2025.04.10

Н.Алтаншагай: Зах худалдааны төвүүд дээр "өдрийн зээл" нэртэй мөнгө хүүлэлт явагддагийг зохицуулж байна уу?

 Улсын Их Хурлын /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ -ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Энэ хууль батлагдсанаар зээлдэгчдийн зээлжих зэрэглэлийг тогтооно гэж ойлгож байгаа. Тус зэрэглэлийг тогтоосноор зээлийн хүртээмж хэдэн хувь, хэрхэн яаж нэмэгдэх вэ? Иргэд банкны зээлийн хүртээмж муу, шаардлага өндөр байгаагаас шалтгаалж ББСБ, ломбардаас өндөр хүүтэй зээл авдаг. Өрнөөс өрний хоорон, орон байр, хашаа байшингаа алдах тохиолдлууд маш ихээр гарч байна. Хуулийн өөрчлөлтөөр ББСБ болон ломбардтай холбоотой ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Мөн өдрийн зээлийн асуудал байна. Зах худалдааны төвүүд дээр мөнгө хүүлэлт явагдаж байна. Аман байдлаар тохиролцдог. 7 хоног сарын хугацаатай зээлдүүлдэг. Хүү нь маш өндөр. Худалдаа эрхлэгчид маань өөрсдөө авч хэрэглэж маш өндөр хүү төлж байгаа. Энэ асуудалд ямар зохицуулалт хийх вэ? Цахим зээлийн асуудал давхар яригдаж байна. Маш их материал бүрдүүлж авдаг. Залуус  ихээр ашиглаж байна. Өрнөөс өрний хооронд, банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлээ цахим зээл авч нөхдөг. Энэ тал дээр Монголбанк ямар нэгэн бодит шийдвэр гаргаж ажиллаж байна уу? ББСБ, ломбард, өдрийн зээлийн асуудлуудыг хэрхэн зохицуулж байна вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар хариуллаа.