Н.Энхболд: Нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллахыг хуульд тусгасан
Өчигдөр буюу (2023.06.19)-ний өдөр Төрийн ордонд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэж, ажлын хэсэг байгуулж шилжүүлсэн.
2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улс төрийн намуудын хэмжээнд уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг сонссон. Улмаар ажлын хэсгийн дэд хэсэг, ажлын хэсгүүд хуралдан, асуудлаа боловсруулаад явж буйг дурдлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зохицуулалтуудтай уялдуулан санал бодлоо илэрхийлбэл ажлын хэсэг болон байнгын хороогоор хэлэлцэхэд үр дүнтэй байх болно гэдгийг онцолсон юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нийтдээ найман заалтад 14 удаа “нам” гэдэг үг дурдагдсан байдаг. Үндсэн хуульд дурдагдсан энэхүү “нам” гэсэн үг нь өөрөө төрийн байгуулалт, төрийн үйл ажиллагаанд нам ямар эрх, үүрэгтэй оролцохыг заасан зүйл заалт юм.
Нам бол хувь хүмүүсийн үндсэн эрхээ илэрхийлэх, эдлэх, хамгаалах, үг хэлэх, байр сууриа илэрхийлэх хамтын индэр, платформ юм.
Намууд олон ургалч үзэлтэй, иргэдийн сонгуульд мэдээлэлтэй оролцоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Улс төрийн нам нь төрийн бус байгууллага гэх мэт үзэл санаагаараа нэгдсэн бусад байгууллагуудаас ялгардаг зүйл нь ихэнх улс орнуудад Үндсэн хууль эсвэл холбогдох намын тухай хуулиар арай тодорхой, давуу талууд олгогдсон байдаг. Үүнтэй уялдан бас зарим эрх олгогддог. Үүгээрээ улс төрийн намууд иргэд эв санаагаараа нэгдэж байгуулдаг бусад төрийн бус гэж хэлж болох байгууллагуудаас ялгаатай. Тиймээс Үндсэн хуульд нам бол улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллана гэдгийг хуульчилж заасан. Иймд энэхүү үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө гэдгийг тодотголоо.