Анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2025.05.30

Анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Өчигдөр /2025.05.29/ анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ. 24 сарын хугацаанд 13 мянган айлын цогц орон сууцны төсөл хэрэгжүүлэх юм.

Хотын дарга Х.Нямбаатар "Бид зорьсон хугацаандаа ажлаа амжуулж, хотынхоо хойд бүсийн агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийднэ. Төрийн болоод нийгмийн үйлчилгээ нь хүртээмжтэй, тав тухтай, аюулгүй, цэвэр орчин цогцлоохын төлөө төлөвлөлт хийсэн. Нийт талбайн 60 хувь нь барилгажих бол үлдсэн 40 хувьд нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байх юм" гэв.

УИХ Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг баталсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчныг бэхжүүлсэн юм.

Үүний дараа газар чөлөөлөх ажил эхэлж, олон улсын зах зээлээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрийг бэлдсэн байна. Зураг төсөв, ТЭЗҮ-ээ эцсийн байдлаар боловсруулан ийнхүү барилгын ажлаа эхлүүлж байна. Энэ богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулсан баг хамт олонд талархал илэрхийлмээр байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна хэмээн арга хэмжээг нээх үеэрээ Хотын дарга онцлов.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, Н.Батсүмбэрэл Хотын даргын орлогчоор ажиллаж байсан Н.Мандуул, Л.Хосбаяр, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, НОСК-ийн захирал М.Говьсайхан, одоо миний орлогчоор ажиллаж байгаа Т.Даваадалай, А.Амартүвшин гээд олон хүний хүч хөдөлмөрөөр өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эхэлж байна гэв.

Мөн Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан.

Энд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэж байгаа. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна.

Сэлбийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчимд өнөөдөр ерөнхий боловсролын 3 сургууль хичээллэж байгаа. Үүн дээр нэмээд гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд 5 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын циркийг энд байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг хэлье хэмээн тодотгов.