2023.01.13
"Содон" хороололд шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо Содон хорооллын 316 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.13/ боллоо. Тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 63 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны эхний хагас жилийн хугацаанд таван цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөө гарсан бөгөөд тэдгээрийн нэг нь 316-р цэцэрлэг юм. Тодруулбал, 10,28 дугаар хороонд 150, 16-р хороонд 200, 31-р хороонд 250 хүүхдийн ортой цэцэрлэгүүд тус, тус ашиглалтад орох юм.
Тус цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 343 хүүхэд, 45 багш ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүрэгт 2009-2021 оны хооронд 31 цэцэрлэг, 10 өргөтгөлийн барилга шинээр баригдсан ба хүүхдийн орны тоо 5820-оор нэмэгдсэн бол 2022 онд 2 цэцэрлэгийн барилга, 3 өргөтгөл ашиглалтад орж нийт 1445 ороор нэмэгдэж 63 цэцэрлэг 20091 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Мөн дүүргийн хэмжээнд 150, 200, 240, 280 ортой нийт 25 цэцэрлэгийн барилга он дамжин баригдаж байгаа бөгөөд 11, 14, 16, 19, 22, 23, 25, 27, 28, 29, 31, 33, 34, 36, 37, 40, 42, 43 дугаар хороодод 0-100 хувийн гүйцэтгэлтэй барилгын явц үргэлжилж байгаа аж.