэд зохих чөлөөг олгох, мөн энэ завсар хөлс, хэрэглэлийг бүрэн дүүрэн хэвээр өгөх явдлаар хангагдана. Эмэгтэйчүүдийг богтлон өгөх, насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг эхнэр болгон өгөх буюу авах, олон эхнэртэй байх явдал,сургуульд орох, түүнчлэн аж ахуй, улсын ба соёл боловсрол, улс төр, олон нийтийн ажил дор оролцох явдалд саадыг учруулах зэргээр ямар нэгэн маягаар эмэгтэйчүүдийг боолын байдлаас ангижруулан гаргах ба тэгш эрхтэй болгох явдалд саадыг учруулбал хуулиар цээрлүүлэн шийтгэнэ.” гэж, 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын иргэд эрэгтэй, эмэгтэй, арьс, үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ялгаваргүй тэгш эрхтэй[9].” гэж тухайн цаг үе, нийгмийн нөхцөл байдал, хүчин зүйлүүдийг харгалзан үзсэн байдлаар тусгасан байжээ. Харин 1992 оны Үндсэн хуульд “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.” хэмээн олон улсын жишгийн дагуу нийтлэг байдлаар заасан байна.
Харин 1992 оны Үндсэн хуулиар олон улсын нийтлэг жишгийн дагуу, Монгол Улсын иргэд, тус улсад байгаа гадаадын иргэд, харьяалалгүй хүнийг оролцуулан нийт “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн өргөн утгаар анх удаа дэвшүүлэн тодорхойлсон байдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат “Парламентын институц дэх хүний эрх, жендэрийн бодлого, хэрэгжилт” сэдвээрх танилцуулгадаа дурдсан.
Үргэлжлүүлэн тэрбээр хүний эрхийг хангах үндэсний тогтолцоонд эзлэх парламентын байр суурийн талаар танилцуулсан. Парламент бол ард түмний төлөө, ард түмний засаглалыг хэрэгжүүлэх зорилгоор ээлжит сонгуулиар ард түмний байгуулсан бүрэн эрхэт байгууллага юм. Парламент нь хууль тогтоох, мөн гүйцэтгэх засаглалын бодлого, үйл ажиллагааг хянах эрх бүхий байгууллагын хувьд хүний эрхийг хамгаалах, дэмжих гол үүргийг хүлээдэг байна.
Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд тогтолцооны гол оролцогчид болох хууль тогтоох эрх мэдлийн байгууллага-парламент, гүйцэтгэх эрх мэдлийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд /Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, багийн засаг захиргааны нэгж г.м/, шүүх эрх мэдлийн байгуулагууд /Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, бүх шатны прокурорын газар/, Хүний эрхийн Үндэсний байгууллага болон иргэний нийгмийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу өөр өөрийн онцлогтойгоор оролцдог. Тэгвэл энэхүү тогтолцооны гол тоглогч нь парламент өөрөө байж, эдгээр институтын үйл ажиллагаанд уялдан тохируулагчийн үүрэг гүйцэтгэх шаардлага Монгол Улсад чухлаар тавигдаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Үргэлжлүүлэн тэрбээр парламентын шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогын зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Монгол Улсын Их Хурал хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг 2019 оноос эрчимтэй хийгдэж буй шинэтгэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байгаа юм.
Улсын Их Хурлаас хууль батлах, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаа хэрэгжих бөгөөд хууль тогтоох ажиллагааны үе шат бүрд хүний эрх, жендэрийн асуудлыг тусгадаг ажлын арга барил, механизмыг бий болгох нь Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бодлого гэв. Иймд энэ чиглэлээр Тамгын газар холбогдох дүрэм журмыг шинээр болон шинэчлэн боловсруулахдаа анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар М.Үнэнбат дарга танилцууллаа.
Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр D-Parliament платформ болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийн талаар танилцуулав. Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг хөгжүүлж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах эрхтэй. Уг эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан хэрэгжүүлж болохоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан. Энэ хүрээнд D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ээр дамжуулан иргэд төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдээд байгааг танилцуулаад үр дүнгийн талаар мэдээллийг хэлэлцүүлгийн оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Ийнхүү “Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах парламентын үүрэг, хариуцлага” сэдэвт I хэсгийн хоёр танилцуулгын дараа хэлэлцүүлгийн оролцогчид тухайн сэдвүүд, танилцуулгатай холбоотой байр сууриа илэрхийлж, илтгэгчдээс асуулт асууж, хариулт авсан юм.
Монгол Улсын парламент хүний эрх болон жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийх энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.
Улсын Их Хурлын гишүүд, Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендерийн үндэсний хороо болон бусад төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг нийт 80 орчим хүн оролцож байгаа энэхүү хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ. “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний албан ёсны хэлэлцүүлэг 6 танилцуулах хэсэгтэй бөгөөд “Монгол Улс дахь бодлого, эрх зүйн орчин” сэдэвт II хэсгийн таван танилцуулгаар үргэлжилж байна.