Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцжээ
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хоёр удаа завсарласныг эс тооцвол бүтэн өдөржин хуралдлаа. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх гэж нэг удаа завсарласан бол ундны цагаар дахин завсарласан юм.
Улмаар дугаар шилжих мөчид бүлгийн хурал тараагүй байлаа. АН- ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ санал бодлыг нэгтгэжээ. Үүнээс гадна Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Энэ долоон хоногт УИХ-аар хэлэлцэхгүй уг асуудлыг бүлгийн хурлаараа хэлэлцсэн нь өдөржин хуралдах шалтгаан болсон бололтой.
Дашрамд сонирхуулахад, УИХ-ын дарга 2013 оны хаврын чуулганы үеэр захирамж гаргаж гурван ажлын хэсэг байгуулсан юм. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулалт оруулах эсэхийг судлах, С.Баярцогт гишүүнээр ахлуулсан Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулах, Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг юм.
УИХ-ын даргын захирамжийн дагуу эдгээр ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд дүгнэлт болон төслөө өргөн барих ёстой. Өргөн баригдах хугацаа нь ойртсон дээрх хуулийн төслүүдээс Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг АН-ын эхний ээлжинд хэлэлцэж эхэллээ.