С.Баярцогт: Ирэх сарын дундуур хуулийн төслийн эхний хувилбар бэлэн болно
Парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл өчигдөр цуглав.Монголын ногоон нам (МНН)-аас зохион байгуулсан эл уулзалтаар УИХ дээр боловсруулж буй Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа нэгтгэж илгээхийг зорьжээ.
БНН, МУНН, МСДН, ИХН, Монголын консерватив нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөлөл уулзалтад оролцсон. Дээрх хуулийн төслийг боловсруулахаар УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийг ахлагч нь гишүүн С.Баярцогт юм. Намын төлөөллүүд төсөлд оруулах саналаа хэлж, бас маргав. Ерөнхийдөө улс төрийн нам хатуу гиш үүнчлэлгүй байя, зөвхөн намын төв аппаратад ажилладаг хүмүүс гишүүний батлахтай байсан нь зөв гэдэг дээр тэд санал нэг байгаа аж.
МНН-ын дарга О.Бум-Ялагч “Бид патенталсан нэрийг өөр намд өгч бүртгэхгүй байх, УИХ-д суудал авсан намд төрөөс олгодог санхүүжилтийг Дээд шүүхэд бүртгүүлсэн албан ёсны дансанд шилжүүлэх, сонгуулиар нийт сонгогчийн нэг хувиас дээш санал авсан намуудыг төрөөс ижил хэмжээгээр санхүүжүүлэх зэрэг саналтай байгаа” гэлээ. Мөн хатуу болон сул гишүүнчлэлтэй байх хувилбар дэвшүүлж буй аж. Сул гишүүнчлэл гэдгээ тэрбээр “Аль ч намд харьяалагдахгүй, бас хэдэн ч намыг дэмжиж болно” хэмээн тайлбарласан. Монголын консерватив намынхан өнөөдрийн энэ олон намыг үзэл баримтлалаар нь цэгцлэх санал дэвш үүлэв. Өөрөөр хэлбэл, либераль, консерватив, ногоон гэх мэт тодорхой үзэлтэй тус бүр нэг л нам байна, давхардуулж бүртгэхгүй байя гэжээ.
Бас УИХ-ын сонгуульд дараалан хоёр удаа оролцоогүй, нийт сонгогчийн нэг хувиас илүү санал авч чадаагүй намыг татан буулгах, захиргааны хариуцлага тооцох санал дэвшүүлсэн нь багагүй маргаан дагуулав. ИХН-ыг төлөөлж ирсэн Ж.Занаа үүнд бухимдаж, “Та нар юу яриад байгаа юм. Бүх нам заавал УИХ-ын сонгуульд оролцох албагүй. Тамхичдын нам гэж байгуулбал сонгуульд орох хэрэг байхгүй” гэлээ. БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Иргэд хоол хүнс, эд материал өгч байгааг нь хараад л намд элсчихдэг.
Үзэл баримтлал, зорилгыг нь судалж, санал нэгдээд элсдэг хүн цөөхөн. Бүх намыг дэмжиж болно гэж хутгаад яах вэ. Сонгодог утгаар нь, бүх нам гишүүнчлэлгүй байна гэж хуульчлах хэрэгтэй” гэв. Татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлэхтэй тэр санал нийлсэнгүй, мөнгөгүй бол хэн нам байгуул гэсэн юм, гэртээ хэвтэж байна биз гэлээ. Түүний яриа сэдвээсээ бага зэрэг хальж, Сонгуулийн хуультай холбогдсон. “Нэг хүн УИХ-д гурваас илүү удаа суухыг хориглоё. Лүндээжанцан, Гончигдорж гээд музейд тавихаар болчихсон хүмүүсийг солих хэрэгтэй. Гурван удаа сонгогдсон хүнээс дахиад илүү ажиллах эрч хүч гарахгүй” гэлээ.
МСДН-ын дэд дарга Б.Энхзаяа “Нам өмчтэй байхыг хориглох хэрэгтэй. Хүн бүрийг албадан намд элсүүлж, татвар авсан мөнгөөрөө өмчтэй болчихоод одоо түүнийгээ түрээслэн, бусад намаас давуу эрх эдэлж байгаа нь буруу” гэсэн юм. Мөн хуульд хариуцлагын тогтолцоог чангаруулж, нам орших, эс оршихыг шийддэг зохицуулалт нэмэхийг санал болгосон. С.Баярцогт гиш үүнийг ирэх хүртэл намын төлөөллүүд Улс төрийн намын тухай хууль АН, МАН-д зориулагдсан, бусдыгаа шахсан агуулгатай болно хэмээн итгэл алдарч буйгаа хэлж байв. Харин С.Баярцогт ирж, хуулийн төсөл боловсруулах явц, баримталж буй гол зарчмыг танилцуулсны дараа уур амьсгал овоо дээрдэнэ лээ. Уг нь Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын гарын үсэгтэй, дээрх хуулийн төсөлд санал авахыг хүссэн албан бичгийг 2013 оны гурав, тавдугаар сард бүх намд илгээсэн юм билээ. Гэвч долдугаар сарын 1 гэхэд ердөө ИЗНН, МНН, МУНН-аас л албан ёсоор саналаа ирүүлсэн гэнэ. “Эрх мэдлээ ашиглаж, хууль батлах нь” гээд шүүмжлээд байсан атлаа төслийн хэлэлцүүлэгт оролцоо нь иймэрхүү л байгаа аж.
УИХ-ын гишүүн С.Баярцогт “УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд энэ Ажлын хэсгийг байгуулсан. УИХ-д суудалтай бүх нам, бие даагч гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, судлаачдын төлөөлөл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг таван удаа хуралдаж, нэг удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хамгийн сүүлийн хуралдааныг өнгөрс өн сарын дундуур хийгээд бүх намын болон бие даагч гишүүний төлөөлөл оруулсан Дэд ажлын хэсэг байгуулсан. Дэд Ажлын хэсэг төслөө бичиж байна, тэд гурван удаа хуралдсан. Хууль боловсруулахдаа хэдэн гол зарчим баримталж байна. Нэгдүгээрт, намууд үзэл баримтлалтай байж, мөрийн хөтөлбөртөө тусгасан чиг, зорилтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гишүүнчлэлтэй байх эсэх тухайд их судалсан. АНУ-д гиш үүнчлэлгүй, бусад оронд хатуу болон сул гишүүнчлэлтэй байдаг юм билээ. Бид сүүлийн хувилбарыг нь сонгож, нам зөвхөн хатуу гишүүнчлэлтэй хүмүүсээсээ татвар авдаг байх зарчим сонгохоор ярьж байна.
Санхүүжилтийн тухайд сонгуулийн, үйл ажиллагааны, бодлогын гэсэн гурван чиглэл баримтална. Тухайн намын санхүүжилтийн 70 хувь нь сонгуульд зориулагддаг. Тиймээс энэ зардлаа багасгах хэрэгтэй. Мөн бодлогын санх үүжилтээ хилийн чанадад намаа сурталчлах сан байгуулж босгодог олон улсын туршлага байна. Төсвөөс олгох санх үүжилт, намын өөрөө олох орлого хоёр тэнцүү байх зарчим баримтална. Одоогийн хуулиар нам аж ахуйн нэгж болон иргэнээс хандив авдаг. Тэгвэл аж ахуйн нэгжээс хандив авахыг хориглохоор санал нэгдсэн. Харин нам өмчтэй байх уу гэдэг дээр Ажлын хэсэг санал нэгдэхг үй, маргаантай байна.
Уг нь нам үл хөдл өх хөрөнгөгүй байх зарчим барьж байгаа ч бодит амьдрал дээр АН, МАН хоёр өмчтэй. Үүнийг яаж шийдэхээ ярилцаж байна. Мөн улс төрийн бүх намын дүрэм ижил загвартай байхаар хуульчлах юм. Бүртгэдэг байгууллага нь үйл ажиллагааг байнга хянаж, татан буулгах эрхтэй байя гэсэн. Одоогоор төсөлд “бүртгэлийн байгууллага” гэж бичсэн байгаа ч цаашид СЕХ-гоо чадавхжуулах уу, тусдаа байгууллага бий болгох уу гэдгийг ярилцана. Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын дундуур хэлэлцүүлэх хэмжээний төсөл бэлэн болгочих байх. Үүний дараа том Ажлын хэсэг дээр ярилцаад “Болно” гэж үзвэл улс төрийн бүх намд илгээж, саналыг нь авна. Хэлэлцүүлэг ч хийнэ. Үүний дараа УИХ-д өргөн барина” гэсэн мэдээлэл өгсөн юм.