Р.Бурмаа:  Улс төрийн нам, улстөрчдөд өгч байгаа хандивыг ил тод болгох ёстой
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа
2013.07.03

Р.Бурмаа: Улс төрийн нам, улстөрчдөд өгч байгаа хандивыг ил тод болгох ёстой

Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-аас ажлын хэсэг гаран ажиллаж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Улс төрийн намуудын тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлдөө тусгасан бэ?

-Манай улс төрийн намууд төвлөрсөн мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүйн дээр, нэг хүнээс авах хэмжээнээс илүү эсвэл төрийн албан хаагч болон төрийн өмчит компаниас хандив авсан бол хэрхэн шийдэх талаар зохицуулалт сул байгаа. Тиймээс улс төрийн намд өгч байгаа санхүүжилтэд хэн хяналт тавихыг тодорхой болгох ёстой.

Хариуцсан эзэн байхгүйгээс хуулийн заалт байдаг ч хэрэгжихгүй байна. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо манайд хамааралгүй гэдэг бол Улсын Дээд шүүх намуудыг бүртгэх ажил хийхээс хэтэрдэггүй. Ямар нэгэн маргаан гарвал тухайн намд нь ханд гэдэг. Гэтэл нам уг асуудлыг шуурхай, шударга шийдэж байгаа нь эргэлзээтэй.

Ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудлыг өөрийнх нь дотоод хяналтад найдаад үлдээнэ гэдэг учир дутагдалтай. Татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрийн намуудад санхүүжилт өгч байгаа учраас зарцуулалтад нь зайлшгүй хяналт тавих ёстой.

Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн аудитаар шалгуулахаас гадна татвар төлж буй олон нийт ч хяналт тавьдаг эрхтэй байх юм. Хэрэв хууль зөрчвөл дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасах, бүр татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг болох ёстой. Тухайн намыг удирдаж байгаа албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно.

Гадаадын орнуудад санхүүжилттэй холбоотой ямар нэг зөрчил гарвал намын удирдлагыг нь улс төрийн алба тодорхой хугацаагаар хаших эрхийг нь хасдаг юм билээ. Бусад оронд хэрэглэж байгаа энэ мэт жишээ болон бусад аргыг судалж, манайд аль нь тохиромжтой вэ гэдгийг гаргаж ирнэ. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хүндэтгэнэ.

Нам Үндсэн хуульд заасны дагуу хууль шүүхийн өмнө бусадтай адил үүрэг хүлээх ёстой. Тиймээс хууль зөрчвөл хариуцлага тооцдог, түүнд хэн хяналт тавьдаг болох нь манайд дутуу байгаа. Энэ бүхнийг хуулийн төсөлдөө тусгахаар ажиллаж байна. Хуулийн төслөө өргөн хүрээнд хэлэлцүүлээд ирэх намрын чуулганаар өргөн барина.

-Парламентад авсан суудлынх нь тоогоор намуудад санхүүжилт олгоно гэсэн. Энэ нь хэчнээн төгрөг байх юм бол?

-Нэг суудалд 10 сая төгрөг байх юм. Өөрөөр хэлбэл, УИХ- ын гишүүн болоход авсан нэг саналыг 1000 төгрөгөөр бодож, үржүүлж байгаа. Олон мандаттай болох тусам санхүүжилт нь нэмэгдэнэ. Өмнөх дөрвөн жилд төсвөөс улс төрийн намуудад долоон тэрбум төгрөг өгч байсан дүн байдаг юм билээ.

Улс төрийн нам, улстөрчдөд өгч байгаа хандивыг цэгцлэх, хяналт тавих нь аюулгүй байдлын баталгаа юм.

Харин одоогийн улс төрийн намуудын парламентад эзэлж байгаа суудалд судалгаа хийж амжаагүй байна. Төсвөөс авсан мөнгийг юунд зарцуулав гэдэгт хяналт тавих ёстой. Энэ нь эргээд улс төрийн боловсролыг дээшлүүлэх, олон ургальч үзлийг уралдуулах, мөрийн хөтөлбөрөө таниулах зэрэг чухал арга хэмжээнд зарцуулагдах ёстой.

Үүнээс гадна хувь хүмүүс, хуулийн этгээдээс авч байгаа хандивыг юунд зарцуулж байгааг ил тод болгох хэрэгтэй. Улс төрийн намууд хувь хүн болон ялангуяа уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа олон улсын компаниудаас ил далд хэлбэрээр хандив авч, хараат болбол улс орны аюулгүй байдалд аюул учирна. Тиймээс улс төрийн нам, улстөрчдөд өгч байгаа хандивыг цэгцлэх, хяналт тавих нь аюулгүй байдлын баталгаа юм.

-Парламентад суудал аваагүй намууд хэрхэн санхүүжих вэ?

Хууль тогтоох байгууллагад суудал аваагүй бол төсвөөс хандив өгөхгүй. Сонгогчид тухайн намд итгэл үзүүлж, парламентад сонгосны хариуд нь төсвөөс улс төрийн намуудыг дэмжиж байгаа юм. Түүнээс биш нам гээд Дээд шүүхээс батламж авсных нь төлөө төрөөс санхүүжүүлэх боломжгүй.

Улс төрийн намын статустай ч сонгогч түмэн тэр намыг хүлээн зөвшөөрч хууль тогтоох байгууллагад суудалтай болгосон эсэхийг нь харгалзан үзэж, санхүүжилтийн хэмжээг тогтооно. Намуудад гишүүдээс нь өгөх хандив хэвээр байна. Гэхдээ хандивыг нээлттэй болгож, дүрэм журмыг нь зөрчсөн бол хариуцлага тооцдог болъё гэж байгаа юм.

-Одоо боловсруулж буй хуулийн төсөлд хандивын хэмжээ заасан уу?

-Сонгуулийн тухай хуульд ийм зүйл заалт орсон. Нэг сая төгрөгөөс дээш, 10 саяас дээш хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэрийг олон нийтэд зарлах ёстой. Ингэснээр сонгогдон гарсан Ерөнхийлөгч маань ихээхэн хэмжээний хандив өгсөн хувь хүн болон аж ахуйн нэгжид ямар нэг байдлаар эрх мэдэл, албан тушаал өгөхөөс зайлсхийхэд тустай юм.

Тиймээс хаана хаанаа хяналт тавих үүднээс нэрсийг ил тод болгож байгаа. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бус бусад бүх шатны сонгуулийн тухай хуульд ийм зүйл заалт байх ёстой. Цаашлаад улс төрийн намуудад өгч байгаа бүхий л төрлийн хандивыг ил тод болгох шаардлагатай. Тиймээс Улс төрийн намуудын санхүүжүүлэлтийн тухай хуульд өөрчлөх оруулахаас өөр аргагүй.

-Хуулийн төсөлд намын байрны тухай асуудлыг тусгасан гэсэн үү?

-Улс төрийн намууд өмчтэй байх уу үгүй юу гэдгийг одоо ярьж байна. Энэ талаар УИХ-аас гарсан ажлын хэсэг судалгаа хийж байгаа. Дэлхийн зарим оронд улс төрийн намууд өмчгүй байдаг юм билээ. Хэрэв УИХ, орон нутагт тодорхой тооны суудал авсан бол түр хугацааны байр, ажиллах нөхцөлийг нь төрөөс хангаж өгдөг гэсэн.

Харин манайд өнөөдрийн байдлаар улс төрийн намууд эд хөрөнгө эзэмшдэг, түүнийгээ түрээслэхийн зэрэгцээ аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүхнийг хуулиар зохицуулж өгнө.