СХД-ийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо.
Ингэснээр дүүрэг хэвтэн эмчлүүлэх 800 гаруй ортой болж, Толгойт, Баянхошуу, Төвийн бүсүүд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэхээр болж байна.
Тус “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилга бүрэн ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээгээр иргэдийг хүлээн авч үйлчлэх юм.
Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.12.21/ болж, дүүргийн засаг дарга Н.Алтаншагай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан болон ДИТХ-ын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр өргөтгөлийн дотоод зохион байгуулалт, хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлага болон бусад албан хаагчдад ажил хөдөлмөрийн амжилт хүслээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зориулалтын байр, талбай, цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, хэвтүүлэн эмчлэх тасаг иргэдийг хүлээн авч үйлчилж байна.
Тухайлбал, шинэ өргөтгөлд
- Мэдрэлийн эмгэг судлалын тасаг
- Дотрын эмгэг судлалын тасаг
- Мэс заслын тасаг
- Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Эрүүл мэндийн төвийн үзлэгийн блок нэмэгдэж, яаралтай тусламжийн 10 ортой боллоо.
Өмнө нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэд дугаарлан, хүлээлт үүсдэг байсан бол энэхүү байдал багасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай, найдвартай хүргэх боломж бүрдлээ. Мөн шинээр 25 ортой ерөнхий мэс заслын тасгийг нээж, мухар олгой авах, цөсний хүүдий авах мэс засал, эвэрхий засах мэс засал зэрэг 20 гаруй мэс заслыг эрүүл мэндийн төвд хийж үйлчлэх юм.
Түүнчлэн эмнэлгийн ачаалал хоёр дахин буурч, иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах боломж нэмэгдлээ.