Баянзүрх дүүрэг "Хүүхэд түр хамгаалах байр"-тай болно
2022.12.12

Баянзүрх дүүрэг "Хүүхэд түр хамгаалах байр"-тай болно

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VIII хуралдаан болж өндөрлөлөө.

Энэ удаагийн хуралдаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, ИТХ-ын дарга А.Баяр болон харьяа алба, хэлтсүүдийн дарга нар оролцлоо.

Хуралдаан 93,02 хувийн ирцтэйгээр эхэлж

  1. Төрийн дээд шагналд уламжлах тухай
  2. Богдхан уулын дархан цаазат газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчоо, Хүрхрээ орчмын газрыг тусгай хамгаалалтаас гаргах тухай
  3. Түр хамгаалах байр байгуулах тухай
  4. Хороодын Хамтарсан багт санхүүжилт олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Эдгээр асуудлыг намын бүлгүүд болон хурлын хороод өмнө нь хэлэлцсэн. Энэ хүрээнд санал дүгнэлтээ намын бүлгийн дарга нар болон хурлын хороодын дарга нар уншиж танилцуулсан юм.

Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр танилцуулсан.

Баянзүрх дүүргээс төрийн дээд шагналаар шагнуулахаар 340 иргэний материал ирсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргээс төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонт байгууллага цолоор шагнуулахаар 1, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар 1, гавьяат эмч цолоор шагнуулахаар 5, гавьяат багш цолоор шагнуулахаар 4, шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор шагнуулахаар 27 хүн материалаа ирүүлснийг хянаад ДИТХ-аар дэмжүүлэхээр танилцуулж Төлөөлөгч нарын олонх нь дэмжлээ.

Богдхан уулын дархан цаазат газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчоо, Хүрхрээ орчмын 93 га газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, Хонхор нуурын баруун урд талд байрлах 93 га газар нутгийг улсын хамгаалалтад авах асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны дарга Д.Бат-Өлзий танилцуулав.  төлөөлөгч нарын олонхыг саналаар дэмжиж тогтоолын төслийг баталсан.

Түр хамгаалах байх байгуулах тухай асуудлыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлсийн дарга Ц.Үүрцайх танилцуулж, Төлөөлөгч нарын олонх нь дэмжлээ.

Хороодын Хамтарсан багт санхүүжилт олгох тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан танилцуулав. Уг асуудлыг хуралд оролцсон Төлөөлөгч нар бүгд дэмжиж, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хэргийг багасгахад энэхүү санхүүжилт нь үр нөлөөтэй хэмээн үзлээ.

Хэлэлцсэн асуудлаас онцолбол, Баянзүрх дүүрэг хүүхдийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр Хүүхэд түр хамгаалах байр байгуулах, Хамтарсан багт санхүүжилт өгөх асуудал байлаа.

Баянзүрх дүүрэгт анх удаа Хүүхэд түр хамгаалах байр байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хорооллын эзлэх хувь өндөр гэдэг утгаараа хүүхдийн хүчирхийллийн дуудлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Гэтэл Баянзүрх дүүрэг өмнө нь Хүүхэд түр хамгаалах байргүйгээс 108 дуудлагын төвийн байрыг ашиглаж байсан ч засварт орж бусад дүүргийн хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээ хувааж байрлуулах зэргээр асуудлаа шийдвэрлэсээр ирсэн. Тиймээс дүүргийн төсвийн хөрөнгөөр 1800 мкв байрыг худалдан авч, засварласан. Одоо тухайн байранд ажиллах орон тоо, шаардлагатай урсгал засвар, төсөв хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг ДИТХ-ын Төлөөлөгч нарын олонхын саналаар дэмжиж шийдвэрлэлээ.

Мөн Хороо бүр дээр Засаг даргаар ахлуулсан нийгмийн ажилтан, цагдаа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй Хамтарсан баг үйл ажиллагаа явуулдаг. Энэ баг нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг.

Эдгээр мэргэжилтнүүд 108 утасны дуудлагаас гадна далд хэлбэрээр гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг илрүүлэх чиглэлээр мөн үйл ажиллагаа явуулдаг.

Хүчирхийлэл үйлдэгдсэн айл өрхүүдээр явж ажиллахаас эхлээд шатахуун, тайлан гаргахад шаардлагатай бичгийн цаас, утасны нэгж зэргийг шийдвэрлэх санхүүжилтийг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг Төлөөлөгч нар гаргаж, энэхүү асуудлыг дэмжсэн нь хүүхэд хамгааллын чиглэлээр хийж буй бодит ажил гэдгийг онцоллоо.