2023.04.20
Ц.Туваан: Улстөрийн намын бүртгэлийн асуудал энэ хуульд хэрхэн тусгагдав?
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Ард түмний дунд улстөрийн намуудын нэр хүнд маш муу байгаа. Монгол Улсад болон Дэлхийд улстөрийн намгүйгээр төр бүрдэх систем одоохондоо зохиогдоогүй байна. Тиймээс яг энэ цаг хугацаанд Улстөрийн намын тухай хууль орж ирлээ. Нөхцөл байдлыг сайжруулсан тал руу нь шийдэх хэрэгтэй. Улстөрийн намын тухай хууль сайн үр дүн авчирна хэмээн харж байна.
Монгол Улс шиг газар нутаг өргөн уудам, баялаг ихтэй, хүн ам цөөн оронд чөдөр тушаа болж байгаа зүйл нь улстөрийн намуудтай холбоотой. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30 орчим жил, анхдугаар Ардчилсан үндсэн хуулийнхаа хүрээнд явж ирлээ. Сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хууль болон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тогтолцооны өөрчлөлт хийгүй бол бидэнд ахиц гарахгүй нь. Тиймээс энэ хууль дээр тал талаасаа хариуцлагатай хандах шаардлагатай байна.
Орон нутагт хэт улстөржиж байна гэдэг үнэн. Үүнээс болоод дээр гарч байгаа шийдвэрүүд дунд, анхан шат дээрээ очоод ажил болдоггүй. Нэгнийхээ ажилд чөдөр тушаа болж байна.
Орон нутагт 1800 төрийн албан хаагч дутагдалтай байна. Нөгөө талд нь нөгөө талыг нь дэмждэггүй үзэл баримтлалтай хүмүүсийг ажилд авдаггүй байх жишээний. Тэр байтугай ах дүү, хамаатан садан, гэр бүл дотроо улс төржиж байна.
- Хатуу гишүүнчлэлийн асуудал улстөрийн намын тухай хуульд хэрхэн орж байна вэ?
- Улстөрийн намын бүртгэлийн асуудал энэ хуульд хэрхэн тусгагдав?
- Улстөрийн намын тамга тэмдэгтэй холбоотой заалт тус хуульд байна уу?
- Улстөрийн намын тухай хуульд намуудын жагсаалт гаргахтай холбоотой шүүлт дээр нь заалт байна уу?
Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулт өглөө.