Салбар бүрийн тэргүүний ажилтнуудыг шагналаа
2023.02.20

Салбар бүрийн тэргүүний ажилтнуудыг шагналаа

“Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Сар шинийн баярыг угтан  улс, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа эзэн болж, амжилттай, үр бүтээлтэй ажилласан салбар бүрийн шилдэг ажилтнууд болон нийслэлийн албан хаагчдыг шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө гардуулав.

НИТХ-ын хүндэт тэмдгээр шагнуулсан Галхүүгийн Цэрэндэжид гуай сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Миний бие өдгөө 84 насыг шүргэж явна. Анх 1957 онд нийслэл Улаанбаатар хотод ирж байлаа. Тухайн үед Гадаад харилцааны яамны барилга л хамгийн өндөр нь байв. Бас “Улаанбаатар” зочид буудлын дөрвөн давхар барилгыг хараад “Ямар өндөр барилга вэ” гэж бодож байсан даа. Тийнхүү Монгол кино үйлдвэрт 32 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш дахин 32 жил өнгөрсөн байна. Монгол кино үйлдвэрт баримтат кино, мэдээний эвлүүлэгчээр ажилладаг байлаа. Ах маань гэрэл зурагчин байсан болохоор энэ мэргэжлийг илүү сонирхож, дурласан. Тухайн үед социалист орны төлөөлөгчид айлчлал их хийдэг байлаа. Гурван хоногийн хугацаатай айлчлал хийлээ гэж бодоход ирсэн цагаас нь буцсан үе хүртэлх бүх мэдээг эвлүүлж, түгээдэг байв. “Үнэн” сониныг бүтэн жил захиалж унших эрхээр ч шагнуулж байлаа. Өнөөдөр ч мөн шагнал авсандаа баяртай байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр шагнуулсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Далай багачууд” цэцэрлэгийн багш Ц.Энхтуяа “Би цэцэрлэгтээ багшаар найм дахь жилдээ ажиллаж байна. Анх мэргэжлээрээ сурч байхдаа тийм ч дуртай байгаагүй. Харин ажлын байранд гараад “Хөөх, ийм гоё ажил байсан юм уу” гэж бодсон. Хүүхдүүдтэй ажиллахад үнэхээр гэгээлэг, хайр дүүрэн мэдрэмжийг өдөр бүр авдаг. Хүүхдүүдээ хараад л инээж баясаад, бүхий л жаргал, зовлонгоо мартах шиг л болдог. Сая шагнал аваад, “Цаашид улам илүү хичээн ажиллана даа” гэж бодогдлоо. Ажлын хамт олондоо, нийт монголчууддаа Сар шинийн баярын мэнд хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ийнхүү НИТХ-ын хүндэт тэмдгээр нэг, Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр найм, Нийслэлийн Тэргүүний ажилтнаар долоо, Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр 15 иргэнийг, мөн Тэргүүний уурхайчин, Хөдөлмөрийн тэргүүний ажилтныг тус тус шалгаруулан, шагнасан юм.